Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны дараах баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.
- Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын 2016 онд олгох 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн солилцох захидал
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын 2016 онд олгох 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн солилцох захидал Худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээр
- Шивээ-Овоо төслийн ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпораци хоорондын гэрээ
- Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр
- Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр
- Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын санамж бичиг
- Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газар хоорондын хэлэлцээр
- Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банк хоорондын хэлэлцээр зэрэг баримт бичигт гарын үсэг зурлаа.
БНХАУ-ын дарга Си Зиньпин "Хятад Монгол бол сайн хөрш, сайн анд, сайн түнш юм. Одоогоор хоёр орны харилцаа хөгжлийн хамгийн сайхан үедээ байна. Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжил хоёр орны хамтын ашиг сонирхолд нийцэж байгаа болохоор хоёр орны ард түмний дэмжлэгийг хүлээж байна. Хоёр орны харилцааны хөгжлийг Хятад улс дээд хэмжээнд чухалд үздэг, мөн хоёр орны харилцааг Хятадын эргэн тойрны дипломат харилцааны чухал байранд тавьсаар ирсэн. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Хятад улс хүндэтгэх бөгөөд Монголын ард түмний өөрийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Хятад улс чин үнэнч, багтаамжтайгаар хоёр орны харилцааны хөгжлийг уламжлан хөгжүүлэх бөгөөд харилцан ашигтай хамтаар хожих зарчмын дагуу Монголын талтай ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэх болно" гэж онцолжээ. Түүнчлэн тэрээр Хятад, Монгол, Орос гурван орон зөвшилцөл, хэлхээ холбоогоо эрчимжүүлж байгааг сайшааж байгаа бөгөөд гурван орон нэн даруй эдийн засгийн коридорын төлөвлөгөөний хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай байна. 2016 оны Ази Европын тэргүүн нарын хурлыг Монгол улс зохион явуулахыг Хятадын тал идэвхтэй дэмжинэ. Томоохон асуудлаар Монголын талтай үргэлжлэн хэлхээ холбоотой байж, хамтын ажиллагаа өрнүүлэн, хамтаар бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал, дэлхийн энх тайван, шударга ёсыг хамгаалахад бэлэн байна гэж онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж "Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааг хөгжүүлэхийг Монголын тал сайшааж байна. Тэрчлэн энэ удаагийн айлчлалаар хоёр орны харилцааны хөгжлийг цаашид ахиулахыг хүсэж байна. Монгол Хятадын найрсаг харилцааны хөгжлийг Монгол улсын дипломат бодлогынхоо тэргүүлэх чиг хандлага болгож, Хятадын талтай хууль зүй, батлан хамгаалалт, энхийг сахиулах хүчин зэрэг олон салбарын хэлхээ холбоогоо бэхжүүлж, харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна. Мөн Хятадын талтай хөдөө аж ахуй, мал аж ахуй, амьтан ургамлын хорио цээр, хяналт шалгалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж байна. Хятад Оросын гурван талын хамтын ажиллагааг Монгол улс чухалд үзэж байгаа бөгөөд Хятадын талтай байнга хэлхээ холбоо, зөвшилцөл хийхэд бэлэн байна" гэж онцолжээ.