“Торгоны замын ач холбогдол” сэдэвт Хятадын гадаад хөрөнгө оруулалтын 4 дэх удаагийн форумыг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монголын талаас Засгийн газрын гишүүн, Зам тэврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Шадар сайдын ажлын алба, Гадаад хэргийн яам болон бусад яам, агентлаг, МҮХАҮТ-ын төлөөлөгчид, бизнесийн байгууллагуудын 100 гаруй төлөөлөгчид оролцсон юм. Тус форумыг Монголын талаас Засгийн газрын гишүүн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ахалж, хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагаа, ач холбогдлын талаар танилцууллаа.
Тэрээр БНХАУ-ын Засгийн газар Төв болон Зүүн өмнөд Азийг бусад бүс нутгийн орнуудын өргөн хүрээг хамарсан дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх, эрчим хүчний хөгжил, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой Торгоны зам сан байгуулсан явдал нь орчин үеийн дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа, интеграцын үйл явцад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолсон юм.
Ташкент хотноо 2016 оны зургадугаар сард болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтаар дэлхийн хамгийн том хоёр тивийг холбосон Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөр нь гурван улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хамтын ажиллагааг хамарч байгаа бөгөөд, гурван улсыг холбосон зам, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудал гол байр суурийг эзэлж байна. Цаашид “Эдийн засгийн коридор”-ийг хөгжүүлэхэд суурь үндэс болох бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэнцвэржүүлэх нэгдсэн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа ийнхүү Монголын талаас илэрхийллээ.
“Торгоны замын ач холбогдол” сэдэвт Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын уулзалтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий захирал И Иньпан, Торгоны замын сангийн Ерөнхийлөгч Ван Янжи нартай уулзаж санал солилцлоо.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 1.7 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж ажилласан талаараа уулзалтын үеэр онцолсон юм. Мөн Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үүднээс дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэхүү уулзалтын үеэр Монгол-Хятад-Орос гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд 32 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс 8 нь төмөр замтай холбоотой бөгөөд эдгээр төсөл хөтөлбөрүүдийг ойрын хугацаанд эхлүүлж, эрчимжүүлэх талаар танилцууллаа. Үүний тулд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал шаардлагатай байгаа тул энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.