Open iToim app
Чөлөөт цаг | 4 мин уншина

Монгол хүний заавал үзэх байгалийн цогцолбор НАЙМАН газар

Монгол хүний заавал үзэх байгалийн цогцолбор НАЙМАН газар
Нийтэлсэн 2017 оны 6 сарын 24
Монгол оронд минь зуны дэлгэр цаг айлчлан ирж, хүүхэд багачуудын сургууль, цэцэрлэг амарч, амралт зугаалгын улирал эхэлжээ. Уншигч та бүхэн энэ зун хаашаа зугаалахаа мэдэхгүй, судлаагүй байгаа бол манай iToim агентлагын бэлтгэж буй аяллын маршрутын мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Амралтын өдөрт зориулж Монгол орныхоо үзэсгэлэнт, байгалийн дурсгалт газруудтай танилцаж аялалаа төлөвлөөрэй. Энэ удаа төрийн тусгай хамгаалалтад авсан байгалийн цогцолбор газруудын мэдээлэл болон замын маршрутыг хүргэж байна.
АЛТАЙ ТАВАН БОГД

Улаанбаатар-Алтай Таван Богд-Улаанбаатар чиглэлд ойролцоогоор 4600 гаруй км замыг туулж хүрдэг байна.
Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль янгир, марал буга зэрэг хөхтөн хойлог, тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нутаг ажээ.  Алтай таван богд нь Монгол Алтайн нурууны баруун захад оршдог. Хотон, Хурган, Даян, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай сав нь өндөр уулсаар хүрээлэгдэн Монгол Алтайн нурууны уулархаг их мужийн өндөр уулын бүсэд оршино.
Монгол Улсын хамгийн өндөр цэг болох Хүйтэн оргил энэ ууланд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 4374 метр өндөр юм. Хамгийн нам цэг нь Хурган нуур бөгөөд 1800 метр болно. 
ГОВЬ ГУРВАН САЙХАН

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг, говь цөлийн бүсийн нутагт орших Зүүн сайхан уулын Ёлын-Амны өвөрмөц сайхан тогтоц, үзэсгэлэнт сайхан байгальтай. Улаанбаатар хотоос уг байгалийн дурсгалт газрыг зориход 600 орчим км замыг туулна.
Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамаарна. Гурвансайхны нуруу нь цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох бөгөөд Хамгийн өндөр нь Зүүнсайхан уул юм. Хамгийн өндөр оргил нь дайлайн төвшнөөс дээш 2846 метр юм. Сэврэй уул 2548 метр, Зөөлөнгийн нуруу 2350 метр бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой. 
ТЭРХИЙН ЦАГААН НУУР

Архангай аймгийн Тариат сумын нутагт Цэцэрлэг хотоос 180 километр зайд, Тэрхийн цагаан нуурын хөвөөнд орших хожуу унтарсан хүрмэн чулуун галт уул бөгөөд 8 мянган жилийн өмнө оргилж байгаад унтарчээ. Далайн төвшнөөс дээш 2210 метр, Хорго хавийн хүрмэн хад асга, ангал, хавцал гайхам сонин тогтоцтой, агуй, хонхор гүдгэр зэрэг нь нуугдаж хоргодох газар олон байдаг. Хамгийн хойд захад нь Хоргын тогоо байх бөгөөд тогооны өрх хөндлөнгөөрөө 200 метр, гүн нь 70-80 метр, 30-36 хэмийн налуутай. Ар болон амсраар нь хуш, шинэсэн ойд ургадаг бөгөөд цэцэг жимсээр элбэг гэнэ. 
Хоргын тогооны халуун хайлмал чулуу урсаж байхдаа мушгирч атиралдан царцаж уур хийнд үлээгдэн дээшээ овойж гэр шиг хэлбэртэй болсон байна. Энэхүү гэр нь цоорхой тоонотой, хажуудаа хаалга үүдтэй 10 гаруй агуйг үүсгэсэн байдаг учраас нутгийнхан түүнийг чулуун гэр гэдэг. Хоргын тогооноос гадна Гичгэний баруун зүүн тогоо, Өлийн тогоо, Цагаан уул, Залаа толгой, Мандлын тогоо, Шаврын царам зэрэг 33 галт уул бий. 
ХУСТАЙН НУРУУ

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт Улаанбаатараас баруун тийш 80 километрт оршдог. Баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон нуруу. Дунджаар 1500-1700 метр өндөр. Хамгийн өндөр цэг нь Хөшөөт уул бөгөөд 1842 метр. Хамгийн нам цэг нь 1190 метр өндөр Тариатын булаг. Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул юм. Баян, Эхэн-Ус, Алтганат, Мойлт, Уртын ам, Шувуун ам зэрэг газруудаар 10 гаруй цэнгэг уст горхитой.
ТУЖИЙН НАРС Тужийн нарс хэмээх байгалийн цогцолбор газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг бөгөөд гал түймрийн аюул, ашиг хонжоо хайгчдын гарт өртөн нэлээд сүйджээ. Сүүлийн жилүүдэд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд 40-50 хувь нь байгалийнхаа аясаар сэргэн ургажээ. Тужийн нарс нь байгалийн зүй тогтоцын хувьд өвөрмөц бөгөөд Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог байна.
ХАР УС НУУР

Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 1153 ам километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Их нууруудын хотгорын бүлэг нууруудын дотор далайн төвшнөөс дээш 1157 метр өндөрт орших цэнгэг устай, урсгал нуур юм. Хэдийгээр том талбайтай боловч маш гүехэн нуур бөгөөд хамгийн гүн нь 4.4 метр, дундаж гүн нь 2 метр байдаг.  Жуулчид Хар ус нуурыг “газрын диваажин” хэмээн шагшин магтдаг билээ.
ХАН ХӨХИЙ-ХЯРГАС НУУР

Хангайн нурууны хамгийн баруун талын салбар уулс болох Хан Хөхийн нуруу, нөгөө талаас Хяргас, Айраг нуур, Завхан Хүнгүй голуудын адаг тэдгээрийн эргэн тойрны цөлөрхөг гандуу хуурай орчныг хамарсан нутаг юм. Байгалийн эрс тэс хэв шинж тод ялгаран хосолсон бүс юм. Хан хөхийн нуруу нь байгалийн өвөрмөц хослол бүхий газар бөгөөд ховор ургамал, ан амьтан, түүхийн дурсгалт зүйлс ихтэй. Хан Хөхийн нуруу нь Хангайн нурууны баруун төгсгөл боловч хотгорын нөлөөнд өмнөд хажуу нь нэлээд автсан учраас Хангайн нурууны газарзүйн нийтлэг төрхөөс ихээхэн ялгаатай. Уулын ар хажууд нуга, тайга, ойт хээр тархсан байхад, өмнөд хажууг нь хуурай хээр бүрхсэн байдаг. Энэхүү янз бүрийн хослол нь Хан хөхийн нуруунд экологийн өвөрмөц орчинг бүрдүүлдэг төдийгүй байгалийн биеэ даасан мужийг үүсгэдэг онцлогтой. Уур амьсгалын онцлогтой уялдан Хан хөхийн нуруунд хөрс ургамалжилтын бүслүүрийн өвөрмөц хэв шинжүүд бүрэлдэн тогтжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн