Монгол оронд минь зуны дэлгэр цаг айлчлан ирж, хүүхэд багачуудын сургууль, цэцэрлэг амарч, амралт зугаалгын улирал эхэлжээ. Уншигч та бүхэн энэ зун хаашаа зугаалахаа мэдэхгүй, судлаагүй байгаа бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Монгол орныхоо үзэсгэлэнт, байгалийн дурсгалт газруудтай танилцаж аялалаа төлөвлөөрэй. Төрийн тусгай хамгаалалтад авсан байгалийн цогцолбор газруудын мэдээлэл болон замын маршрутыг хүргэж байна.
Улаанбаатар-Алтай Таван Богд-Улаанбаатар чиглэлд ойролцоогоор 4600 гаруй км замыг туулж хүрдэг байна.
Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль янгир, марал буга зэрэг хөхтөн хойлог, тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нутаг тул 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан. Алтай таван богд нь Монгол Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал байдалтай оршдог. Хотон, Хурган, Даян, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай сав нь өндөр уулсаар хүрээлэгдэн Монгол Алтайн нурууны уулархаг их мужийн өндөр уулын бүсэд оршино.
Монгол улсын хамгийн өндөр цэг болох Хүйтэн оргил энэ ууланд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 4374 метр өндөр юм. Хамгийн нам цэг нь Хурган нуур бөгөөд 1800 метр болно. Хотон, Хурган, Даян зэрэг нь мөстлөгийн гаралтай томоохон нуурууд бөгөөд тэдгээрээс гадна 250 гаруй жижиг нуурууд бий. Монгол Алтайн нуруунд Монгол орны мөсөн голуудын 96 хувь нь оршдог. Монголын хамгийн том мөсөн гол болох Потанины мөсөн гол байдаг бөгөөд нийт талбай нь 24 ам километр. Уулын хар хүрэн хөрс, нуга намгийн хөрс зонхилохоос гадна хад асгатай.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг, говь цөлийн бүсийн нутагт орших Зүүн сайхан уулын Ёлын-Амны өвөрмөц сайхан тогтоц, үзэсгэлэнт сайхан байгалийг хамгаалахаар анх 1965 онд улсын хамгаалалтанд авсан байна. Улаанбаатар хотоос уг байгалийн дурсгалт газрыг зориход 600 орчим км замыг туулна.
Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна. Гурвансайхны нуруу нь цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох бөгөөд Хамгийн өндөр нь Зүүнсайхан уул юм. Хамгийн өндөр оргил нь дайлайн төвшнөөс дээш 2846 метр юм. Сэврэй уул 2548 метр, Зөөлөнгийн нуруу 2350 метр бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой. Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын нэлээд хэсгийг хамрах Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд баруун хойноос зүүн урагш чиглэн 180 километр урт үргэлжилсэн их элсэн тарамцаг юм. Нийтдээ 965 ам километр талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойшоо 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Байнгын устай гол байхгүй бөгөөд Ёл, Зулганай, Хонгор, Хавцгайт, Гэгээт гэсэн 5 булаг бий. Ёлын-Ам, Дүнгэнээгийн ам, Хонгорын гол, Зулганайн гол, Гэгээтийн хөндий, Бурхант уул, Хэрмэн цав, Улаан хонгил, Бүгийн цав зэрэг байгаль түүхийн чухал дурсгалт газрууд байдаг .
Архангай аймгийн Тариат сумын нутагт Цэцэрлэг хотоос 180 километр зайд, Тэрхийн цагаан нуурын хөвөөнд орших хожуу унтарсан хүрмэн чулуун галт уул бөгөөд 8 мянган жилийн өмнө оргилж байгаад унтарчээ. Далайн төвшнөөс дээш 2210 метр, Хорго хавийн хүрмэн хад асга, ангал, хавцал гайхам сонин тогтоцтой, агуй, хонхор гүдгэр зэрэг нь нуугдаж хоргодох газар олон байдаг. Хамгийн хойд захад нь Хоргын тогоо байх бөгөөд тогооны өрх хөндлөнгөөрөө 200 метр, гүн нь 70-80 метр, 30-36 хэмийн налуутай. Ар болон амсраар нь хуш, шинэсэн ойд ургадаг бөгөөд цэцэг жимсээр элбэг.
Хоргын тогооны халуун хайлмал чулуу урсаж байхдаа мушгирч атиралдан царцаж уур хийнд үлээгдэн дээшээ овойж гэр шиг хэлбэртэй болсон байна. Энэхүү гэр нь цоорхой тоонотой, хажуудаа хаалга үүдтэй 10 гаруй агуйг үүсгэсэн байдаг учраас нутгийнхан түүнийг чулуун гэр гэдэг. Хоргын тогооноос гадна Гичгэний баруун зүүн тогоо, Өлийн тогоо, Цагаан уул, Залаа толгой, Мандлын тогоо, Шаврын царам зэрэг 33 галт уул бий. Домгоос өгүүлбэл, Эрт үед худгаас ус авсан хүмүүс худгаа таглахаа мартсанаас болж их хэмжээний ус олгойдон гарч хөндийг дүүргэн сүйд болжээ. Хүмүүс “хоргоогоорой” хэмээн хашгирч байснаас Хорго хэмээх нэр үүсэж, хоргоогдож тогтсон ус нь Тэрхийн цагаан нуур болжээ.
Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт Улаанбаатараас баруун тийш 80 километрт оршдог. Баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон нуруу. Дунджаар 1500-1700 метр өндөр. Хамгийн өндөр цэг нь Хөшөөт уул бөгөөд 1842 метр. Хамгийн нам цэг нь 1190 метр өндөр Тариатын булаг. Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул юм. Баян, Эхэн-Ус, Алтганат, Мойлт, Уртын ам, Шувуун ам зэрэг газруудаар 10 гаруй цэнгэг уст горхитой.
Молцог элс: Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт, Туулын хөндийд, ойт хээрийн бүс дотор говь нутгийг санагдуулан орших элсэн манхан бөгөөд 10 орчим ам километр талбайг эзэлдэг. Молцог элсний элс нь тун нарийн ширхэгтэй. Хүний аманд ороод ихэнх нь хайлаад алга болдог бөгөөд элс нь давсаг, бөөр, нуруу, үе мөчний өвчинг илааршуулах үйлчилгээтэй юм. Молцог элсний зах хавиар 50 гаруй зүйл ургамал ургадгийн тал хувь нь эмийн ургамал учраас элсний чанарт нөлөөлсөн гэж үздэг.
ТУЖИЙН НАРС Тужийн нарс хэмээх байгалийн цогцолбор газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг бөгөөд гал түймрийн аюул, ашиг хонжоо хайгчдын гарт өртөн нэлээд сүйджээ. Сүүлийн жилүүдэд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд 40-50 хувь нь байгалийнхаа аясаар сэргэн ургажээ. Тужийн нарс нь байгалийн зүй тогтоцын хувьд өвөрмөц бөгөөд Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог байна.
Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 1153 ам километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Их нууруудын хотгорын бүлэг нууруудын дотор далайн төвшнөөс дээш 1157 метр өндөрт орших цэнгэг устай, урсгал нуур юм. Хэдийгээр том талбайтай боловч маш гүехэн нуур бөгөөд хамгийн гүн нь 4.4 метр, дундаж гүн нь 2 метр байдаг.
Жуулчид Хар ус нуурыг “газрын диваажин” хэмээн шагшин магтдаг билээ.Тус цогцолбор газарт 54 зүйлийн хөхтөн амьтан, 268 зүйлийн жигүүртэн шувуу, 455 зүйлийн өвс ургамал, 4 зүйлийн загас, 6 зүйлийн мөлхөгч амьтан, 131 зүйлийн шавьж амьдардгийг тогтоосон байна.
Хангайн нурууны хамгийн баруун талын салбар уулс болох Хан Хөхийн нуруу, нөгөө талаас Хяргас, Айраг нуур, Завхан Хүнгүй голуудын адаг тэдгээрийн эргэн тойрны цөлөрхөг гандуу хуурай орчныг хамарсан нутаг юм. Байгалийн эрс тэс хэв шинж тод ялгаран хосолсон бүс юм. Хангай говь зэрэгцэн цөлөрхөг, гандуу хуурай орчин үүсгэдэг боловч нуур ус хоршин оршиж өвөрмөц хэв шинжийг бий болгосон байдаг. Энэхүү байгалийн өвөрмөц нутгийг хамгаалах, зохистой ашиглах, аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутаг дэвсгэрт орших Хан хөхийн нурууг Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумдын нутаг дэвсгэрт орших Хяргас нуурын орчмын газар нутгийг хамруулан 2000 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан. Хан хөхий-Хяргас нуурын байгалийн цогцолборт газар нь хоорондоо эрс тэс ялгаатай газрууд юм. Хан хөхийн нуруу нь байгалийн өвөрмөц хослол бүхий газар бөгөөд ховор ургамал, ан амьтан, түүхийн дурсгалт зүйлс ихтэй. Их нууруудын хотгор луу түрж орон Увс, Хяргас нуурын хотгорыг зааглан оршдог. Хан Хөхийн нуруу нь Хангайн нурууны баруун төгсгөл боловч хотгорын нөлөөнд өмнөд хажуу нь нэлээд автсан учраас Хангайн нурууны газарзүйн нийтлэг төрхөөс ихээхэн ялгаатай. Уулын ар хажууд нуга, тайга, ойт хээр тархсан байхад, өмнөд хажууг нь хуурай хээр бүрхсэн байдаг. Энэхүү янз бүрийн хослол нь Хан хөхийн нуруунд экологийн өвөрмөц орчинг бүрдүүлдэг төдийгүй байгалийн биеэ даасан мужийг үүсгэдэг онцлогтой. Уур амьсгалын онцлогтой уялдан Хан хөхийн нуруунд хөрс ургамалжилтын бүслүүрийн өвөрмөц хэв шинжүүд бүрэлдэн тогтжээ.
Уг цогцолбор газарт юмдүүжин, алтан гагнуур, алтан хундага, таван салаа, эмийн бамбай, сөд цээнэ элбэг ургана. Мөн самар, үхрийн нүд, тошлой, хад, аньс, гүзээлзгэнэ, улаалзгана зэрэг жимс жимсгэнэтэй. Тус цогцолбор газрын 41.6 орчим мянган га талбайд ой тархсан бөгөөд гол төлөв хуш, шинэсэн ой зонхилно. Сүүлийн үед ой модыг нь эмх замбараагүй огтлох явдал тасралтгүй үргэлжилсээр байгаа бөгөөд хамгаалах арга хэмжээг авч байна.
Ашигласан эх сурвалж: http://www.touristinfocenter.mn