Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Монгол-Хятадын экспо хоёр дахь удаагаа нээгдлээ

Монгол-Хятадын экспо хоёр дахь удаагаа нээгдлээ
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 27
“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо”2017 оны есдүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод нээгдсэн байна. Үргэлжлээд  26-30-ны өдрүүдэд Хөххотод болох “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо”-гийн хүрээнд үзэсгэлэн яармаг, хурал, форум, худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг, соёл спортын солилцоо зэрэг 4 үндсэн чиглэлийн 22 томоохон арга хэмжээ зохиогдох аж.
Уг арга хэмжээний нээлтийн ажиллагаа болон “Монгол-Хятад-Оросын хамтын ажиллагааны өндөр түвшний форум”-д Монгол Улсын БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар үг хэлж, Монголын төлөөлөгчдийн үндсэн илтгэлийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тавьсан бол Хяталын талаас ӨМӨЗО-ны Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Жихөн, БНХАУ-ын Худалдааны яамны туслах сайд Ли Чөнган зэрэг албаны хүмүүс үг хэлсэн байна.

Монгол Улсын БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар Монгол-Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын тууштай бодлого болохыг нотлож, Монголын ”Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба Зам” стратегитай уялдуулах тухай Санамж бичиг болон “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нь гурван улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, ард иргэдэд бодит үр өгөөжөө өгнө гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт”-ыг урагшлуулах нь гурван улсын төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжилд тустай болохыг онцлон тэмдэглэсэн байна.

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан 32 томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол, Хятад, Орос болон бусад орны хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүд, олон улсын санхүүгийн байгууллагуудын оролцоо нээлттэй байгааг хэлсэн. Мөн манай улсын эдийн засагт гарч буй нааштай өсөлт, хандлагуудыг бэхжүүлэн тогтвортой хөгжлийн замд баттай ороход хөрш орнууд, бүс нутгийн орнуудтай олон талын болон хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь чухал үүрэг хэмээжээ.
Эх сурвалж: ГХЯ
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн