Халхын голд хилийн цэргийн АН-24 онгоцоор ахмад дайчид, хилийн цэргийн уран бүтээлчид оролцсон 20 гаруй хүн сүнгэнээд буучихав. 55 жилийн тэртээ тулалдаан болж, Монгол, Орос цэргийн эр зориг, монгол морины эрэмгий чадал шалгасан тэр газар хүрээд ирэх минь энэ.
Аав маань халхын голын тухай маш ихийг ярьдаг байсан учраас, дээр нь халхын голын дайчдын дурсамж ном зохиолыг уншсан зэргээс өөрийгөө энэ талын зэгсэн мэдлэгтэйд тооцож явлаа.
Ирмэгцээ л бид Ерэн баатарын хөшөөнд цэцэг өргөв. Шумуул ч ёстой шунгинаж өглөө. Ангайх тоолонд ам руу орчих гэнэ. Миний мэтийн амьтан бол япон цэрэгтэй байтугай шумуултай нь байлдаад барахааргүй юм байна даа гэмээр.
Жамбаа баатар аа (Улсын баатар Н.Жамбаа), тэр үед шумуул ч аварга байсан биз дээ гэвэл олон жил болохоор чинь дасдаг л байх. Манай бор эрсийн арьсыг цоолж сөрж чадахгүй л дээ гээд инээж явна. Харин чи маажиж малтаж л болохгүй шүү гэж захилаа. Нээрээ ч отрядын төвд цайлж суухад шумуул хазсан ул мөр алга байна.
Манайхан Яковлевын танкийн хөшөө, Ремизовын өндөрлөг, Зөвлөлтийн дайчдын цусаа урсган амь насаа өргөсөн газруудаар явж хүндэтгэл илэрхийлэв. Ингэж явахдаа харвал ахмад дайчдын маань онгоцонд цовоо цолгин явсан ул мөр алга болж дуугаа хураацгаан юм асуувал л хариулах төдий болжээ.
Баянцагааны нуруун дээр гарч эргэн тойрныг харлаа. Нөгөө айхтар тулалдаан болсон газар чинь шүү дээ гэж ахмад дайчдын нэг нь хэлэв. Үнэхээр японы тал байрлал сайтай, манайхан алган дээр байгаа юм шиг суман галын дор байлдсан юм байна. Яковлев танкийн хороогоо командлан явган цэргийн дэмжлэггүйгээр (хүлээх арга байхгүй үед) шууд дайралтад орж өөрөө ч амь эрсэджээ.
Баянцагаанаас цаашилж Бойтогт манханд очив. Өвс ургамал нь өвдөгөөр татсан элсэн манхнууд дунд Чогдон баатрын заставынхан тулалдаж, өөрөөсөө 10, 20 дахин олон хүнтэй Японы цэргийн ангийг нутаг орныхоо дов сондуул, гуу жалгыг арван хуруу шигээ мэддэг манай хилчин дайчид хоёр хоног саатуулан тогтоон барьж, олонхийг нь устгасан газар юм байна. Жамбаа гуай, яагаад Бойтогт манхан гэсэн юм бол гэвэл манай заставын гурван цэрэг манаанд гарч байгаад нэг шинэ ирсэн цэрэг өрөөсөн гутлаа гээчихээд энэ их өвсөнд олдоггүй. Тэгээд ийм нэртэй болсон юм гэнэ лээ гээд Жамбаа баатар овоо дуу орж инээв.
Аялал зохион байгуулагчид явах газар олон, цөмийг нь цаг хугацаатайгаар зохион байгуулсан. Та бүхэн ахмадууддаа хэлж сануулж аль болохоор удаан зогсоохгүй явмаар байна гэлээ. Жамбаа баатар, ахмадууд маань дайн тулаан болсон газар очоод бодоод зогсчих юм. Баатар аа, одоо явъя даа гэвэл яг энд манай Гаасүрэндорж суманд оногдоод өнгөрчихсөн юм даа гээд том гараараа нүдээ арчих нь өрөвдмөөр. Жинхэнэ баатар хүн гэж манай Гаасүрэндоржийг л хэлнэ. Мөн ч хийморьтой, золбоотой зоригтой сайхан залуу байж билээ гэж надад сугадуулан алхахдаа ярилаа.
Та Чогдон даргыгаа дандаа ярих юм. Хатуу хүн байсан уу гэвэл хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн ёстой жинхэнэ цэргийн дарга даа. Том байлдаан болохоос өмнөх бүтэн гурван жил энд чинь хилийн заставууд олон удаагийн байлдаан хийлээ шүү дээ. Тэр бүхэнд Чогдон даргынхаа удирдлагаар манай заставынхан ялж явсан юм. Манай заставын бүх цэргүүд одон медалиар шагнагдсан учраас одон тэмдэгт дугаар застав гэж алдаршсан юм гэлээ. Та тагнуулд яваад яалаа, яалаа гэлээ гэвэл бишгүй л тагнуулд явна шүү дээ гэхээс өөрийг хэлсэнгүй. Жамбаа баатар Халхын голд нэг хоног хоёр өдөр болох хугацаанд нөхдөө дандаа яриад байх юм. Чогдон даргыгаа л яриад байх юм. Чогдон дарга бол миний багш, эцэг, ах, бурхан маань юм гэж шөнө орондоо орохын өмнө хэлж билээ. Та Халхын голын дайны талбар дээр Цусан гавъяаны одон Дандар баатар шиг хоёрыг авсан юм байна шүү дээ гэхэд нэгийг нь дуусахад өгсөн юм. Бодвол олон хүний нэрэнд давхардаад орчихоо биз дээ гээд хээвнэг инээж байлаа. Ийм л баатар ийм л даруухан эх оронч юм даа.
