-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Багаасаа л зураг зургийн авъяас илэрсэн. Сургуульд ороогүй байхдаа л зураг зурж байлаа. Анх ахдааЛенинийн хөрөг зурж өгөөд, зургийн ажил маань эхэлсэн юм шиг байгаа юм. Уг нь би чинь Хөдөө аж ахуйн дээд сургуульд зоотехникч мэргэжил эзэмшсэн. Гэхдээ ерөөсөө мэргэжлээрээ ажиллаж байгаагүй ш дээ. Улсын геодези зураг зүйн газарт зураачаар ажилд ороод, тэнд 13 жил ажилласан. Энэ хугацаанд Монголын халх голын атласыг анх удаа хийлээ. Монголын үндэсний атласыг анх удаа хийлцлээ. Ер нь анхны гэх тодотголтойг зургийг хийлээ.
-Та эсгийн сийлбэрийг гаргаж ирсэн анхны хүн гэж Оюуны өмчийн газарт бүртгэгдсэн юм байна. Хэзээнээс эхлэн эсгийн дээр сийлбэр хийх болсон бэ?
-1993 оноос эхлээд эсгий сийлбэрээ эхлүүлсэн. 2000 оноос энэ чиглэлээрээ тууштай дагнан ажиллаж байна. Тэр үед Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбоонд гишүүнээр элссэн. Энэ холбоонд ажилладаг эрдэмтэдийн баг эсгийн сийлбэрийг анхных байна уу, үгүй юу гэдгийг судлаад, аргагүй анхдагч юм байна гэдгийг тогтоогоод гэрчилгээ олгосон байдаг юм.
-Эсгийн дээр сийлсэн таны бүтээлүүд дандаа морь, монгол баатар, хатад, хот айл гээд Монгол ахуйг илтгэсэн бүтээлүүд байх юм.
-Хүүхэд байхдаа би морь, хоттой хонь,утаа суунагласан монгол гэр хөдөөний амьдрал ахуйг цаасаар хийчихээд орон доороо өрөөд тавьчихдаг. Тэрийгээ хараад л хэвтдэг байлаа. Тэгээд тэндээс л санаа авсан байх гэж их боддог юм.
-Тэгээд эсгийн дээр товойлгож, “3D” сийлбэр хийе гэдэг санааг яаж олсон бэ?
-Ер нь гадуур дотуур явахдаа их юм харна, сонирхоно. Тэгээд л гэнэт эсгийн дээр юм хийж үзье гэж бодож, нэг эсгий аваад наашаа, цаашаа болгоод л оролдож үзлээ. Эсгий чинь тэгээд яг гарын аясаар, өөрчлөгдөнө. Тэгээд дээр нь зураад, зүсээд, наагуур цаагуур нь жижиг эсгий хавчуулж, булчин шөрмөсийг нь хүртэл товойлгож хийнэ ш дээ.
-Таны хамгийн анхны бүтээл ямар бүтээл байдаг вэ?
-Хамгийн анх соёо шүд нь арзайсан чоно хийсэн. Тэрийг нэг алтны компаний захирал авсан. Сүүлд тэр хүнтэйгээ таарсан чинь, заримдаа чиний хийсэн чоныг хараад айдас хүрдэг. Соёо, шүд нь арзайгаад, яг жинхэнээсээ архирч байгаа юм шиг бодит болсон гэж хэлж байсан. Дараа нь “их нүүдэл”-ийг хавтгай эсгийн дээр биш, бодитоор нь хийсэн. Урд талд нь Чингис хааныг зогсоогоод,үхэр тэргэн дээр гэрээ барьчихсан, адуу малтай нь алган дээр багтахаар жижиг хэмжээтэй хийснийг нэг Япон хүн авсан. Ер нь би Монголд хамгийн их морь урласан хүн байх гэж боддог. Цаашид хийхээр төлөвлөсөн олон бүтээл бий. Хамгийн түрүүнд Чингис хаан, их гүрний түүхийг харуулсан бүтээл, мөн нууц товчоог эсгийн дээр сийлнэ гэж мөрөөдөж явдаг даа.