Маргааш Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, хаант засаглалаас Бүгд найрамдах засаглалыг тунхагласан түүхэн өдөр. 1924 оны энэ өдөр Ази тив, ардчиллын загвар гэх Англи, Америкаас ч өмнө иргэдийнхээ тэгш эрхийг хуульчилсан бөгөөд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж олсон тусгаар тогтнолоо Үндсэн хуулиараа баталгаажуулсан өдөр юм. БНМАУ-ыг тунхагласан өдрийг тохиолдуулж МУБИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Чунтын Болдбаатарыг ярилцлагад урилаа.
-Хэдий улс даяар албан ёсоор амарч, тэмдэглэхээ больсон ч өнөөдөр түүхэн өдөр мөн. 92 жилийн өмнөх энэ өдрийн талаар хоёулаа ярилцъя.
-Тэгье. Монгол Улс төрт ёсны 2200 гаруй жилийн түүхтэй. Төв Азид монгол угсааны нүүдэлчдийн байгуулсан төр улс Хүннүгээс эхэлж байгаа юм. Яг монгол үндэстэн бий болсон огноо бол Чингис хааны байгуулсан Монголын нэгдсэн улсаас эхэлж яригдана. Одоо бол жалга довны үзэл их хүчтэй болчихсон байна. Чи дөрвөд, би халх, чи буриад, би мянгад гээд. Бид бүгдээрээ л монгол үндэстнийг бүрдүүлж байгаа угсаатны бүлгүүд шүү дээ. Манай төрт ёсны түүхийг харвал засаглалын хэлбэрийн хувьд хоёр хувааж болохоор байгаа. Эхнийх нь, 2200 гаруй жилийн түүхт хаант засаглалтай Монгол Улсын тухай. Хоёр дахь нь, бүгд найрамдах засаглалтай Монгол Улс. Хаант засаглалын амин сүнс нь угсаа залгамжлал. Хааныг хааны хүү, эсвэл түүний угсааныхан залгамжлахаас биш өөр хүн залгамжлахгүй. Бүгд найрамдах засаглалын амин сүнс нь сонгууль. Төрийн эрх барих дээд байгууллагаа ард иргэд нь сонгуулиар бүрдүүлнэ. Бид хоёрын ярих “улс тунхагласан” гэдэг өдөр бол Монголд бүгд найрамдах засаглалыг тунхагласан тухай юм.
Бид “Улс тунхагласаны баяр” гэж ярихаар манай улсын гол баяр юм шиг ойлгогдоод байгаа юм. Энэ бол монголчуудын сэтгэлгээтэй холбоотой. Арваннэгдүгээр сарын 26-нд БНМАУ-ыг тунхагласан өдөр. Уг нь XX зуунд монголчуудын тусгаар тогтнолын түүх дахин сэргэсэн нь 1911 онтой холбоотой. Гэтэл арваннэгдүгээр сарын 26-ныг “Улс тунхагласны баяр” гэхээр хүмүүс төөрөөд байдаг юм. “Тэгвэл 1911 он юу юм бэ” гэж. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд бид улсаа тунхаглаж, тусгаар тогтнолоо зарласан Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний өдөр. Гэхдээ хаант засаглалаар явсаар байгаад 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд бүгд найрамдах засаглалд шилжсэн.
-Ингэж анхны Үндсэн хуулиараа засаглалын хэлбэрээ тунхагласан. Энэ шаардлага, үндэслэл юунаас эхтэй байсан гэж үздэг вэ?
-Азид бүгд найрамдах засаглалтай анхны улс бол Хятад буюу Дундад иргэн улс юм. Монгол Улс бол Азид бүгд найрамдах засаглалаа тунхагласан тав дахь улс. Бүгд найрамдах засаглалыг тунхаглах шаардлагын тухайд ярихад, нэгдүгээрт Богд хаан 1924 оны тавдугаар сард өөд болсон. Тэр үеийн нэр томъёогоор манай улсыг “Гадаад Монгол” гэж нэрлэж байсан. Богдыг өөд болсон тавдугаар сард Бээжинд Зөвлөлт болон Дундад иргэн улсын хооронд нууц хэлэлцээр болж Гадаад Монголыг Хятадын нэг хэсэг гэдгийг оросууд хүлээн зөвшөөрөх маягтай болсон. Ийм улс төрийн нөхцөл бий болсон үед Монгол Улсыг де факто оршин байгаа гэдгийг баталгаажуулах үүднээс Үндсэн хуулиа зарлах шаардлага гарсан гэж манай судлаачид үздэг юм. Тэр нь ч бас үндэстэй.
-Үүнээс өмнө ийм шийдэл, санаачилга гарч байсан уу?
-Монголд нийгмийн шинэтгэл гарах ёстой гэдгийг 1921 оны хувьсгалыг гардаж хийсэн эх орончид үзэж байсан. Гэхдээ ямар хэлбэрийг сонгох вэ гэдэг дээр санал зөрөлдөж байсан. Манай Үндэсний төв архивт тэр үед боловсруулж байсан хоёр ч Үндсэн хуулийн төсөл бий. Нэгийг нь Д.Бодоо боловсруулсан гэж манай судлаачид үздэг. Бат-Очир, Ичинноров, Лонжид гуай нар тэгж бичсэн байдаг. Нөгөөг нь Цэвээн Жамсранов боловсруулсан гэдэг. Д.Бодоогийн боловсруулсан гэж үзээд байгаа тэр Үндсэн хуулийн төсөл 1921 оны арваннэгдүгээр сарын 30-нд батлагдсан Богд хаан Ардын засаг хоёрын хоорондын харилцааг зохицуулсан “Тангарагийн гэрээ” баримт бичигтэй яг адилхан байгаа юм. Үндсэндээ Д.Бодоогийн боловсруулсан гээд байгаа тэр Үндсэн хуулийн төслөөс нэг бүлгийг нь аваад Тангарагийн гэрээ болгочихсон байгаа юм л даа. Д.Бодоо Эрдэнэзуугийн хувилгаан ламд бичсэн захидалдаа “Монгол Улс ирээдүйд Англи улсыг өмнөх толь болгон ухваас зохино” гэж бичсэн байдаг. Сэтгүүлч та нар мэдэж байгаа, Д.Бодоо дээр үеэс сонинд ажиллахдаа нийгмийг шинэтгэх талаар шүүмжлэлт өгүүлэл бичиж алдаршсан хүн. Д.Бодоо яагаад үүнийг хэлэв ээ гэдгийг судлах шаардлага байгаа. Д.Бодоо Английн улс төрийн тогтолцоог ямарваа нэг хэлбэрээр мэдэж байсан учраас ийм санааг гаргаж тавьсан байх боломжтой. Англи улс яг Үндсэн хууль гээд заачих эрх зүйн баримт бичиггүй. Маш олон хуулиуд нь нийлж байж Үндсэн хуулийн агуулгыг тодорхойлдог. Тэгэхээр Д.Бодоо магадгүй Тангаргийн гэрээ, Засаг ба засаг бус ван, гүнгүүдийн эрх хэмжээний тухай дүрэм, Нутгийн захиргааны дүрэм ч зэргийг гаргаад, тэр нь нийлж Үндсэн хуулийн агуулгыг бүрдүүлэх Англи маягийн тогтолцоо руу явж байсан байж магадгүй.
-Ж.Цэвээн, Д.Бодоо нарын төсөлд Богд хааны эрх хэмжээг хэрхэн бичиж үлдээсэн байдаг вэ?