Бойтогт манхнаас урагшаа хөдөлж Эрс уулын заставт ирэв. Энэ застав Улсын баатар С.Төмөрбаатарын нэрэмжит застав болсон бөгөөд бид шинэ тугийг нь гардуулан өгч, Төмөрбаатар гуайн охин бид хоёр аавынх нь хөшөөнд цэцэг тавилаа.
Улсын баатар Чогдон С.Төмөрбаатар гэдэг хоёр халуун эх орончийн удирдсан Монголын Дорнод хилийг баатарлагаар хамгаалж ирсэн хоёр застав дээр өнөө үеийн хилчин дайчидтай уулзаж, өнөө цагт халуун нар, усан бороо, цасан шуурга, хаврын хавсарга, намрын шамрага ямар ч бэрхшээлтэй цагт хоногийн 24 цаг нүд цавчилгүй эх орноо манаж байгаа залуусын үйлсийг бахархахаас өөр аргагүй байлаа. Эрс уулсын бургасан шугуйн моносонд мойл тэр аяараа харлаж харагдана. Цэргүүд үнээ малаа сааж байна.
Хилчдийн арын албаныхантай уулзаж байхад заставын дарга залуу та нарын харсан таньдаг газар байгаа биз. Энд “Суварган цэнхэр уулс” киноны зураг авсан юм гэлээ. Нээрээ кинон дээр гардаг газрууд тэр тэр байна. Даан ч нэг урьд ирж үзсэн юм шиг, мэддэг газраа ирчихсэн юм шиг байсан юм аа гэлцлээ.
Монголын дорнод тал, дорнод хил даан ч сайхан үзэсгэлэнтэй юм аа. Орой Халхын голын байлдааны ялалтын ойд зориулсан уулзалт, урлагийн тоглолт болж, дараа нь яг л кинон дээр гардаг шиг нийтээрээ бүжиглэснээр шөнө нэлээд орой болгож өндөрлөв.
Жамбаа баатар намайг өрөөндөө урилаа гэв. Ганзгалааныхаа ганцыг гаргажээ. Бас хилийн цэргийн ахмад дуучин монголын дорнод тал юутай сайхан гэж монголчуудын сэтгэлд хүртэл дуулдаг Өлзийсайхан гавъяат өөр хоёр гурван хүн байв.
Өвгөн нэлээд сэтгэл хөдөлсөн байртай, өвгөн ах нь залуу насаа өнгөрөөж, олон сайхан найз нөхдөө нойрсуулсан энэ газар ирэх бүртээ сэтгэл хөндүүрлэдэг юм даа. Сайн сайхан зүйл ч их бий, цэл залуу насандаа амь эрсэдсэн нөхдөө санах л хэцүү юм даа гэж хоолой нь бөжигнөн хэлснээ монгол улсын дархан хил амар амгалан байх болтугай гээд өмнөхөө хөнтөрлөө. Архи дарс бараг уудаггүй энэ эгэл, зузаан бор өвгөний туулсан амьдрал үнэхээр гайхамшигтай юм. Бидний яриа энгүүн болов. Морь, бөх, дууны тухай ярьцгаалаа. Жамбаа гуай та чинь яг аль аймгийн арслан юм бэ гэвэл Ховдод байхдаа барилдаад л нэг түрүүлчихсэн юм гэлээ. Жамбаа гуай уул нь Баянхонгорын хүн. Бид хоёр анх Спортын төв ордонд бөх үзэж байгаад танилцсан юм. Түүнээс хойш аль түрүүлж ирсэн нь нэг нэгэндээ суудал авна. Жамбаа гуай бөх алгасахгүй үзнэ. Ажил чинь болдоггүй байх даа, чи ч бөхөөр бараг үзэгдэхээ больж гэж надад үг хаяна. Та чинь армид жолооч хийгээд Хөдөлмөрийн баатар болох шахаа биз дээ гэж асуувал энх тайван цаг ирлээ. Энэ олон хүүхдийг чинь тээвэрт явж л тэжээсэн шүү дээ. Муу хөгшин маань намайг олон жил хилээр дагаж явж надтай адилхан хилчин болсон доо. Баруун хил дээр байхад намайг бие засах хооронд буу бариад манаанд зогсдог байлаа. Хад асга ихтэй газар хаанаас ч нуугдаж байгаад осман, гоминданыхан буудчихаар байсан юм гэж хуучлав. Жамбаа баатар инээж, хөдөө тээвэрт ЗИЛ-164 машиныхаа радиог тавиад Өлзийсайханы дууг мөн их сонсдог байлаа гэж бас ярилаа. Хоёр чиргүүл чирчихсэн ЗИЛ-130-аар будаанд явж байх ч сайхан шүү гэж гэж бас ярина.
1966 оны зуднаар та чинь өвөл ганцаархнаа гараад сураг тасарч гурван сарын дараа ирсэн гэдэг билүү гэж ахмадуудын нэг нь асуухад мөн ч хэцүү зуд шүү. Баян-Өлгий, Увсын хооронд л яваад байсан юм. Зогсоо зайгүй цас ухсаар яваад л ирсэн юм. Би ч яах вэ. Тэр их цасан дунд байгаа мал, малчин хоёрыг ээ, ах нар маань л (Зөвлөлтийн цэрэг) их тус болсон доо гэж ярив.
Халхын голын тэнгэрт бүртийх үүлгүй түм буман од яралзана. Эх орны маань зүүн хил хязгаар амгалан тайван бас нэг шөнийг үдэх гэж байна.