Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 15-наас онлайнаар орон даяар эхэлсэн. Бүртгэл энэ сарын 15-наас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цагт дуусах юм байна.Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийг 36207 сурагч төгсөх бөгөөд өнгөрсөн жилийн төгсөгч нартай нийлээд энэ жил ойролцоогоор 40 мянга орчим сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх аж. Өнгөрсөн жилээс эхлэн Засгийн газрын 37-р тогтоолын дагуу их дээд сургууль, коллежид элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгдөг болсон билээ. Монгол хэл, бичгийн шалгалтад 400 оноо авах ёстой бөгөөд их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч бүр Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө. Тодруулбал, монгол хэл, бичгийн шалгалт нь бусад шалгалтад орох эрхийг үүсгэх юм. ЭЕШ-д бүртгүүлсэн хүмүүсийг монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлийг Боловсролын үнэлгээний төв автоматаар хийх юм. Өнгөрсөн жил монгол хэл, бичгийн шалгалтыг гуравдугаар сард авч байсан бол энэ жил ЭЕШ-ын эхний өдөр зохион байгуулахаар болжээ. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 10-20-ны хооронд зохион байгуулах юм байна. Харин одоогоор шалгалтын хувиар гараагүй байна. ЭЕШ-ын хариултын хуудасны загварыг өөрчилж байгаа бөгөөд хариултын хуудсыг бөглөхдөө балын харандаагаар бөглөх болжээ. ЭЕШ-ын засалтад олон улсад ашиглагдаж буй сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий засагч машиныг энэ жилээс эхлэн хэрэглэх гэж байгаа учраас балын харандаагаар шалгалтын хуудсыг бөглөх юм байна. Мөн БСШУЯ-ны статистик мэдээллийг үндэслэн энэ жил 12-р анги төгсөгчдийн мэдээллийг ЭЕШ-ын онлайн бүртгэлийн программд регистрийн дугаараар оруулжээ. Энэ жил төгсч байгаа шалгуулагчид регистрийн дугаараа эхэлж оруулахад өөрийн хувийн мэдээлэл автоматаар гарч ирнэ. Өөрийн хувийн мэдээллийг нягталж шалгаад цааш нь бүртгэлийг үргэлжлүүлэх боломжтой юм байна. Мөн монгол хэл, бичиг болон ЭЕШ-д орохын өмнө өөрийн бүртгүүлсэн нууц үгээрээ нэвтрэн суудлын хуваариа хэвлэж аван хаана шалгалт өгөхөө мэдэх юм. Энэ жил нэг хичээлээр шалгалт өгөхөд 5800 төгрөг бөгөөд батламж хуудас 700 төгрөг байх аж.