Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Монголын анхны “IMAX” кино театр маргааш "Оддын аялал: Хязгаарт” киногоор нээлтээ хийнэ

Монголын анхны “IMAX” кино театр маргааш "Оддын аялал: Хязгаарт” киногоор нээлтээ хийнэ
Нийтэлсэн 2016 оны 7 сарын 20
Энэ сарын 22-нд буюу маргааш “Шангри-Ла” зочид буудлын дэргэд “Шангри-Ла Молл” буюу энтертаймент төв нь нээлтээ хийх гэж байна. Энэ үеэр “Өргөө” кино театрын “IMAX” салбар 'Star Trek: Beyond' буюу “Оддын аялал: Хязгаарт” киногоор “Шангри-Ла Молл”-д нээлтээ хийх юм. Уран зөгнөл, шинжлэх ухааны төрөлд багтах“Оддын аялал: Хязгаарт” кино энэ өдөр дэлхий даяар зэрэг нээлтээ хийнэ.
“Өргөө Синема”, Канад улсын Торонто хотноо “IMAX” корпорацитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, Улаанбаатар хотноо “IMAX”-ын хоёр дэлгэцийг ашиглалтад оруулж байгаа юм. Тус кино театр нээлтээ хийсний маргааш буюу энэ сарын 23-наас үзвэрүүд албан ёсоор нээгдэж, олон нийтийн хүртээл болох юм байна. Кино театрын нээлтийн эхний өдрүүдэд 'Star Trek: Beyond'-оос гадна "Now You See Me-2" кино гарах аж. Үзвэрийн тасалбарыг онлайнаар болон “Өргөө 1, 2” кино театрын кассаар худалдаалж байгаа аж. Тасалбарын хувьд том хүн 15 мянга, хүүхэд 12 мянган төгрөгөөр үзвэр үзэх боломжтой юм байна.
Орчин цагийн кино театрын шилдэг технологи болох “IMAX” Монголд нэвтэрснээр, кино сонирхогчдын таашаалд бүрэн нийцэх бодит орчин бүрдүүлээд зогсохгүй, амьд дуу хөгжмийн гайхамшгийг мэдрэх юм.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар нийт 57 орны 837 “IMAX” театр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай орон 58 дахь улсаар бүртгэгдээд байгаа аж. “IMAX” кино театр нь асар том кино дэлгэц төдийгүй, кино бүтээлийн дуу дүрс маш тод, хурц, өндөр нягтралтайгаар гарч, үзэгчид кино үзвэрийг зөвхөн үзээд өнгөрөх төдийгүй гайхамшигт кино бүтээлийн нэгэн хэсэг болсон мэт мэдрэмжийг авдагаараа ямар гайхалтай болохыг сая сая үзэгч, үйлчлүүлэгчид батлан харуулсаар байна.
Одоогоор дэлхий дээр энэ технологийг давж гарах хүчин чадалтай кино театр огт байхгүй аж. Ерөнхийдөө “IMAX” дэлгэцийн өндөр 24 метр буюу нас биед хүрсэн долоон зааныг дээр дээрээс нь давхарласантай тэнцэх боломжтой. Харин нуман дэлгэцийн өргөн 37 метр хүрэх боломжтой. “Шангри Ла Молл”-д нээлтээ хийх “IMAX” театрын дэлгэц дөрвөн давхар байшинтай тэнцэхүйц өндөр, 20 метр өргөнтэй байх юм. “IMAX”-ын хяналтын төвөөс жилийн бүх өдрийн бүх цаг, минутад дэлхийн өнцөг булан бүрт байрлах театруудынхаа хэвийн үйл ажиллагааг хянаж байдаг бөгөөд хэн нэгэн гар аргаар дуугаралтыг өөрчилбөл тэр дор нь илрүүлээд, хэвийн болгодог.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн