Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

​Монголд хонины сүүл, жамц давстай саван үйлдвэрлэж эхэлжээ

​Монголд хонины сүүл, жамц давстай саван үйлдвэрлэж эхэлжээ
Нийтэлсэн 2015 оны 8 сарын 24
Байгалийн цэвэр органик түүхий эдээр саван, ваннын бөмбөг, лаа хийдэг “Natural Essentials” компанийг танилцуулж байна. Тус компанийн “Lhamour” нэрийн бүтээгдэхүүнүүд химийн бодисгүй бөгөөд монгол түүхий эд ашиглаж хийдгээрээ онцлог юм. Компанийн менежер С.Отгонжаргалтай ийн ярилцав.
-Танай компани хэзээ байгуулагдсан бэ. Одоо хэдүүлээ ажилладаг бол?
-Манай компани 2014 оны зургадугаар сард ганцхан хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Компанийн үүсгэн байгуулагч, захирал маань Д.Хулан гэдэг эмэгтэй байдаг. Сэргээгдэх эрчим хүчний менежмэнтээр АНУ-д магистр хамгаалсан. Салхит цахилгаан станцын төсөлд ажиллаж байгаад “Lhamour” брэндийг үндэслэсэн. Ингээд таван залуу аваад ажиллаж үзсэн ч амжилттай явж чадаагүй. Ажлын байранд хулгай зэлгий орохоос авахуулаад их л бэрхшээл тохиолдсон юм. Намайг энэ оны нэгдүгээр сарын 20-нд орж ирэхэд захирал ганцаараа болсон байсан. Одоо захирал, менежер, нягтлан бодогч болон үйлдвэрийн гурван ажилтантай зургуулаа ажиллаад явж байна.
-Анх ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бэ?
-Ваннын бөмбөг. Дэлхийд ваннын бөмбөг гэдэг зүйл байгаа. Гэхдээ нуурын давс буюу бусад давсыг хэрэглэдэг. Бидний ашигладаг жамц давс бол зөвхөн Монголд ууланд ургадаг. Жамц давсыг яг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглаж байгаагүй юм билээ. Хүмүүс ваннын хөөс, ваннын давс гэж янз бүрээр нэрлэдэг. Бид яагаад “бөмбөг” гэсэн бэ гэхээр хүний биед шаардлагатай тоснууд, давс, витамин орсон цогц бүтээгдэхүүн. Бид эфирийн тос, витаминуудаа найдвартай гэдэг үүднээс Германаас авдаг. Чацарганын тос бол түлэгдсэн арьс төлжүүлдэг, тэжээл өгдөг, антиоксидант, янз бүрийн витамин агуулдаг. Оливын тостойг бас хийж байгаа. Олон улсад ямар бүтээгдэхүүнд юу ашиглаж байгааг судалсан. Ваннын бөмбөгнөөс гадна биеийн арьс гуужуулагч бас хийж байгаа. Чацарганын тостой, бас кофетой арьс гуужуулагч байна. Колумбаас кофе оруулж ирээд бутлаад хуурч байгаа нэг л компани Монголд бий. “Реаberry” гэдэг нэртэй. Бид тэдний цэвэр кофег авч бүтээгдэхүүндээ ашигладаг.
-Хэдэн төрлийн саван хийж байгаа вэ. Харшлын эмнэлгүүд танай саванг захиалж авдаг гэж сонссон?
-Манайх оливын тостой, хонины сүүлтэй, ямааны сүүтэй, үхрийн сүүтэй, чацарганын тостой, хүүхдэд зориулсан чацарганын шүүстэй саван хийж байгаа. Ямааны сүүтэй саванг ихэвчлэн харшлын эмнэлгүүд захиалгаар хийлгэдэг. Харшилтай хүмүүст их сайн зохицож байна гээд авдаг. Ер нь элдэв химийн хольцгүй учраас хүмүүс манай бүтээгдэхүүнийг FB, утсаар зураглаж байгаад авчихдаг юм. Бид Монголд огт хийж байгаагүй гурван төрлийн шинэ саван гаргах гэж байгаа. Арай зарлах болоогүй байна. Бас хүмүүсийн хүсэлтээр саван дээр хүний нэр, компанийн лого хийх үйлчилгээ үзүүлж байгаа. Ингэж бичүүлэхэд үндсэн үнэ дээр нь 2000 төгрөг л нэмдэг. Манай бүх ажиллагаа гар аргаар явдаг. Машинаар хийдэг ганц ч дамжлага байхгүй.
-Уруул өнгөлөгч хийдэг гэсэн үү?
-Чацарганын тостой, зөгийн лавтай уруул өнгөлөгч хийдэг. Чацарганаа Увсаас, зөгийн лаваа Сэлэнгээс, хонины тосоо найдвартай хүмүүсийн дэлгүүрээс авчихдаг юм. Яваандаа үйлдвэрээ өргөжүүлэх зорилготой байгаа. Зөгийн лав бол урууланд тэжээл өгч, аливаа нянг устгах үйлчилгээтэй. Дээрээс нь наргил модны тосоор уруул өнгөлөгч хийж байгаа. Бид нэгэнт брэнд үүсгэж байгаа болохоор Монголдоо хамгийн сайн гэдэг бүтээгдэхүүнийг түлхүү оруулаад олон улсад хүний бие, эрүүл мэнд, гоо сайханд сайн гэсэн бүтээгдэхүүнийг бас шингээж байна. Тэгээд ч ганц монгол биш гадаад хүмүүс авч байгаа.

-Бүтээгдэхүүнээ гадаадад гаргаж байна уу?
-Манайх дөнгөж өнгөрсөн гуравдугаар сараас бүтээгдэхүүнээ худалдаж байгаа айл. Арай гаргаагүй ээ. Гэхдээ зорилго, сэтгэл байхад юу хийж болдгийг мэдэрч л байна. Бас бид Монголд анх удаа зөгийн балтай лаа хийж байна. Лааны хувьд асалт удаан, агаар цэвэршүүлнэ, амьсгалын замын өвчтэй хүнд эерэгээр нөлөөлдөг. Лаагаа шилэнд савласан. Шилэнд савласны дараа Худалдаа аж үйлдвэрийн танхимаас манайхыг “Байгаль орчинд ээлтэй, 100 хувь хаягдалгүй компани”-иар дүгнэсэн. Манайхаас лаа авсан хүмүүс шилээ аваад ирдэг. Шилээ авчирвал тэрэнд нь лаа дүүргэж өгөөд үнийг нь 30 хувиар хямдруулдаг.
-Танай савлагаа дажгүй юм?
-Бид баглаа боодол, нэрийн хуудас, мэндчилгээ зэрэгтээ дахин боловсруулсан цаас ашигладаг. Шинэ цаас ашиглах бүрт цаана нь хэдэн метр куб мод огтлогдох билээ дээ. Энэ үүднээс бага ч болох байгаль дэлхийдээ аюулгүй үйлдвэрлэл явуулъя гэж байгаа. Савлагааны гаднахь зургийг хоёр залуу зурдаг. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн