Open iToim app
Тэд бидний тухай | 4 мин уншина

Монголын эрдэмтэн Чингис хааныг европ гентэй гэж дүгнэжээ

Монголын эрдэмтэн Чингис хааныг европ гентэй гэж дүгнэжээ
Нийтэлсэн 2016 оны 9 сарын 20
Их эзэн Чингис хаан болон түүний байгуулсан Эзэнт гүрний талаар эдүгээг хүртэл гадаад дотоодын олон эрдэмтэн, судлаачид өөр өөрийнхөөрөө бичсэн байдаг. Чингис хаан судлалын эхлэл нь монголчуудын түүхийн ууган гайхамшигт бүтээл болох “Монголын нууц товчоо” юм. Чингис хааны үйл ажиллагаа, аян дайныг судалж үзээгүй, бичиж туурвиагүй бүс нутаг, томоохон улс орон байхгүй болж, сурвалж судалгааны зохиол саяар тоолох асар арвин сан бүрдүүлсэн. Гэхдээ олон эх сурвалжид Чингис хааны гадаад төрх тодорхой дурдагдаагүй өнгөрчээ. Түүхчид энэ асуудлаар одоо болтол зөрчилдөөнтэй байдаг бөгөөд түүнийг урт үс, сахалтай бөгөөд нуруулаг хүн байсан гэдгээс өөр зүйл олдоогүй аж. Гэвч XIV зуунд Персийн түүхч Рашид аль-Дин “Чингис хаан улаан үс, ногоон нүдтэй байсан” хэмээн таамагласан байдаг. Үүнийг дагаад Монгол туургатны удмын сан, тэр дундаа Чингис хааны генетикийн кодын талаар олон улс, тэр дундаа Их Британи, АНУ, БНХАУ-ын эрдэмтэд нарийн судлах болсон. Сүүлд буюу 2005 онд Украины эрдэмтэн А.Зинухов Чингис хааны жинхэнэ удам судрын талаар ном бичсэн байдаг. Түүний бичсэн номонд Чингис хааны эцэг нь Исаак гэдэг еврей байсныг монголчууд гуйвуулан Есүхэй болгосон, ээж нь Елена нэртэй орос эмэгтэй байсныг Өүлэн болгосон, Дува сохор бол Библид гардаг Давид гэх зэргээр Чингис хааныг Киевийн хаад Исаакын удмын хүн болох талаар олон таамаг холбож нотлох гэж оролдсон байдаг. Энэ мэтчилэн Чингис хааныг “өөрийн” болохыг батлахыг оролдсон таамаг олон бий.
Тэгвэл “Монгол болон БНСУ-ын генетикч, эрдэмтэд Чингис хааныг европ гентэй болохыг нотоллоо. Ингэснээр Чингис хааны европ гарал үүслийн талаархи эрдэмтдийн олон жилийн маргаанд цэг тавьж байна” хэмээн Оросын сайтуудад бичиж эхэлжээ. Тодруулбал, “PLOS ONE” онлайн сэтгүүлд БНСУ болон Монголын эрдэмтдийн багийнхны хамтарсан “Монгол хатадын гэр бүлийн угийн бичиг, тэд Чингис хааны ураг төрлийн хүн болох тухай” судалгааны тайланг нийтэлсэн байна. Судалгаанд МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн багш, ШУ-ны доктор, профессор Д.Түмэн, БНСУ-ын Чун-Ан их сургуулийн Соёлын шинжлэх ухааны өвийн тэнхимийн багш Гаваачимэдийн Лхагвасүрэн болон Чун-Ан, Дона их сургуулийн багш, эрдэмтдийн баг оролцжээ.

Эдгээр эрдэмтэд Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгой орчмын булшнаас Монголын үеийн хүмүүсийн оршуулга олж, ДНК-ийн шинжилгээ хийж үзээд их эзэн Чингис хаан европ хүн байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Эндээс олдсон дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэйн оршуулгад шинжилгээ хийхэд монголжуу байсан хэдий ч тэдний эрэгтэй талын дээдэс нь R1b-M343 гаплогрупп буюу европчуудад байдаг генийн кодтой, жинхэнэ европ хүн байсан нь тогтоогдсон байна. Шарилд байсан эмэгтэй 40-50 насандаа өөд болсон, тэнд байсан 30 хүртэлх насны гурван эрэгтэйн ээж нь байсан бололтой. Эрчүүдийнх нь хувьд гапло бүлгийн генийн кодтой байсан бол эмэгтэйчүүд нь жинхэнэ ази гаралтай байжээ.
Энэхүү олдвор нь Чингис хааны гарал нэгт Боржигон овгийнхон болох нь тогтоогджээ. Энэ бүхэн нь булшинд дагалдуулсан эд зүйлс, түүний дотор алтан чимэглэлүүд дээр боржигон овгийн тэмдэг болох шонхор байгаагаас илэрхий харагдаж байгаа аж. Шинжилгээгээр эдгээр булш 1130-1250-иад онд хамаарах нь тогтоогджээ. Энэ бүхнээс үүдээд эрдэмтэд энэхүү булш Чингис хааны эрэгтэй юм уу, эмэгтэй талынх нь хамаатнууд гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Өөрөөр хэлбэл, Монголын үеийн хүмүүсийн энэхүү оршуулга Чингис хааны эрэгтэй талын хамаатнууд юм бол Чингис хаан ч мөн “R1b-M343” гапло бүлгийн Ү хромсомтой байна гэсэн үг. Энэ нь ихэвчлэн баруун Европт түгээмэл тохиолддог ген бөгөөд Дорно дахин, Азид бараг байдаггүй юм байна. Тиймээс энэ тохиолдолд Чингис хааны өвөг дээдэс нь европ гаралтай байж таарна гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. Энэхүү хувилбар нь Чингис хааныг ногоон нүдтэй байсан гэдэг Персийн түүхчийн таамаглалд ойртож байна гэжээ.
Гэхдээ Тавантолгойн булшнаас олдсон гурван эмэгтэйн оршуулгын нэг нь Чингис хааны охин юм уу, ач охиных байж болно гэж таамаглажээ. Тэгвэл R1b-M343 гапло бүлгийн генийн кодтой эрэгтэй нь түүний нөхөр, тэгэхээр Чингис хаанд хамаагүй болно гэсэн үг. Энэ булш тэр цагт онгууд буюу Хонгирад аймгийнхны эзэмшил байсан газраас олдсон юм байна. Онгууд гэдгийг гара үүсэл нь тодорхойгүй улс хэмээн үздэг бөгөөд алтай хэлэнд онгууд гэдгийг “барууны хүмүүс” барууны ард түмэн” гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр тэдний өвөг дээдэс нь үнэхээр европ гаралтай байж, R1b-M343-ийн тээвэрлэгч болсон байх магадлалтай гэжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн