Казиногийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийг Засгийн газар дэмжчихлээ. Үндсэндээ энэ хаврын чуулган, чадахгүй бол ирэх намар баталчих байх гэсэн үгийг УИХ-ын зарим гишүүн хэлж байна. Эдийн засгийг эрчимжүүлэх нэрийн дор өмнөх Засгийн газраас Казиногийн хуулийн төслийг оруулж ирсэн. Эртхэн шиг казино байгуулчихвал эдийн засгаа сэргээж, солонгоруулж, жуулчдыг татаж, хөрөнгө оруулалт татаж болно гэв. Казинод их мөнгө эргэлддэг, тэрнээс улс их татвар авдаг нь үнэн. Гэхдээ казиног дагалдах аюул түүнээс ч дутахгүй хохиролтой гэдэг. Бохир мөнгө угаах, янхандалт, хар тамхины худалдаа казиног дагаж цэцэглэдэг. Тусгай субьектүүдийн нэрлэдгээр эдгээрийг “шинэ төрлийн гэмт хэрэг” гэдэг.
Манайх мөнгө угаах, хүний наймаа, мансууруулах бодисын хууль бус эргэлтийн хамгийн том зах зээл Орос, Хятадтай хиллэдэг. Монголыг дамжин өнгөрүүлэгч, тээвэрлэгч улсын ангилалд оруулдаг. Манай хууль сахиулагчид, мөрдөгчид энэ гэмт хэргийг илрүүлж, тэмцэх арга барилаа хангалттай олж амжаагүй. Засаг төр үүнтэй тэмцэх эрх зүйн орчин, техник хангамжийг нь сайн бүрдүүлж өгөөгүй учраас “шинэ төрлийн гэмт хэрэг” хэвээр л байгаа. Хамар хашааны Баяраа мөнгө угааж, хүн наймаалж, хар тамхи гадагшаа гаргаж чадахгүй. Хаалгаараа гарахаасаа өмнө аавдаа баригдаж дэлбэ нүдүүлнэ. Арван Баяраа нийлээд Монголоо аргаллаа гэхэд Орос, Хятадын хууль сахиулагчдад тав алхахгүй баригдана. Ийм учраас улс дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэл л энэ хортой тоглоомоор тоглодог. Харин бидэнд энэ хүчний эсрэг зогсох найдвартай хамгаалалт байгаа билүү. Байгаа гэдгийг хууль хяналтын байгууллагынхан итгэлтэй хэлж, нотолж чадахгүй бол казино гэж яриад хэрэг алга. Өнөөдөртөө бид гадаадын жуулчдаас мөнгө олж, улсаараа баяжих тухай ярьж байна. Мөнгө олох чухал ч гэсэн үндэсний аюулгүй байдлаа гаргуунд нь гаргачихвал улсаараа хохирно. Иймээс эрсдлийг тооцохгүйгээр Казиногийн хуулийг боловсруулж, яаран батлах шаардлагагүй юм. Үнэхээр иргэдээ казинод донтуулахгүй, байгаа бол дэлхийн стандартад нийцсэн, жуулчдыг жинхэнэ утгаар нь татах казиногоо байгуулахад болохгүй зүйлгүй.
Казиног дэд бүтэц хөгжсөн хоёр байршилд байгуулна. Тусгай зөвшөөрлийг нь 10 жилээр олгоно. Нэг удаагийн тусгай зөвшөөрлийг 35 тэрбумаар арилжина. Казинод онцгой албан татвар ногдуулах бөгөөд энэ нь үйл ажиллагааны орлогын 15 хувь байх юм. Мөн казино байх ширээ бүрээс сард 5.5 сая төгрөгийн тогтмол татвар авна. Түүнчлэн казино цогцолборын 85 хувь нь зочид буудал, үйлчилгээнийх, 15 хувь нь казиногийн зориулалттай байна гэж Казиногийн хуулийн төсөлд тусгаад буй юм.
Аливаа хууль хэсэг бүлгийн ашиг сонирхол дээр үндэслэж босдог, бас батлагддаг. Казиногийн хуулийг захиалагч нь монголчууд биш гадаадууд байх магадлалтай. Үүнийг казино байгуулах өмнөх оролдлогууд гэрчилдэг. Тухайлбал, казиногийн анхны хууль 1998 оны нэгдүгээр сарын 15-нд батлагдсан. Хуулийг санаачилж батлуулсан УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нарын эрхмүүд буруутаж, ял сонссон. Тэд Ингэснээр 1999 онд хуулийг хүчингүй болгосон байдаг.
Казино байгуулах дараагийн оролдлого 2007 оны дөрөвдүгээр сард гарсан. УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж тэргүүтэй А.Бакей, Батж.Батбаяр, Р.Гончигдорж, А.Мурат, Р.Нямсүрэн, Л.Одончимэд, К.Сайран, Д.Туяа нар Казиногийн хуулийг төслийг санаачилсан. Гаднын санхүүжилттэй “Морин нуур ресурс” компанийн захиалгаар хууль санаачилсан гэх хардлага хуулийн төслийг унахад хүргэсэн юм.
Гурав дахь оролдлого нь 2009 онд УИХ-ын гишүүн Д.Загджав, Г.Баярсайхан, Д.Кёкүшюзан Батбаяр, Ц.Цэнгэл, Д.Хаянхярваа, Л.Гүндалай, Х.Жекей нарын санаачилсан Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төсөл. 2007 онд Ц.Шаравдорж нарын өргөн барьсан хуулийн төсөл тэр чигээрээ орж ирсэн нь мөн л өнөөх “Морин нуур” төсөлтэй холбоотой гэх хардлагыг төрүүлсэн. Ганц компанид давуу эрх олгох хуулийн төсөл хэмээн тухайн үед дэмжээгүй билээ.
Сүүлийн оролдлого шийдлийн гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газрын үед гарч Ч.Сайханбилэгийн шийдлийн Засгийн газраас УИХ-д хэлэлцүүлэхээр дэмжигдээд байна. Өмнөх оролдлогуудад Казиногийн хуулийг өргөн барилцаж байсан УИХ-ын гишүүдээс одоогийн парламентад А.Бакей, Р.Гончигдорж, Г.Баярсайхан, Д.Хаянхярваа нар сууж байна. Тэдний хувьд Казиногийн хуулийг энэ удаа ч дэмжинэ гэдгээ нэгэнт илэрхийлээд байгаа билээ. Бид УИХ-ын бусад гишүүний Казиногийн хуулийн төслийн талаарх байр суурийг сонирхлоо.
-Ц.Даваасүрэн: Гаднынханд зориулсан казино хэрэгтэй
-Аялал жуулчлалтай холбогдуулаад эхлүүлэх ёстой гэж бодож байгаа. Гэхдээ буудал бүрийн дор байж болохгүй. Гаднынханд зориулсан казино байгуулах хэрэгтэй. Хязгаарлагдмал хүрээнд иргэдээ тоглуулахгүй байх нь одоохондоо дээр.
-Д.Батцогт: Залуучууд байдгаа барчих вий гэсэн зовнил байгаа
-Казиногийн хууль Засгийн газраас өргөн баригдсан. Казино байгулах цаг болсон гэж би үздэг. Хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрлийг нь өгөх үү, яах вэ гэдэг л асуудал байгаа. Ер нь казино бол болохоос байсан зүйл, тэрийг дагаад элдэв янзын гэмт хэргийн уул уурхай орж ирнэ гэдгээр тайлбарладаг. Ийм юм ер байхгүй. Дэлхийн орнууд ирж байгаа жуулчдын тоогоо өсгөхийн тулд казино байгуулж байна. Ингээд амжилтад хүрсэн улс их байна. Солонгос казиногоо байгуулахад нийт жуулчдын тоо нь дөрөв дахин нэмэгдсэн судалгаа бий. Сүүлийн үед Япон ч казино байгуулж, жуулчдаа дуудъя гэж байна. Улс авдаг татвараа авч, жуулчдын мөнгө Монголд үлдэх учраас би энэ хуулийг дэмжиж байгаа. Одоо бол тамын тогооны үлгэр шиг улстөржүүлэлгүй эрүүл нүдээр харах чухал. Иргэдээ оруулах уу гэдгийг нухацтай бодох ёстой. Залуучууд маань ороод байдгаа барчих вий гэсэн санаа зовнил УИХ-ын гишүүдэд байгаа.
-Н.Батцэрэг: Иргэдээ оруулах нь зөв байж болно
-Бид 1990-ээд оны сүүлээр Монгол Улсын ерөнхий хөгжлийг төвшин муу, элдэв эрсдэл байсан л байх. Тэр үеэс хойш 20 гаруй жил өнгөрөөд байна. Өнөөдөр бол хүмүүсийн нүд нээгдсэн, Монгол Улс өрсөлдөх чадвартай, шийдвэр гаргагчид аливаа асуудлыг ярихдаа эрсдэлээ тооцдог болсон байна. Ийм учраас Монголд казино байгуулах цаг болсон байна. Азийн орнууд казино дээр түшиглэж аялал жуулчлалаа амжилттай хөгжүүлж байхад бид тэднээс хоцрох хэрэггүй. Холбогдох байгууллагууд иргэдийн дунд судалгаа явуулж байж монгол хүн казинод орох эсэхийг шийдэх ёстой. Магадгүй иргэдээ оруулах нь зөв байж болно.
-О.Баасанхүү: Казиног сонирхдог гадаадын зургаан компани байдаг
-Казино байгуулбал Монголд хөрөнгө оруулалт татах, жуулчдыг ирүүлэх ач холбогдолтой гэж ярьж байгаа нь худлаа. Яагаад гэвэл, эдийн засгийн хямралтай байдлыг ашиглаж чоно борооноор гэдэг шиг казино байгуулах гээд байна. Казино байгуулсан жишгийг харахад, аливаа улс эхлээд хөгжиж, тэр хөгжлийнхөө нэг хэсгээс казиног байгуулсан байдаг. Тэрнээс биш ядуу байж казино байгуулаад хөгжсөн улс гэж байхгүй. Яагаад гэвэл, хөгжсөн улс хяналтаа сайн тавьж чаддаг. Асар их мөнгө олдог хуулиар зөвшөөрөгдсөн гурван бизнес, зөвшөөрөгдөөгүй гурван бизнес бий. Архи, тамхи, эм бол хуулиар зөвшөөрөгдсөн. Хүний наймаа, галт зэвсгийн наймаа, мөрийтэй тоглоом бол хуулиар зөвшөөрөгдөөгүй гурван бизнес. Бид мөрийтэй тоглоомыг зөвшөөрвөл дагалдаж ирэх гэмт хэргүүдээс өөрсдийгөө хамгаалж дийлэхгүй. Тэгэхээр энэ хуулийг захиалагч буюу хөрөнгө оруулагчид хэн бэ гэдгийг АН, МАН-аас асуух ёстой. Ерөөсөө казиног сонирхдог гадаадын зургаан компани л байдаг юм билээ.
-Ж.Энхбаяр: Казино хүн айж, ичээд байх зүйл биш
-Казино бол хүн айж, ичээд байх зүйл биш. Жишээлбэл, Өмнөд Солонгос казиног саяхан байгуулсан. Ингэхдээ өөрийн иргэдээ казино буюу бооцоот тоглоом тоглох болоогүй, эдийн засгийн чадавхи бүрэлдээгүй гэж хязгаарладаг. Сингапур хоёр жилийн өмнө казино байгуулсан. Иргэд нь хувь хүний төлөвшил сайтай, улс нь эдийн засгийн бололцоо мундаг Сингапур дөнгөж саяхан иргэдээ тоглохыг зөвшөөрлөө. Тэгэхдээ тоглох иргэддээ маш олон янзын өндөр шалгуур тавьж байгаа. Монголд казино байгуулбал эдийн засгаа тэлэх сайн талтай. Гэхдээ гадаадын иргэн үйлчлүүлэх байдлаар шийдэх нь зөв гэж харж байгаа.
-Л.Эрдэнэчимэг: Энэ хуулийг дэмжихгүй
-Би энэ хуулийг дэмжихгүй. АН, МАН-ын бүлэг Казиногийн хуулийг дэмжиж байгаа гэж ярьсан байна лээ. Манай намын бүлэг энэ хуулиар ярилцаагүй байгаа. Казиног дагаж төлбөртэй сексийн асуудал орж ирдэг. Өнгөрсөн 25 жил үүнтэй тэмцэж одоо л гайгүй бол ирж байхад казиног дагаад шууд орж ирэх эрсдэл нь биеэ үнэлэлт байхгүй юу. Монголчуудаа казинод оруулахгүй, гадаадуудыг тоглуулна гэж байгаа бол монгол бүсгүйчүүд гаднынханд биеэ үнэлэх эрсдэлтэй. Энэ бол эмэгтэйчүүд, охидын эрхийг зөрчдөг. Казиногийн хуулийг баталчихаад биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрнө гэвэл яах юм. Түүнчлэн хар тамхи, мөнгө угаах, биеэ үнэлэлт казиног дагаж заавал орж ирдэг гэж Лас Вегасийн их сургуулиас гаргасан судалгаан дээр бичсэн байна. Эдийн засгийн хямралаар далимдуулж казино байгуулаад сүүлийн жилүүдэд засах, хамгаалах гэж оролдож буй нийгмийн маш үнэт зүйлүүдээ алдах гэж байна. Ийм учраас манай эмэгтэй гишүүд энэ хуулийг эсэргүүцэх байх гэж найдаж байна.
-С.Дэмбэрэл: Ороод ирэхээр нь сайн танилцана даа
-Ер нь бол Монгол Улсад Казино байгуулахыг дэмжиж байгаа. Гэхдээ УИХ-аар хэлэлцэгдэж эхлээгүй байгаа шүү дээ. УИХ-д ороод ирэхээр нь хуулийн төсөлтэй нь сайн танилцаж, санаа оноогоо хэлнэ дээ.
-А.Бакей: Хүний нутагт болоод байгаа юм манайд яагаад байж болдоггүй юм
-Казино байгуулах нь зөв ш дээ. Хүний нутагт байж болоод байгаа юм манайд яагаад байж болохгүй гэж. Улс орны эдийн засаг ч хүндхэн байна. Ийм үед гаднын хөрөнгө оруулалтыг татах нь чухал. Миний хувьд Монголд казино байгуулахыг дэмжиж байгаа.
-Д.Чойжилсүрэн: Монголчууддаа хаалттай казино байгуулсан нь дээр
-Дэмжиж байгаа. Гэхдээ энэ хуулийн төслийн “гэдэс дотор”-ыг нь төвлөрч, судалж амжаагүй байна. Казиногийн хууль өнгөрсөн цаг хугацаанд хар түүх үлдээсэн эмзэг асуудал. Тийм учраас асуудалд нямбай хандах ёстой. Нөгөө талаас эдийн засгийн нөхцөл хүнд байгаа энэ үед дэмжээд батлах нь зүйтэй. Нэг нөхцөлийг би 100 хувь дэмжиж байгаа. Тэр нь Монгол Улсын иргэд Монголдоо казино тоглохыг зөвшөөрөхгүй гэсэн заалт. Эхний ээлжид монголчууддаа хаалттай казино байгуулсан нь дээр. Бас хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлж болно. Эхэн буюу шилжилтийн үед нь Казино байгуулах эрх авах 35 тэрбумаас нь хөнгөлөх ч юм уу, тодорхой хэмжээний татвараас чөлөөлөх асуудлыг сөхөж болно.