Open iToim app
Тэд бидний тухай | 3 мин уншина

Монголоор дайран өнгөрөх Бээжин, Москваг холбосон төмөр замын ажлыг эхлүүлнэ

Монголоор дайран өнгөрөх Бээжин, Москваг холбосон төмөр замын ажлыг эхлүүлнэ
Нийтэлсэн 2016 оны 7 сарын 1
Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн саяхан Ташкентад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдааны үеэр гурван талт уулзалт хийж “Эдийн засгийн коридор” байгуулах гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээ ёсоор гурван улс нийт 32 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд үүний нэг нь Хятад, Оросыг Монголоор дайруулан холбох Хойд төмөр замын коридорын төсөл байх аж. Энэхүү төмөр зам нь Тианжинь боомтоос Хятадын зүүн эргээр дамжин Эрээн хоттой холбогдож, цааш Улаанбаатар, Эрдэнэт-Овоот, Арцсуурь-Кызылийг дамжин өнгөрч Курагино дахь Транс-Сибирийн төмөр замтай холбогдох чухал ач холбогдолтой юм. 2100 км-ийн энэхүү төмөр замын төсөл альхэдийнэ эхлээд байгаа бөгөөд Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт орших Овоотын нүүрсний стратегийн ордын чиглэлд 547 километр төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газраас “Aspire Mining” компанийн охин компани “Northern Railways” ХХК-д таван жилийн хугацаатай олгоод байгаа юм. Эрдэнэт-Овоотын төмөр замыг барьж дуусгасны дараа үлдсэн 1414 км төмөр замыг барих юм.

Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замд нэг үндсэн өртөө, 8 зөрлөгтэй байхаар төлөвлөсөн бөгөөд тээх чадвар нь жилд 22.2 сая тонн, нэвтрүүлэх чадвар нь хоногт 16 хос галт тэрэг байхаар тооцоолж байна. “Northern Railways” ХХК нь Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын төслийг 30 жилийн хугацаатай “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр эзэмших бөгөөд концессийн хугацаа дуусмагц уг төмөр замын суурь бүтцийг зуун хувь төрийн өмчлөлд шилжүүлэх юм.Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь дээшлүүлэн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлснээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц болно гэж үзэж байна.
"Aspire Mining" компанийн төмөр замын дэд бүтцийн салбар хариуцсан "Northern Railways" компани төмөрзамын ажлын эхний шатыг эхлүүлэхээр Хятадын банкнаас зээл хүсээд байгаа юм. Хятадын төмөр замын барилга байгууламжийн корпорацийн охин компани болох “20 бүлэг” буюу "CR20G" нь Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын зураг төслийг хариуцаж байгаа юм. "Aspire Mining" компанийн мэдэгдэж буйгаар Хятадын Төмөр замын барилга байгууламжийн корпорацтай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь Хятадын банкны санхүүжилт шийдэгдэх таатай нөхцөл болж байгаа ажТус корпорац БНХАУ-аас гадна бусад оронд авто зам, метро, гүүр, нүхэн гарц, орон сууц барьсан туршлагатай аж. Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт-Овоот-Арц суурь чиглэлийн төмөр замын царигийн хэмжээг тогтоогоод байгаа аж.Эрдэнэт-Овоот чиглэлд 547 км урт төмөр зам тавих нь Монгол Улсын хойд нутгийн аймгуудыг ОХУ-тай холбох зорилготой үндэсний бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажил юм. Бүрэн үйл ажиллагааны үед уг төмөр замаар бараа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ерөнхий болон зорчигч тээврийн ачаа, тухайлбал, ОХУ-БНХАУ хоорондын дамжин өнгөрөх ачаа гээд жилд 30 сая тонн ачааг тээвэрлэх боломжтой.
Түүнчлэн “Aspire Mining” компаниас үндэсний төмөр замын оператор УБТЗ-аас Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын ажлын техникийн болон арилжааны асуудал хариуцсан ажлын хэсэг байгуулагдаад буйг мэдээлсэн байна.
Дашрамд сонирхуулахад, гурван улсын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн хүрээнд 32 төслийг хэрэгжүүлсэнээр Монгол улс бүс нутгийн эдийн засгийн байр сууриа нэмэгдүүлэх боломжтой юм. Мөн “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн баримт бичигт дурдсанаар хамтын ажиллагааны чиглэлүүд нь нэгд, тээврийн дэд бүтцийн харилцан уялдаа бүхий хөгжлийг дэмжих, хоёрт, хилийн боомтуудыг хөгжүүлэх, гаалийн болон хорио цээрийн хяналтыг боловсронгуй болгох, гуравт, аж үйлдвэр болон хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, дөрөвт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тавд, хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, зургаад, хүрээлэн буй орчныг хамгалах, экологийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, долоод, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн