Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны дараа туг мандуулах ёслолын үеэр. Үүний дараагийн жил буюу 1962 онд Монгол Улс нэг сая дахь иргэнээ хүлээн авсан баярт үйл явдал тохиосон юм.
Хүн төрөлхтөний түүхэнд асар их гарз хохирол учруулж олон сая хүний амийг хөнөөсөн дэлхийн II дайны хөлд эвдэрч сүйдсэн эдийн засагаж ахуйгаа сэргээн босгохын сацуу гамшигт аюулыг дахин давтахгүйн тулд улс орнууд өөр хоорондын харилцаандаа шинэ дэг журам тогтоож түүнийг хэрэгжүүлэх Нэгдсэн Үндэстний Байгууллагыг эмхлэн байгуулснаас хойш 70 жил улиран оджээ. 70 жилийг ардаа үдэж, найм дахь арван жилтэйгээ золгоод буй уг байгууллага АНУ-ын Сан Франциско хотноо анх 51 улсын оролцоотойгоор 1945 оны аравдугаар сарын 24-нд үүсэн байгуулагдсан юм. Одоогоор НҮБ-д дүрмийг нь хүлээн зөвшөөрч, баримталж ажиллахаа илэрхийлсэн дэлхийн 193 улс гишүүнээр нэгдэж ороод байна.
Өнөөдөр Монгол Улс НҮБ-д элссэний 54 жилийн ой тохиож байна.
1945 онд дэлхийн II дайн эцэс болсноор дэлхийн бөмбөрцөг социалист, капиталист системд хуувагдаж, үзэл суртлын тулаан болох "хүйтэн дайн"-ы эхлэл тавигдсан билээ. Энэ нь дэлхийг хэрхэн хуваан засаглах талаар зөрүүтэй байр суурьтай байснаас үүдсэн ЗХУ, АНУ зэрэг гүрнүүдийн хэрэг. Энэ үед Нэгдсэн Үндэстэний хэмээх байгууллага буй болсон явдал нэгэн чухал үйл явдал болсон юм. Энэ байгууллага нь тусгаар тогтнолын хувьд ЗХУ, дараагаар нь Хятад улс хүлээн зөвшөөрснөөс өөрөөр бусад улс орнуудтай харилцаагүй байсан улсынхаа тусгаар байх нөхцөл, баталгааг олж авах шинэ залуу БНМАУ-д тун ч хэрэгтэй цаг үе байсан билээ. Өөрөөр хэлбэл Монгол Удс тусгаар тогтносон улс болсон хэдий ч улс төрийн хувьд бүрэн тусгаар тогтнож чадаагүй байлаа.
Монгол Улс НҮБ-д элсэх өргөдлөө 1947-1957 он хооронд найман удаа гаргаж, дөрвөн удаа хэлэлцүүлсэн ч тухайн үеийн Дундад иргэн улсын хориг саадаас болж бүтэлгүйтэж байсан юм. Ингээд ес дэх удаагийн оролдлогоороо буюу 1961 оны аравдугаар сарын 25-нд БНХАУ-ын төлөөлөгчийг байхгүй байхад нь санал хураалт явуулан, Монголыг НҮБ-ын гишүүн болгохыг дэмжсэн зөвлөмжийг Ерөнхий Ассамблейд өгснөөр 1961 оны аравдугаар сарын 27-нд Монгол улс НҮБ-ын гишүүн болсон юм. Тус хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүтэй Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж нарын зэрэг дипломатч нар АНУ явсан билээ. Өдгөө Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүнээр элсээд 54 жилийн нүүрийг үзэж байна. Манай улстай хамт нэг өдөр Исламын Бүгд Найрамдах Мавритани Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон байна.
1961 оноос өмнө манай улс нийт 19 социалист болон хөгжиж буй улс орнуудад дипломат харилцаатай байсан байна. Харин НҮБ-д элссэнээс хойш олон улс оронтой дипломат харилцаа тогтоох боломжтой болсон бөгөөд 1963 онд өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай дипломат харилцаа тогтоожээ.
Манай улс НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан. Түүнчлэн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд 1999 оноос оролцож эхэлсэн бөгөөд 1999 оны есдүгээр сард НҮБ-ын энхийг сахиулах байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд харилцан ойлголцсон тухай санамж бичигт гарын үсэг зурж байжээ.
Монгол Улс ингэж олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсноор НҮБ-ын системийн байгууллагууд, олон улсын гэрээ хэлэлцээрүүд, олон талт хамтын ажиллагаануудад оролцох өргөн боломжийг нээсэн Манай улс өнгөрсөн хагас зуу гаруй жилийн хугацаанд төр засгийн түвшинд дэлхийн 173 улстай албан ёсны харилцаа тогтоож, олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын 70 гаруй байгууллагад элсээд байна. Чингэснээр, Монгол Улсын хувьд гадаад бодлогын үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, НҮБ-ын гишүүн улс орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах болсон.
Монгол Улс НҮБ-д элссэн ач холбогдлыг Монгол Улсын ГХЯ-ны сайд асан Ц.Гомбосүрэн ингэж дүгнэж байжээ:
Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш гол тэмцсэн асуудал бол тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх байлаа. Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэж 25 жил болсон. ЗХУ 1921 онд Ардын засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Улсыг тунхагласан. Гэтэл 1924 оны 5 дугаар сард байгуулсан Орос, Хятадын харилцааны зарчмын тухай гэрээнд Монгол бол Хятадын салшгүй хэсэг гэж бичсэн байдаг. Энэ гэрээ 1946 он хүртэл хүчин төгөлдөр байлаа. Тэгэхээр ЗХУ, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь олон улсын эрх зүйн үүднээс үзэхэд тодорхой биш байсан юм. Харин Дэлхийн II дайны дараа 1945 онд дэлхий дахины байдал өөр болсон… НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо дэлхийн хэмжээнд баталгаажуулна гэдэг үнэхээр чухал үйл явдал байсан гэжээ.
НҮБ ба Монгол Улсын оролцоо
Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаанд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн болон бусад хурал, чуулганд оролцон, хэлэлцэж буй асуудлуудаар төр, засгийн газрынхаа бодлого, байр суурийг илэрхийлэх, Олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг эрх ашиг, өөрийн улсын ашиг сонирхолд нийцсэн асуудлыг санаачлан хэлэлцүүлж тогтоол, шийдвэр батлуулах, НҮБ, түүний системийн байгууллагуудад сонгогдон ажиллах; манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөлийн тогтоол шийдвэрүүдийн биелэлтийг НҮБ-д мэдээлэх, тус байгууллагын Нарийн бичгийн даргын газартай хамтран олон улсын болон бүс нутгийн хурал, уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулах; нийгэм-эдийн засгийн хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд НҮБ-ын дэмжлэг, туслалцаа, тус байгууллагын оюуны чадавх, мэдлэг, мэдээллийг авч ашигладаг.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит буюу тусгай чуулган, НҮБ-аас зохион байгуулсан дээд, өндөр хэмжээний уулзалт, хуралдаанд төр, засгийн тэргүүний түвшинд оролцох нь НҮБ-ын Дүрмийн үзэл санаа, үйл ажиллагаа, тухайн хурал, чуулганаар хэлэлцэж буй асуудалд ач холбогдол өгч буйг илтгэн харуулахаас гадна Монгол Улсын хувьд тухайн салбар, чиглэлээр улс орондоо хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээний явц байдлыг талаар танилцуулж сурталчлах том боломж байдаг.
Манай улсаас НҮБ, түүний системийн байгууллагуудын хүрээнд явуулдаг идэвхтэй үйлажиллагааны нэг чухал хэлбэр нь тэдгээрийн удирдах байгууллагад сонгогдон ажиллах явдал байгаа юм.
Манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн орлогч даргаар 7 удаа Олон улсын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудлыг хэлэлцдэг I хороо, Эдийн засаг, тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцдэг II хороо, Нийгмийн хөгжил, хүний эрхийн асуудлыг хэлэлцдэг III хороо, Улс төрийн тусгай хороо буюу IV хороо, Хууль эрхийн асуудал эрхэлдэг VI хороо, Зэвсэг хураах комиссын даргаар нэг бус удаа сонгогдон ажилласан. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгчөөр УИХ, Засгийн газрын гишүүн Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун сонгогдсон бөгөөд НҮБ-ын системийн байгууллагуудад ажилладаг манай иргэдийн тоо нэмэгдсээр байна.
Монгол Улс эдүгээ олон улсын 240 гаруй гэрээ, конвенцид нэгдэн орсны дотор Зэвсгийн худалдааг зохицуулах тухай олон улсын гэрээ, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол, Хүүхдийн эрхийн конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай Нэмэлт протокол, Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколд 2013 онд гарын үсэг зурсан бөгөөд УИХ Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг соёрхон баталсан.
2015 онд Монгол Улс НҮБ-ын Зэвсэг хураах бага хурал, ЕАБХАБ-ын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалтыг тэргүүлэх, ЕАБХАБ-ын Парламентын чуулган, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын хурал, Интернэт эрх чөлөө” эвслийн гишүүн улсуудын сайд нарын хурлыг, 2016 онд Ази, Европын дээд хэмжээний XI уулзалтыг өөрийн оронд зохион байгуулах өндөр итгэлийг хүлээж, амжилттай хэрэгжүүлжээ.
НҮБ–ын гол байгууллагуудад сонгогдсон байдал
1973-1976 -НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн Зөвлөл
НҮБ –ын ЕА-н чуулганы орлогч даргаар 6 удаа;
Чуулганы хороодын илтгэгч, орлогч дарга, даргаар 14 удаа тус тус сонгогдон ажилласан
НҮБ-д элссэн нэг чухал үр өгөөж бол, олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн улсын хувьд НҮБ-ын тусламж дэмжлэгийг авах эрхтэй болсон юм. НҮБ, түүний системийн байгууллагууд 1963-2003 оны хугацаанд манай улсад 260 сая гаруй ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд “НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээ”-нд тусгагдсан дагуу 2002-2006 онд нийт 78.2 сая ам. доллар, 2007-2011 онд 40 сая ам. долларын тусламж үзүүлсэн байна. “НҮБ-ын 2012-2016 онд хэрэгжүүлэх Хөгжлийн тусламж”-ийн хүрээнд нийт 34 сая ам.долларын боломжит санхүүжилт, 65 сая ам. долларын дайчлах санхүүжилт хийхээр тусгагдаад байна.
Монголын эдийн засаг хямраад байсан 1990-ээд оны эхний хүнд хэцүү үед НҮБ, түүний системийн байгууллагууд, ялангуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийг үүсгэн бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн Монголд нүүрлэсэн зудын гамшгийн хохирлыг даван туулахад туслах олон улсын арга хэмжээг явуулахад НҮБ хошуучилсан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 2001, 2010 онд зудад нэрвэгдсэн малчдад туслах уриалгыг гадаад орон, олон улсын байгууллагад хандан гаргаж нийт 50 орчим сая ам. долларын мөнгөн болон эд материаллын тусламжийг цуглуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн билээ.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа
Монгол Улс 90-ээд оны дунд үеэс НҮБ–ын энхийг сахиулах ажиллагаанд оролцохыг сонирхож ирсэн бөгөөд 1999 оны есдүгээр сард НҮБ-ын энхийг сахиулах байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд харилцан ойлголцсон тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Түүнээс хойш ЗХЕШ -ын дэргэд Энхийг сахиулах алба (анхны даргаар хурандаа Г.Рагчаа ажиллаж байв.) байгуулагдан энхийг сахиулах ажиллагаан чиглэлээр бодиттой үйл ажиллагаа явуулж, гадаад дотоодын сургалтуудад хамрагдаж, бие бүрэлдэхүүнийг энхийг сахиулах ажиллагааны талаар мэдлэг дадлага олгохоор чармайж эхэлсэн. Монгол Улсын зэвсэгт хүчний албан хаагчдыг энхийг сахиулах ажиллагааны олон улсын (2000 онд Казахстанд, 2002 онд Бангладешид) сургалтад хамруулж байлаа. 2002 оноос хойш Монгол Улсын зэвсэгт хүчний хоёр албан хаагч БН Ардчилсан Конго Улс дахь "MONUC" НҮБ –ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч офицероор, түүнчлэн тэр жилдээ гурван албан хаагч Баруун Сахар дахь "MINURSO" НҮБ-ын сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгүүлж эхэлснээр Монгол Улс даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах НҮБ-ын үйл хэрэгт бодит хувь нэмэрээ оруулж эхэлсэн түүхтэй. 2014 оны байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 10000 шахуу цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна. Монгол Улсн цэргийн алба хаагчид Ирак, Афганистан, Гүрж, Косово, Этиоп-Эритэри, Чад, Баруун Сахар, БНАКонго Улс, Судан Улсын Дарфур муж, Өмнөд Судан Улс, Судан Улсын Абейяа муж зэрэгт явагдсан энхийг сахиулах ажиллагаанд цэрэг эрсээ илгээж байна.
