Сүүлийн гурван жилийн хугацаанд банк бус санхүүгийн байгууллагын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал 2014 онд нийт 378 ББСБ үйл ажиллагаа явуулж байсан бол 2015 онд 450, 2016 оны аравдугаар сарын байдлаар 509 болж өссөн байна. Үүнээс 53 нь орон нутаг үйл ажиллагаа явуулж байгаа бол үлдсэн нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ оны аравдугаар сарын байдлаар ББСБ-ын нийт хөрөнгө 412 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин ББСБ-ын нийт зээлийн 22 тэрбум нь хугацаа хэтэрч, 49 тэрбум төгрөгийн зээл чанаргүй болжээ. Тиймээс цаашид зээлийн чанарыг сайжруулахад анхаарал хандуулах зөвлөмжийг ББСБ-уудад Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн байна.
Иргэдийн хувьд банкны өндөр шалгуурыг хангаж чадахгүй учраас ББСБ-аас зээл авах нь нэмэгдэж байгаа аж. Мөн эдийн засгийн байдлаас болж банкууд зээл олголтоо хумьж эхлээд байгаа юм.
Санхүүгийн зохицуулах хороо хуулийн дагуу ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоодог. Энэ оны гуравдугаар сард 72 тоот тогтоол гаргаж, уг хэмжээг нэмэгдүүлж, оны эцэс гэхэд шинэчилсэн байхаар шийдвэрлэсэн. Үүний дагуу ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлсээр байна.
Өнгөрөгч есдүгээр сард Санхүүгийн зохицуулах хороо нэр бүхий таван ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу нийт 4.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн бүртгэлээ. Ингэснээр дээрх таван ББСБ-ын гурав нь хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг ханган ажиллах боломжтой болж байгаа юм.