Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

​Монголын түүхийн үнэт сурвалжийг монгол хэл дээр орчуулж дуусгажээ

​Монголын түүхийн үнэт сурвалжийг монгол хэл дээр орчуулж дуусгажээ
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 2
Монгол, Хятадын хамтарсан эрдэмтэд 600 жилийн өмнөх Монголын түүхтэй холбогдох түүхэн тэмдэглэлийг монгол хэл дээр орчуулж дуусгасан тухай өнгөрсөн мягмар гаригт мэдээлжээ. Энэ нь Мин гүрний анхны эзэн хаан Жу Юанжаны захиалгаар 1370 онд эмхэтгэн бичиж эхэлсэн тэмдэглэл бөгөөд нийт 210 боть, 15 судраас бүрдэж байгаа аж. Түүхэн тэмдэглэлд Чингис хааны байгуулсан Их Монгол улсын үргэлжлэл монголчуудын байгуулсан Юань эзэнт гүрний уналт, 1368-1644 оны үед Хятадад оршин тогтнож байсан Мин улсын түүх, Монголын улс төрийн бутралын үе буюу Бага хаадын үеийн талаар өгүүлдэг байна. Мин улсын үед Цагаан хэрмийн ихэнх хэсгийг сэргээн босгосон, Хориотой хотыг барьж байгуулсан зэрэг барилга байгуулалтын онцгой бүтээлүүд хийгдсэн байдаг бөгөөд энэ талаар ч тэмдэглэлд бичин үлдээжээ.
Өнгөрсөн зургаан зууны турш түүхчид эртний Хятад хэл дээр бичигдсэн энэхүү түүхэн тэмдэглэлийг Монгол хэл рүү орчуулахаар хэд хэдэн удаа оролдсон ч, дайн болон бусад шалтгаанаас энэхүү хүчин чармайлт нь амжилтгүй болсон байдаг аж. Ингээд 2014 оны гуравдугаар сард Монгол, Хятадын 16 эрдэмтэн Монголын түүхэнд холбогдох үнэт сурвалжуудын нэгийг орчуулахаар хамтран ажиллаж эхэлжээ.
Монголын түүхийн үнэт сурвалжуудын нэг болох энэхүү тэмдэглэлийн монгол хэл дээрх орчуулгыг ирэх хоёр жилийн дотор хэвлэхээр төлөвлөж байгаа аж.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн