Open iToim app
Тэд бидний тухай | 4 мин уншина

​Монгол Улс энэ хурдаар явбал 2080 онд элсэн цөл болно

​Монгол Улс энэ хурдаар явбал 2080 онд элсэн цөл болно
Нийтэлсэн 2016 оны 5 сарын 23

Курчатовын нэрэмжит Судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Зоригт Намсараев 2050 оны дэлхийн экосистем ба түүний таамаглалын талаар лекц уншсан байна. Түүний хэлснээр дэлхийн дулаарал болон бусад хүчин зүйлээс болж хамгийн хурдацтай цөлжиж байгаа газар нутгийн нэг нь Сибирь аж. Ялангуяа Сибирийн өмнөд хэсгээр цөлжилт тун хурдацтай тархаж байгаа бөгөөд энэ нь тус бүс нутгаар гал түймрийн гаралтыг ихэсгэж, ургамлын ургах хугацааг хойшлуулж байгааг дурджээ. Үүний хамгийн тод жишээ нь 2015 онд тус бүс нутагт орших улсуудад гантай зун болсноор харж болох аж. Тухайлбал, Буриад улсын нутаг дэвсгэрт ургамлын өнөөгийн байдал өмнөх таван жилийнхээс мэдэгдэхүйц ялгаатай болж эхэлжээ. Хуурайшилт, цөлжилт энэ хэвээр үргэлжлэх юм бол одоогоос хэдэн арван жилийн дараа Якутын нутаг мөн цөлжиж, Монгол шиг ихэнх нь цөл газар болно хэмээн илтгэлд дурджээ. Өөрөөр хэлбэл Монголын газар нутгийн ихэнх нь цөл газар болоод байгаа аж.
Түүнийг яагаад Монголын газар нутгийг цөлжилтийн жишээ болгон тайлбарласныг судлан үзсэн юм.
Сүүлийн 60 жилийн агаарын дундаж температур Монголд дэлхийн дулаарлын төвшнөөс бараг гурав дахин их буюу 2.1 хэмээр нэмэгдсэн байна. 2010-2039 онд 1.37 болох төлөвтэй аж. Температур 1.5-2.5 хэмээр нэмэгдэхэд биологийн төрөл зүйлийн 20-30 хувь нь мөхөх аюултай гэдэг. Хур тунадасны горим өөрчлөгдсөний нөлөөгөөр говь, хээрийн зааг бүс нутгаар ургамлын ургаж эхлэх хугацаа 1980 оныхтой харьцуулахад бүтэн нэг сараар хойшилжээ. Тал хээр, говийн бүсийн нутгаар шороон шуурга ихэссэнээс шуургатай өдрийн тоо 1960 оныхоос 4-5 дахин нэмэгдсэн. Ийм олон нөхцөл байдлаас цөлжилт манай улсад газар авч байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулаад зогсохгүй, цөлжилтөд нөлөөлж байгаа бүх хүчин зүйлийн дийлэнх нь хөрс, ус, ургамал, байгалийн бусад баялгийг зүй бусаар ашигласнаас буюу хүний хүчин зүйлээс шууд хамааралтай байгаа нь ажиглагджээ. Харин тодорхой хувийг байгалийн үзэгдэл эзэлж байна.
Ерөнхийдөө цөлжилтийг үүсгэж буй хоёр гол хүчин зүйлийг хүний болон байгалийн хэмээн ангилж болно. Үүнээс хүний нөлөөлөл 87 хувийг, байгалийн хүчин зүйл нь 13 орчим хувийг эзэлдэг аж.
Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй уул уурхайн үйлдвэрлэл байгальд сөрөг нөлөө үзүүлж байна. Уул уурхайнхан голдуу техникийн нөхөн сэргээлт л хийдэг бөгөөд ухсан газраа булах төдийгөөс хэтрэхгүй байгаа нь цөлжилтийн гол шалтгааны нэг болж байгаа аж. Үүнийг ч Зоригт Намсараев илтгэлдээ дурдаж, технологийн инновацийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцолжээ. Мөн тэрээр хог хаягдал бүрийг дахин ашиглах шинэ санааг нэвтрүүлэх нь цөлжилтийн хурдыг сааруулах боломжийн нэг гэдгийг нь сануулжээ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 2010 оны цөлжилтийн нэгдсэн зургаас харвал Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөн бөгөөд үүнээс 35.3 хувь нь сул, 25.9 хувь нь дунд, 6.7 хувь нь хүчтэй, 9.9 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.

2010 оны цөлжилтийн нэгдсэн зургийг өмнөх 2006 оны зурагтай харьцуулж үзвэл цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэл бүхий газруудын тархац нутаг нэлээд өөрчлөгдсөн буюу ялангуяа нэн хүчтэй зэрэглэл бүхий газрууд шинээр голомтлон үүссэн нь элбэг байна. Олон улсын загварчлалаар цөлжилтийн эрчим энэ хэвээрээ байвал 2080 онд Монгол орны 80 хувь нь элсэн цөл болон хувирах дүр зураг бий гэдгийг ч НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс гаргасан судалгаанд дурдсан байдаг. Дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт жил бүр 200 км газар нутаг хүний үйл ажиллагаанаас болж ашиглалтаас гардаг. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийнхөн цөлжилтөд эрчимтэй нэрвэгдсэн 40 орон, нэрвэгдэж буй 60 улс байгааг зарлахад манай улс хурдацтай цөлжиж буй 11 орны тоонд багтаж байсан юм.
Мөн хүн амын өсөлт нь цаад утгаараа цөлжилт үүсэх нэг шалтгааны нэг болж байгаа юм. 2050 он гэхэд дэлхийн хүн ам 35 хувиар нэмэгдэж 9.5 тэрбум болж өсөх юм. Хүн амын тоо хөгжингүй улс орнууд тэр дундаа Латин, Өмнөд Америк, Африк, Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Азид нэмэгдэх юм. Гэхдээ улс орнууд байгалийн нөөц баялгийг ашигласныхаа дараа түүнийгээ нөхөөн сэргээхэд бага анхаарч байгаа нь эргээд хямрал үүсгэх гол шалтгаан болж байна гэжээ. Өөрөөр хэлбэл, байгалийн нөөц баялгийг ухах, ашиглахдаа технологийн инновацийг ашиглах, үйлдвэр хаасны дараахь мөчлөгийг буруу тооцоолсны улмаас хөрс, ус бохирдож улмаар цөлжилт үүсэх гол шалтгаан болж байгаа аж.
Өсөн нэмэгдэж буй дэлхийн хүн амыг 2050 онд шим тэжээллэг хоол хүнсээр хангахын тулд хүнс тэжээлийн үйлдвэрлэлийг одоо байгаагаас даруй гурав дахин ихэсгэх хэрэгтэй болох аж. Байгаль цаг уурын хамгийн сайн, таатай нөхцөлд ургац тариалж, хүнс тэжээл үйлдвэрлэсэн ч энэ их хүн амыг бүрэн хангахад маш хэцүү байх юм. Хэрвээ цөлжилт, ган хуурайшилтыг зогсоохгүй, түүний эсрэг тэмцэх томоохон өөрчлөлтийг хийхгүй бол цөлжилтөд нэрвэгдсэн олон газрын хүнсний үйлдвэрлэл, ургац тариалалт буурах болно. Улмаар хүнс тэжээлийн дутагдал, өлсгөлөн хомсдол гарах юм. Хөрсний доройтол, ургац хураалт хоёр нь маш ховор тохиолдолд шууд харилцан холбогддог. Хөрсний үржил шим, ургацанд цаг агаар, халдварт өвчин, хортон шавьж, газар тариалангийн хэрэглэж буй арга технологи, гадаад зах зээл болон эдийн засгийн бусад дарамт шахалтууд гээд олон янзын хүчин зүйл нөлөөлдөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн