Шинэ жил тэмдэглэх үйл явдлыг одоогоос 2000 гаруй жилийн өмнөөс хүн төрөлхтөн тэмдэглэж иржээ. Харин өнөөдөр дэлхийн 200 гаруй улс орны ихэнх хэсэг нь христийн шашнаас баримтлаж ирсэн цаг тооллоор шинэ жилээ тэмдэглэж хэвшээд байна. Эртний ромууд нэг жилийг 10 сард хуваан үзэж гуравдугаар сарын нэгнийг шинэ оны эхний өдөр хэмээн тооцдог байсан тухай судлаачид бичиж тэмдэглэсэн байдаг.
Харин МЭӨ 713 оноос энэ хуанлид нэг, хоёрдугаар сарыг нэмж тооцох болсноор шинэ оныг тэмдэглэх сар, өдөрт өөрчлөлт орсон байна. Ингэснээр шинэ оныг тухайн жилийнхээ нэгдүгээр сарын 1-ний өдөр тэмдэглэх болжээ. Гэхдээ энэ сонголтыг хийхийн тулд хүн төрөлхтөн 600 жилийг өнгөрөөсөн юм.
Өнөөгийн хүн төрөлхтөний тэмдэглэж хэвшээд буй шинэ жилийн өдөр цагийг дэлхийн улс орнууд дотроос хамгийн анх Австри улс тодорхойлж арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 00:00 цагийг өнгөрсөн оны төгсгөл, шинэ оны эхний өдөр хэмээн сонгож улс даяараа тэмдэглэн ёслолын буудлага гэх мэт баярын арга хэмжээг зохион байгуулж байжээ. Тэдний энэ санаачлагыг Европ, Америк болон бусад тивийн улс үндэстнүүд дэмжин шинэ оныг тэмдэглэж ирсэн ба энэ ёс Ази тивд хамгийн сүүлд нэвтэрсэн байна.
Нүүдэлчин Монголчууд өөрийн өвөг дээдсээс уламжлан, баримтлаж ирсэн цаг тооны хэмжүүртэй соёлт ард түмэн билээ. Тэд цаг хугацааг од эрхэс, сар, нарны хөдөлгөөнөөр тооцон хэмждэг байсан нь өнөөгийн шинжлэх ухааны хэмжүүрийн үндэс болж ирсэн юм. Харин христийн шашны энэхүү шинэ жилийн баярыг тэртээх 1910 онд Халхын Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч ван Наваажанцан өөрийн түнш, хил залгаа нутаглаж байсан Орос найз нарынхаа хамт жил бүр тэмдэглэн угтдаг байсан тухай эрдэмтэн судлаач О.Пүрэв агсан өөрийн “ХХ зууны Монголын түүхэн газар зүй” хэмээн бүтээлдээ тэмдэглэн үлдээжээ.
Засагт хан Наваажанцан орос найз нараа өөрийн дүнзэн байшиндаа урьж авчран, өргөөндөө гацуур мод чимэглэн засаад баян хуур хөгжим хангинуулан дуу хуур хөгжөөн найрлаж байжээ. Тэрээр Оросын соёлыг талархан хүндэтгэдэг нэгэн байсан бөгөөд савхин эдлэлээр хийсэн европ хувцас өмсдөг, унадаг дугуй унаж хэрэглэдэг байсан гэдэг. Эрдэнэдүүрэгч вангийн хошуу нь одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг болон Улаан-Уул, Баянзүрх сумын хойд хэсэг, Завхан аймгийн Их-Уул, Тасанцэнгэл сумын нутаг дэвсгэр хамаардаг байжээ.
Түүнчлэн 1930-аад оны үед их зохиолч Д.Нацагдорж шинэ жилийг анх тэмдэглэж байсан гэдэг.
Үүнээс хойш жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нийг оны сүүлчийн өдрөөр тооцож, шинэ жилийн баярыг тэмдэглэдэг уламжлал бий болжээ. Энэ нь улам өргөжин зургаан жилийн өмнөөс Улаанбаатар хотноо сүлд модны гэрэл асаах ёслолыг хийж, он солигдох мөчийг угтах болсон юм.