-Д.Бодоо, Ж.Цэвээн хоёрыг Үндсэн хуулийн төсөл санаачилж байх үед Богд хаан амьд байсан. Тэгэхээр Богд хаан, Засгийн газар, бас хууль тогтоодог хурлын байгууллага байж таарна. Энэ гурван институцийн хооронд ямар эрх хэмжээ явагдах юм бэ гэдгийг Д.Бодоогийн ч, Ж.Цэвээний ч Үндсэн хуулийн төсөл дээр тусгасан байна. Богд бол хаан буюу төрийн тэргүүн учраас Үндсэн хуулийн төсөлд Богдыг хасаагүй. Харин 1924 онд Богдыг нас барсны дараахь Үндсэн хуулийн төсөлд Богд хааны талаар байгаагүй. Өөрөөр хэлбэл, тэр хоёрын Үндсэн хуулийг боловсруулах явц дээр Богд хаан амьд сэрүүн байсан явдал ямар нэг хэлбэрээр нөлөөлж байсан гэдэг таамаглалыг түүхчид өгдөг. Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг 1922 онд байгуулж ажиллуулсан ч олигтой зүйл хийгдээгүй. Тэд хаант засаглалтай улсын Үндсэн хуулийг монгол хэл дээр орчуулах ажил хийсэн. Голчлон Япон, Дани, Голланд зэрэг улсын хуулийг орчуулсан. Удалгүй тэр комиссыг татан буулгасан.
-Комиссыг татан буулгах гол үндэслэл нь юу байв?
-Зөвлөлт Орос улсын Үндсэн хуулиас үлгэр аваагүй байна гэсэн. Дараа нь дахиж нэг комиссыг байгуулсан. Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор толгойлуулсан, ихэвчлэн буриадууд байгаа юм. Цэвээн Жамсранов, Элбэгдорж Ренчино гээд олон хүн байсан. Энэ ажлын хэсэгт нэн даруй Үндсэн хуулийг боловсруулах даалгавар өгсөн. Улсын анхдугаар их хурал хуралдахаас үндсэндээ 20 хүрэхгүй хоногийн өмнө төслийг боловсруулж дууссан. Анхдугаар их хурал арваннэгдүгээр сарын 8-29-нд хуралдсан. Гэтэл аравдугаар сарын 20-дын үеэр байгуулагдсан комисс шүү дээ.
-Анхны Үндсэн хуулийг боловсруулсан гол хүн нь хэн гэж түүхчид үздэг вэ?
-Коминтернын төлөөлөгч байсан Турар Рыскулов гэдэг хүн Монголын анхны Үндсэн хуулийг голлож боловсруулсан гэж үздэг юм. Энэ хүний угшил нь хасаг. Тэр хүн Зөвлөлт Оросын Үндсэн хуулийн төрийн байгууллын загварыг манайд тэр чигт нь авчирсан. Тэгээд 1924 оны аравнэгдүгээр сарын 25-нд Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталсан. 26-нд нь индэрийн хурал хийж Монголын нийт ард түмэнд зарласан учраас бид “Бүгд найрамдах Монгол ард улсыг тунхагласан өдөр” гэж түүхэнд тэмдэглэсэн.
-Тэр үед хоёр хөрш энэ үзэгдлийг хэрхэн хүлээн авч байсан бэ?
-1924 оны Хятад, Оросын гэрээгээр Монголыг Хятадын нэг хэсэг гээд оросууд хүлээн зөвшөөрчихсөнбайсан үе. Гэхдээ хятадууд дотооддоо иргэний дайнтай байсан учраас Монголын асуудалд оролцож завдахгүй байсан. Оросууд бол өөрсдийн нөлөөгөө Монголд хүчтэй тогтоохын тулд манай анхны Үндсэн хуулийг боловсруулах явцад Коминтернын төлөөлөгчийг оролцуулж байна. Үндсэн хуульд бол хятадуудын нөлөө ороогүй. Гэхдээ тэд “Да жунтан гэдэг ерөнхий даргыг сонгохгүй” гэсэн. Тэр нь ерөнхийлөгч гэсэн үг л дээ. Тийм учраас Монголын анхны Үндсэн хуульд ерөнхийлөгч гэж байхгүй. Ерөнхийлөгч гэж Богд хааныг заасан.
