Монгол Улсын анхны хиймэл дагуул ирэх оны гуравдугаар сард сансарт хөөрөх болсныг өнөөдөр Улсын онцгой комисс, МУИС-иас мэдээлэв.
2012 онд Засгийн газрын тогтоолоор “Үндэсний хиймэл дагуулын хөтөлбөр” баталж, МУИС-ын эрдэмтэд хэрэгжүүлж эхэлсэн билээ. Одоогоор МУИС-ын гурван багш Японы Кюүшүгийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хиймэл дагуулыг бүтээж байгаа бөгөөд дуусах шатандаа орсон байна. Японд үйлдвэрлэж байгаа шалтгаан нь хиймэл дагуул турших сансарын орчин бүрдүүлсэн цөөн хэдэн лабораторийн нэг тус улсад байдаг. Мөн Япон Улсын хөлгөөр хиймэл дагуулыг тойрог замд оруулна. Түүнчлэн хиймэл дагуул бүтээж, сансарт хөөргөхөд шаардлагтай 325 мянган ам.долларын 225 мянгыг Япон Улс тусламжаар олгож байгаа аж. Харин Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа бол үлдсэнийг нь МУИС-ын төсвөөс санхүүжүүлж байгаа юм.
Хиймэл дагуулыг гуравдугаар сард хөөргөж, тухайн оныхоо 5 сард тусгай робот ашиглан задгай сансарт байрлуулах юм. Манай хиймэл дагуул сансарт 6 сар ажиллаад газарт бууж, өөрийгөө устгахаар програмчлагдсан байна. Ингэснээр дэлхийд сансрын хог хаягдал үлдэхгүй юм. 6 сарын дараа гэхэд одоо хэрэглэж байгаа технологи хуучрах тул 2019-2020 онд шинэ хиймэл дагуул бүтээж дахин хөөргөхөөр төлөвлөж байна хэмээн МУИС-ын захирал Р.Бат-Эрдэнэ хэллээ.
Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, “Хиймэл дагуулыг сансарт хөөргөснөөр улсын хэмжээнд аль бүсэд ган, зуд, үер, түймэр болон бусад байгалийн гамшиг болж байгааг шуурхай тодорхойлж, арга хэмжээ авах боломж бүрдэнэ. Өмнө нь өөр улсын хиймэл дагуулаас мэдээлэл авдаг байсан. Энэ нь цаг хугацаа их шаарддаг тул хохирол их амсдаг байсан. Тиймээс Улсын онцгой комисс, ОБЕГ энэхүү хөтөлбөрийг дэмжиж ажиллана” гэлээ.
Манай хиймэл дагуул Япон, Нигери, Гана, Бангладешийн хиймэл дагуултай хамт хөөрч, 400 км-ийн зайнаас дэлхийг тойрч, өдөр 5-6 удаа мэдээлэл дамжуулах юм. Хиймэл дагуулаас ирж буй мэдээг МУИС-ын дэргэд шинээр байгуулагдах номын сангийн оройд байрлуулах антенаар дамжуулан хүлээн авах аж.