Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн албан ёсны цахим хуудсанд өнөөдөр Монгол Улс Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн хороонд гишүүнээр элссэн тухай мэдээлжээ. Ингэснээр тус байгууллага 99 орны гишүүнчлэлтэй болж байгаа аж. Монголын инженерийн байгууллагуудын холбооноос аюулгүй, хямд, найдвартай эрчим хүчийг хангах, эрчим хүчний өөрчлөлтийг дэмжих зорилготойгоор Монгол Улсыг тус байгууллагад элсэх саналыг дэмжлээ гэжээ. Тус байгууллагын гишүүн болсноор үндэсний болон бүс нутгийн, олон улсын эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд чухал холбогдолтой байх юм. Дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс жил бүр Дэлхийн эрчим хүчний бага хурлыг зохион байгуулдаг бөгөөд гишүүн улс орнууд хямд, найдвартай, аюулгүй эрчим хүчний технологийг өөрийн улсад нэвтрүүлэх асуудлаар хуралдаж, дэлхийн эрчим хүчний бодлого, түүнтэй холбоотой яриа хэлэлцээг зохион байгуулдаг байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс эрчим хүчний шинэ технологиудыг нэвтрүүлэх, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой болох юм.
2015 оны байдлаар Монгол Улсын хүн амын 90 хувь цахилгаан эрчим хүчээр хангагдсан гэх Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн судалгаа байгаа юм. Эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний тэгш байдал, байгаль орчны тогтвортой байдал гэсэн гурван үзүүлэлт дээр тулгуурлан гаргадаг “Trilemma” үзүүлэлтээр манай улс 130 улсаас 94-т эрэмбэлэгджээ.
Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн (IRENA) гаргасан судалгаагаар Монгол улсад ихээхэн хэмжээний ашиглагдаагүй сэргээгдэх эрчим хүчний нөөц бий бөгөөд Орос, Хятад, Өмнөд Солонгос, Японы хооронд хил дамнасан томоохон эрчим хүчний коридор байгуулах боломжтойг сануулсан юм. Түүнчлэн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг түшиглэн агаарын бохирдлыг бууруулах, дэлхийн уур амьсгалын эсрэг чуулганы амлалтаа биелүүлэх, эрчим хүчний экспортоор дамжуулан эдийн засгаа нэмэгдүүлэх бололцоотойг онцолсон байв. Монгол Улс дотооддоо нар, салхины үүсвэрээс жилд таван мянган тераватт/цаг /TWH/ цахилгаан эрчим хүч дангаараа гаргах бололцоотойг тайланд дурджээ. Энэ нь жилд 18 сая гаруй тонн нүүрснээс эрчим хүч гаргаж авахтай тэнцүү хэмжээний эрчим хүчийг нар, салхины эх үүсвэрээс гаргах бололцоотой гэсэн үг юм. Манай улс нийслэлийн хэмжээнд жилд5.2 сая тонн нүүрс хэрэглэдэг гэхсудалгаа байдаг. Тиймээс нар салхины эрчим хүчийг ашиглан агаарын бохирдол болон бусад зорилтуудаа бүрэн биелүүлэх бололцоотойг ийнхүү сануулжээ.
Манай улсын говь цөлийн бүст нар болон салхины эрчим хүчний эх үүсвэрийн асар арвин нөөц байгааг нэг бус удаа сануулсан байдаг. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хүрээлэнгээс Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нийт бололцоог 2.6 /TB/ терабайт хэмээн тооцоолж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, экспортын асар их нөөц байгааг тодорхойлсон байдаг. Тиймээс Монгол Улс говь, цөл дэх нар, салхины нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж, экспортлох боломжтойг тайланд онцолсон байна. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн захирал Аднан Амин "Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, олон улсын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ногоон хөгжлийн амлалтаа биелүүлж чадахгүй байна" гэжээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүч үйлдвэрлэлийн долоон хувийг сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станц эзэлж байгаа юм. Саяхан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Ногоон хөгжлийн бодлого боловсруулж, УИХ-аар батлуулсан. Үүнд эрчим хүчний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн технологийг шинэчлэн, алдагдлыг бууруулах, үнийн бодлогыг оновчтой болгох замаар эрчим хүчний үр ашгийг 2030 он гэхэд 20 хувь нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2023 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэж тус салбарт ногдох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар заасан байгаа. Тиймээс усан цахилгаан станцаас гадна говь, цөлийн бүс дэх нар, салхины эх үүсвэрийг ашиглах боломжтойг тайланд онцолсон байна.