-Богд хааныг нас барж, Үндсэн хуулиас хассаны дараа залгамжлах явц үргэлжилсэн үү?
-Богд хааныг тодруулах асуудал гараад Есдүгээр Богдыг Төв аймгийн Ноён уулын орчимд Лувсанданзан гэдэг нэртэй хүнийг албан бусаар тодруулсан. Төрийн хэмжээнд биш, шашны л хэмжээнд. Тэр хүн 1947 онд цэрэгт яваад нас барсан гэсэн аман мэдээ байдаг. Богд хааныг тодруулах асуудал хүч аваад ирэхэд нь Намын их хурлаар авч хэлэлцсэн юм билээ. Тэгээд Цэвээн Жамсрановын саналаар “Богд гэгээний хойд дүрийг тодруулна гэдэг бол цусан зүрхтэй, усан нүдтэй бид бүгдийн хийж чаддаг ажил биш ээ. Тийм учраас үүнийг Далай ламаас асуух хэрэгтэй” гээд хойшлуулсан гэж байгаа юм. Далай ламаас асуух үүднээс Төвд рүү төлөөлөгчдийг илгээсэн байдаг. Тэр хэдийг яваад ирэх хооронд Монголд коминтерн төрийн эргэлт хийгээд 1929 оноос Улсын V их хурлаас хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулахыг хуулиар хориглосон. Тэр хуулийг хүчингүй болгосон зүйл одоо хүртэл байхгүй. Тэрнээс үүдэж Богд гэгээнийг тодруулах асуудал зогссон.
-Энэ түүхэн өдрийг монголчууд баяр болгон тэмдэглэж байх ёстой юу. Түүхч хүний хувьд юу гэж үздэг вэ?
-Түүхээ мэдэж, сэргээж тэмдэглэх ёстой. Чи түүхээ мэдэхгүй бол хэн нэгэн чамд түүх зохиож өгнө гэдэг үг бий. Түүхээ мэдэж, ой санамжаа сэргээж байна гэдэг бол сайн зүйл.Хуучин Хөдөлмөрийн хуулиараа энэ өдөр бид амардаг байсан.Амардаг өдрийг нь арванхоёрдугаар сарын 29 рүү шилжүүлснийг та бид мэднэ. Ер нь хамгийн нижгэр тэмдэглэсэн нь бараг л 1934 онд Бүгд найрамдах засаглал тогтсоны 10 жилийн ойг улс даяар тэмдэглэсэн байдаг. Тэгэхэд ойд зориулж түүхийн дөрвөн боть эрхлэн гаргасан байдаг юм. Амарын “Монголын товч түүх”, Дэндэвийн “Монголын түүх”, Чойбалсан, Дэмид, Лосолын “Монголын үндэсний ардчилсан хувьсгал үүсч байгуулагдсан товч түүх”, Бадрахын “Бадрахын баруун этгээдтэй тэмцсэн тэмдэглэл” бүтээлүүд. Одоо ч түүхэнд хандах хандлага өөр болчихлоо. Хуучин бол Марксист, Ленинист үзэл баримтлалыг түүхийн дэг сургууль болгочихсон. Тэрүүгээр аливаа нийгэм бол дарлагч, дарлагдагч гэсэн хоёр бүлэгт хуваагддаг. 1911 онд монголчууд тусгаар тогтнолоо зарласан боловч тэнд нийгмийн элит хэсгийнхэн буюу лам, ноёд нэг хэсэг, хамжлагууд нөгөө талд нь байсан. Үүнийг нийгмийн түүхээрээ феодализмын түүх гэж явуулаад 1921 оноос хойш “Монголын шинэ үеийн түүх” гэж нэршүүлсэн. Тэгээд 1921 оны хувьсгал, улс тунхагласны баяр гэж түүхэнд хандаж байсан учраас тэмдэглэж яваад байсан. 1990 оноос хойш монголчуудын түүхэд хандах хандлага өөр болчихлоо шүү дээ.