Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд яригддаг нэг асуудал нь их, дээд сургуулиудын сургалтын төлбөр. Манай улсын хэмжээнд нийт 180 гаруй их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаагаа явуулж байна. Хичээлийн шинэ жил эхлэхэд сар гаруйн хугацаа үлдээд байгаа энэ үед сургалтын төлбөрийн асуудлаар сонирхлоо. Өнгөрсөн намар Монголын оюутны холбооныхон сургалтын төлбөрийг намар биш хавар хичээл, сургууль амрахаас нь өмнө шийддэг байя гэсэн санаачлагыг гаргасан нь энэ хичээлийн жилээс ажил хэрэг болж байгаа юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын мэдээлснээр бол өнгөрсөн тавдугаар сарын байдлаар байдлаар аль нэг их, дээд сургууль төлбөр нэмэгдүүлэх тухай албан бичиг ирүүлээгүй байна. Хэрэв аль нэг их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх бол зургаадугаар сарын 15-наас өмнө ШӨХТГ-т мэдэгдэж, олон нийтэд мэдээлэх ёстой байсан. Гэсэн ч энэ талаар ямар нэг албан бичиг ирээгүй тул энэ жил их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт өөрчлөлт орохгүй гэж ойлгож болно. Хэрэв их, дээд сургуулиуд албан бичиг ирүүлээгүй хэрнээ сургалтын төлбөрөө нэмбэл ШӨХТГ-аас зохих арга хэмжээг авах юм.
Боловсролын яамны Олон нийттэй харилцах мэдээллийн бодлого зохицуулагч Д.Цогзолмаагаас энэ талаар тодруулахад “Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт яамны зүгээс оролцоо байдаггүй. Харин их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхээр бол манайд мэдэгддэг. Одоогоор аль нэг их, дээд сургуулиас төлбөр нэмэх талаар албан бичиг ирүүлээгүй байна. Төлбөрөө нэмэхээр бол сургуулиуд наймдугаар сарын сүүлчээр мэдэгддэг” гэсэн юм.
Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард МУИС, ШУТИС, АШУҮИС-ийн захирлуудаас энэ талаар тодруулахад сургалтын төлбөрөө нэмэхгүй байх боломжийг судална гэж байсан юм.
ШУТИС-ийн захирал Б.Очирбат “Манай сургууль инженерийн боловсрол эзэмшсэн тухайн төгсөгчдөд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, үйлдвэрлэл эрхэлж, компани байгуулаад явах бүрэн боломжийг нь бид оюутнууддаа бүрдүүлж өгөх чиглэлд олон өөрчлөлт хийж буй. Үр өгөөжөө өгөх байх гэж бодож байна. Харин төлбөрийн асуудлыг бид хараахан ярьж эхлээгүй байна. Ямар ч гэсэн тооцоо хийж үзэж байна. Аль болох нэмэгдүүлэхгүй байх боломжийг судална” гэсэн юм.
Харин АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар “Манай сургуулийн эрхэм зорилго бол Ази, номхон далайн баруун бүсийн шилдэг 100 сургуулийн нэг болох. Ямар ч гэсэн 2024 онд гэхэд бид зорилгодоо хүрчих болов уу гэж найдаж байна. Энэ жилийн инфляцын төвшинг хоёр орчим хувьтай гээд байгаа. Саяхан бид Удирдах зөвлөлийнхөнтэйгөө сургалтын төлбөрөө нэмэхгүй байвал яасан юм бэ гэж ярьсан. Энэ асуудлынхаа дагуу судалгаа хийж байна. Одоогоор дүн нь гараагүй байна. Улс орон санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед бид боломжийнхоо хэрээр төлбөрөө нэмэхгүй байх бодлого барьж байна” гэсэн юм.
Мөн МУИС-ийн захирал, доктор Р.Бат-Эрдэнээс энэ талаар тодруулахад “Энэ жилийн хувьд манай сургуулийн сургалтын төлбөрт өөрчлөлт орохгүй байх” гэсэн юм. Мөн тус сургуулиас "МУИС-ийн удирдах зөвлөлийн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн хурлаар 2016-2017 оны хичээлийн жилд мөрдөгдөх сургалтын үйлчилгээний зардал, сургалтын төлбөрийг баталлаа. МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт өөрчлөлт ороогүй болно" хэмээн мэдэгдсэн юм.
Өнгөрсөн жилийн хувьд МУИС 2-4 дүгээр курст суралцах оюутнуудынхаа төлбөрийг инфляцтай уялдуулан 12 хувиар нэмсэн бол шинээр элсэгчдийнхээ сургалтын төлбөрийг 30-40 хувиар нэмэгдүүлсэн. Харин МУБИС 2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр курсийн оюутны сургалтын нэг кредитийн үнэлгээг 15 хувиар, 2-4 дүгээр курсийн оюутны сургалтын нэг кредитийн үнэлгээг 16.6 хувиар нэмсэн бол ШУТИС-ийнхан нэгдүгээр курсийнхний сургалтын төлбөрийг 25 хувиар, хоёр, гурав, дөрөв, тавдугаар курсийнхнийг 10 гаруй хувиар нэмэгдүүлсэн. АШУҮИС-ийн хувьд сургалтын төлбөрөө 9-25 хувиар нэмэгдүүлсэн байдаг.