НҮБ–ын 2004 оны ерөнхий төсөвт 17 сая төгрөг төлсөн.
Манай иргэд НҮБ-ын НБДГ –т ажиллаж буй байдал
НҮБ, түүний системийн 10 гаруй байгууллагын НБДГ-т манай 20 орчим иргэн ажиллаж байна.
Монгол улсын төлөөлөгчдөөс санаачлан НҮБ-ын ерөнхий ассамблейд орууллаж батлуулсан тогтоолууд
1.Зэвсэг хураах долоо хоногийн тухай /33-34, 37-44 дүгээр чуулган/
2.Улс түмэн энх тайван орших эрхийн тухай /39-43 дугаар чуулган/
3.Эдийн засгийн хөгжил ба байгалийг хамгаалах тухай /17 дугаар чуулган/
4.Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжилд улсын секторын гүйцэтгэх үүргийн тухай /32-35 дугаар чуулган/
5.Хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд үндэсний мэргэжилтэй боловсон хүчний гүйцэтгэх үүргийн тухай /39-40 дүгээр чуулган/
6.Чилид хүний эрхийг зөрчиж байгаа тухай /29 дүгээр чуулган/
7.Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах тухай /31, 33 дугаар чуулган/
8.Хөдөөгийн эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах тухай /37, 39, 40, 42, 44, 46, 48, 50, 52, 54, 56, 58 дугаар чуулган/
9.Нийгмийн дэвшлийн үүднээс нийгэм-эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлт хийх үндэсний туршлагын тухай /36, 38, 40 дүгээр чуулган/
10.Хоршооллын хөдөлгөөнийг дэмжих тухай /36, 44 дүгээр чуулган/, Нийгэм-эдийн засгийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай /48, 51, 54 дүгээр чуулган/,
11.Нийгмийн хөгжил дэх хоршооллын үүргийн тухай /56, 58 дугаар чуулган/;
12.Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх арга хэмжээ, хүч чармайлтын тухай /41, 42 дугаар чуулган/, Бүх нийтээр бичиг үсэгтэн болох НҮБ –ын 10 жилийн тухай /54, 56, 59 дүгээр чуулган/;
13.Орон гэрээр хангах олон улсын жилийн тухай /40, 41 дүгээр чуулган/
14.Орон гэртэй байх эрхийн тухай /41, 42 дугаар чуулган/
15.Сансарт зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэрэмжлэх тухай /38 дугаар чуулган/
16.Бүх нийтийн боловсрол /52, 54 дүгээр чуулган/
17.Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай 53, 55, 57, 59 дүгээр чуулган/
18.Олон улсын хэлэлцээ хийх зарчим, чиглэлүүд /52, 53 дугаар чуулган/
19.Далайд гарцгүй орнуудын асуудал /52, 54 дүгээр чуулган/
Хамтран ажиллаж буй тодорхой чиглэлүүд:
Ядуурлыг бууруулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах /Мянганы хөгжлийн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх/,
Нийгмийн хөгжил дэх хоршооллын үүрэг ролийг бэхжүүлэх,
Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх,
Далайд гарцгүй орнуудын байдлыг сайжруулах,
Монгол улсын цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах,
Шинээр болон сэргээн тогтоосон орнуудын ардчиллыг дэмжих, хувь нэмэр оруулах
НҮБ –ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулганд дээд, өндөр хэмжээнд оролцсон байдал
1967 - Сайд нарын Зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал
1992, 1995 - Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
1996 - Ерөнхий сайд Мэндсайханы Энхсайхан
1999 - Ерөнхий сайд Ринчиннямын Амаржаргал
2000 - Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
2001 - Ерөнхий сайд Намбарын Энхбаяр
2002 - Ерөнхий сайд Намбарын Энхбаяр
2003 –Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
2012, 2013, 2014, 2015- Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
НҮБ-аас зохион явуулсан өндөр, дээд хэмжээний томоохон хурал чуулганд оролцсон байдал
Хүрээлэн буй орчин ба хөгжлийн асуудлаарх Рио де Жанейрогийн дээд хэмжээний уулзалт (1992 он);
Хүн ам, хөгжлийн асуудлаарх Каирийн бага хурал (1994 он);
Нийгмийн хөгжлийн асуудлаарх Копенгагены дээд хэмжээний уулзалт (1995);
Эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхий дахины IҮ бага хурал (1995)
Хүнсний асуудлаарх дээд хэмжээний уулзалт (1999)
Хөгжлийн төлөөх санхүүжилтийн асуудлаарх Монтеррейн олон улсын бага хурал (2002)
Тогтвортой хөгжлийн асуудлаарх Йоханесбургийн дээд хэмжээний уулзалт (2002)
Мэдээлжсэн нийгмийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалт (2003)
НҮБ-ын ЕНБД –ын зүгээс Монгол Улсад хийсэн дээд хэмжээний айлчлал
1977 он -НҮБ-ын ЕНБД Курт Вальдхайм
1987 он -НҮБ-ын ЕНБД Перес де Куэльяр
2002 он -НҮБ-ын ЕНБД Кофи Аннан
2009 он -НҮБ-ын ЕНБД Бан Ки Мүүн
НҮБ-ын НБДГ-тай хамтран хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээ
1995 - АНДЭЗНК-ын Удирдах бүлгийн ҮIII хуралдаан
1999 - Энх тайван, зэвсэг хураах асуудал эрхэлсэн Ази,
Номхон далайн бүсийн төвийн хурал
2000 - Хүний аюулгүй байдлын асуудлаар олон улсын бага хурал
2003 -Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын 5 дугаар бага хурал, Улаанбаатар хот
Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн үйл явдлыг гэрчлэх тухайн үеийн БНМАУ-ын Засгийн газраас НҮБ-д элсэх тухай өгсөн анхны өргөдлийг бүрэн эхээр нь сийрүүлэв.
“Нью-Йорк хот Нэгдсэн Үндэстэний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Трюгби Ли танаа
Эрхэмсэг ноён оо! Нийтийн амгалан ба аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт, түүнчлэн улс төр, эдийн засаг, нийгмийн талбарт улс түмэн хоорондоо хамтран ажиллах үйл хэрэгт Нэгдсэн Үндэстэний Байгууллага чухал ач холбогдолтой болохыг үзээд Нэгдсэн Үндэстэний Байгууллагын үндэс суурь болсон зарчмуудад урамшин, энэ зарчмуудыг бүрэн зөвшөөрч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстэний Байгууллагын гишүүнд элсүүлэн авах тухай хүслийг Аюулгүйн Зөвлөл ба Ерөнхий Их Хуралд уламжилж өгөхийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар нь таниас хүсэх завшаан тохиолдов. Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстэний гишүүнд элсүүлэн авах тухай хүслээ Аюулгүйн зөвлөл ба Ерөнхий Их Хуралд илэрхийлэхийн хамт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард түмэн нь өөрийн их хөрш Зөвлөлт Холбоот Улсад эд материалын тус нэмрийг үзүүлэн, нэгдсэн үндэстэний талд орж фашист улсуудын эсрэг тэмцэлд оролцсоныг Аюулгүйн зөвлөл ба түүнчлэн Ерөнхий Их Хурлын анхааралд толилуулах нь зүйтэй хэмээн тус улсын Засгийн газраас үзмой. Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь 1945 оны 8 сарын 10-ны өдөр Японд дайн зарлаад, энэхүү улсыг эсэргүүцсэн дайны явдалд оролцсон юм аа. Нэгдсэн Үндэстэний нийтийн хэрэгт Монголын ард түмнээс үзүүлсэн энэхүү тус нэмрийн тухай Аюулгүйн зөвлөл ба түүнчлэн Ерөнхий Их Хурал мэдэхгүй бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстэний гишүүнд элсүүлэн авах тухай хүсэлтийг зөвшөөрөн авч үзэх болов уу хэмээн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газар үнэхээр итгэж баймой. Үүний хамт Нэгдсэн Үндэстэний Байгууллагын дүрмээс үүсэн гарах бүх үүргийг манай улс өөртөө хүлээж авах ба энэ дүрмийн бүх зүйлүүдийг дагаж гүйцэтгэхэд бэлхэн байгаа гэдгийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын өмнөөс илэрхийлэх нь чухал хэмээн би бээр үзмой. Ерөнхий нарийн бичгийн дарга ноёнтоон Энэ дашрамыг ашиглан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Монголын ард түмэн ба хувиасаа Нэгдсэн Үндэстэний Байгууллага ба танд төгс амжилтыг хүсье. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд Х.ЧойбалсанУлаанбаатар хот