Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

​Монголын нүүрсэнд боломж олгох 5 долоо хоног

​Монголын нүүрсэнд боломж олгох 5 долоо хоног
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 4
Австралийн гол нүүрсний уурхай байрлах Квийнслэнд мужаас нүүрс тээвэрлэдэг төмөр замын гол магистралд Дэббие далайн шуурганаас үүдэлтэй эвдрэл үүсч, Австралийн нүүрсний экспорт саарах төлөвтэй байгааг шинжээчид мэдээлж байна. Автсралийн нүүрсний гол төмөр замыг засч, хэвийн байдалд нь оруулахад хамгийн багадаа 5 долоо хоног шаардагдахаар байгааг өнөөдөр Австралийн төмөр замын гол оператор компани болох “Aurizon” мэдээлжээ.
Standart & Poor-ийн мэдээлж байгаагаар Австралийн Бовен бассэйнаас зүүн хойд эрэг уруу нүүрс зөөдөг төмөр замын гол магистралд эвдрэл үүссэнээс болж 15-20 сая тонн коксжих нүүрсний нийлүүлэлт саатаж,  Австрали улс  "форс мажор" буюу гэрээний давагдашгүй нөхцөлд орж, 3.2 тэрбум ам.долларын экспорт хийх боломжоо алдах эрсдэлд орсон байна.
Коксжих нүүрсний нийлүүлэлтийн саатал нь худалдааны үнийг өсгөж магадгүй бөгөөд цаашлаад нүүрс, гангийн томоохон компаниудын хооронд хийгддэг улирлын үнийн индекс тооцоолж байснаас өндөр тогтох нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй гэдгийг зах зээлийн шинжээчид тайлбарлаж байна.
Австралийн нүүрсний төмөр замын эвдрэлээс шалтгаалан өчигдрөөс дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 15 хувиар өсч, тонн тутамдаа 176 ам.долларт хүрчээ.Түүнчлэн, Австралийн нүүрсний төмөр замыг засахад дор хаяж 5 долоо хоног шаардагдах тооцоо гарсаны дараа Монголын МСС болон Тавантолгой ХК-ийн хувьцааны ханш өсч эхлээд байгаа юм. 
Зах зээл шинжээчид  Дэббие хар салхины нөлөөнөөс үүдэж АНУ, ОХУ, Монголын нүүрсний нийлүүлэлт нэмэгдэх учраас дэлхийн зах зээлд нүүрсний нийлүүлэлт тал дээр хомсдол үүсэхгүй гэж таамаглаж байна.  
Өнөөдрийн байдлаар Монголд коксжих нүүрсний олборлолтоороо “Эрдэнэт-Тавантолгой”, МАК, “Саусгоби сэндс”, “Энержи ресурс”, орон нутгийн Тавантолгой, “Шиньхуа Мак” зэрэг компаниуд тэргүүлж байна. Нүүрсний лицензтэй 240 гаруй компани байгаа ч экспортод нүүрсээ гаргаж байгаа цөөхөн хэдэн компани байна. Өнгөрсөн онд манай улс 25 сая тонн коксжих нүүрс экспортод гаргасан юм. 
Хятадын коксжих нүүрсний зах зээлийн 24 хувийг Монгол бүрдүүлж байна.  Нүүрсний нийт экспортод эзлэх хувь 2015 онд 12 хувь байсан бол өнгөрсөн оны эцэст 16 хувь болж өссөн. Энэ нь экспортын хэмжээ болон үнэ өссөнтэй холбоотой бөгөөд Монгол Улс дэлхийн нүүрс экспортлогч 15 дахь орон болсон байгаа. Цаашид нүүрсний хэрэглээ, үйлдвэрлэлээ өсгөх хандлагатай гэж судлаачид дүгнэж байсан билээ. 
Манай улс 2017 оны эхний улиралд нэг тонн коксжих нүүрсийг 70 гаруй ам.доллараар нийлүүлж байгаа юм. Австралийн нүүрсний нийлүүлэлт саарч байгаа энэ үед Монгол нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, үнэ өсөх нөхцөлүүд үүснэ. Харин таван долоо хоногийн боломжийг Монгол Улс ашиглаж чадах уу.
Нийт нүүрсний экспортын дийлэнхи хувийг нийлүүлж буй "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьд Зүүн Цанхийн олборлолтоо зогсоож, ганцхан Баруун Цанхид олборлолт явуулж байгаа аж. Монгол Улс дэлхийн зах зээлд гарч байгаа богино хугацааны боломжийг ашиглахын тулд Тавантолгой Баруун, Зүүн Цанхид зэрэг олборлолт явуулах хэрэгтэй болов уу. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн