Хаврын чуулганаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталж чадахааргүй боллоо. Банкны салбарт олон жил ажилласан туршлагатай Б.Жавхлан гишүүний санаачилсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл алдаа дутагдал ихтэй, дотоодын банкны системээ боомилох учраас Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүдийн олонхи дэмжсэнгүй, эцэстээ гацаанд оржээ. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг гацаахад арилжааны банкуудын лобби ч хүчтэй нөлөөлсөн сурагтай. Банкуудын лобби хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан 30 гаруй гишүүний заримыг нь санаагаа эргүүлэхэд хүргэжээ. Монголын банкны холбооныхон тус салбараас улс төрд хүч үзсэн Б.Жавхлан гишүүний санаачилсан хуулийг дэмжихгүй, салбараа хамгийн сайн мэддэг хүн ийм хуулийн төсөл санаачилсанд харамч буйгаа илэрхийлж байсан.
Цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл уг хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тэрээр “Өргөн барьсан Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төсөл Монгол Улсын газрыг барьцаалах эрхийг л олж авах тухай байгаа юм. Өнөөдөр гаднын хөрөнгө оруулалт давамгайлсан аж ахуйн нэгжүүд, банк, санхүүгийн байгууллага Монгол Улсын газрыг барьцаалах эрх байхгүй. Монгол Улсын тусгаар тогтнол, санхүү, эдийн засгийн бие даасан байдлын асуудалд онцгой хохирол учруулж магадгүй. Тиймээс эхлээд ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх, УИХ-ын гишүүд анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Үүний дараагаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан Ажлын хэсэг уг хуулийн төсөл дээр ажиллаж мөн л эсэргүүцэж, хууль санаачлагчид буцаах шаардлагатай гэж үзсэн. Ажлын хэсгийн ахлагч З.Нарантуяа хэлэхдээ “өнөөгийн Банкны тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай банк ажиллуулах эрх зүйн орчинг бүрдүүлсэн бөгөөд тусдаа хууль гаргах шаардлагагүй гэж үзсэн” гэв.
Хэрвээ өнөөгийн хууль эрх зүйн хүрээнд гадаадын банк үйл ажиллагаа явуулах боломжтой байсан бол аль хэдийнэ салбараа нээчих байсан. Монголбанкныхны хэлж байгаагаар одоогийн дагаж мөрдөж байгаа хуулиар гадаадын банкинд зөвхөн төлөөлөгчийн газраа нээх л зөвшөөрөл олгох эрхтэй аж. Харин салбар нээн ажиллуулах зөвшөөрлийг УИХ, Засгийн газар олгоно, тусгай хууль эрх зүйн орчин хэрэгтэй гэж ярьдаг.
Банкны тухай хуулиар Төв банк, арилжааны банкны эрх, үүргийг зааглаж, арилжааны банк нь өмчлөлийн хувьд төрийн болон хувийн, бий болсон хэлбэрээрээ хувь нийлүүлсэн, хязгаарлагдмал хариуцлагатай, гадаадын, эсвэл гадаадын хөрөнгийн оролцоотой байж болохыг тодорхойлсон байдаг. Монголд өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 15 банкны 13 нь ямар нэгэн байдлаар гадаад хөрөнгө оруулалттай. Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банк, Хас банк банкуудын өөрийн хөрөнгө, санхүүгийн эргэлт бусдыгаа бодвол өндөр, нийт хадгаламжийн ихэнхийг төвлөрүүлсэн. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн өндөр хувь ч эдгээр банкуудад бий.
Харин Б.Жавхлан гишүүний санаачилсан хуулийн гол санаа нь гадаадын хөрөнгө оруулалттай дотоодын банкуудын эрхэлж байгаа үйлчилгээ, дагаж мөрдөж байгаа хуулиар бус, шинэ хууль эрх зүйн хүрээнд 100 хувь гадаадын банк, санхүүгийн байгууллага салбар нээн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг зохицуулах тухай байв. Энэ нь гадаадын нэр хүндтэй томоохон банкууд үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх тухай эрх баригчдын олон жилийн яриатай нийцэж байсан. Харамсалтай нь, гадаадын банк дахиад л яриа төдий сэдэв болж үлдэх бололтой.
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд заасан гадаадын банкны өөрийн хөрөнгө болон зээл олгох хэмжээ хэтэрхий их байгаа нь дотоодын банкуудад халтай, цаашлаад том зээлийг дагаж аж ахуйн нэгжүүд газар нутгаа барьцаалж, гаднынхны мэдэлд орно гэж Ажлын хэсэг болон зарим УИХ-ын гишүүн тайлбарласан. Ийм болгоомжлол байх нь зөв. Гэхдээ их мөнгөтэй банк оруулж, бага хүүтэй том зээл авах нь бизнесменүүдийн гол хэрэгцээ нь болоод буй. Гадаадын банк оруулах гол зорилго ч энэ. Дотоодын банкуудын зээл олгож чадахгүй байгаа том төслүүдэд хөрөнгө оруулалт татах, хөрөнгийн баталгаа гаргах гадаадын хөрөнгө оруулалтын банк хэрэгтэй. Манай улс дэд бүтцийн том төслүүдээ хэрэгжүүлнэ гэж сүүлийн 10 жил ярьж байгаа ч хөрөнгө оруулалт алга. Том төсөл том мөнгөөр л хөдөлнө. Дотоодын арилжааны банкууд “бид том төслийг санхүүжүүлдэг, тийм боломж ч байгаа” гэдэг. Тэгвэл яагаад сүүлийн 10 жил нэг ч том төсөл хэрэгжсэнгүй вэ гэдэг асуулт гарна. Үнэндээ, дотоодын банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээний зохистой харьцааг харахад том төсөлд хөрөнгө оруулах боломж бага. Хамгийн томд тооцогдож буй дотоодын банкны нийт актив хоёр тэрбум ам.доллар. Гэтэл дэд бүтцийн том төслийн нийт өртөг 1-2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Дээр нь, дотоодын банкууд олон улсад төдийлөн хүлээн зөвшөөрөгдөөгүй, том хөрөнгө оруулагчдын итгэлийг олоогүй, гаднын том компаниудын эрэлт, шаардлагыг хангахгүй, хөрөнгийн баталгаа өгч чадахгүй байгаа нь үнэн билээ.
Мэдээж гадаадын банк салбараа нээн ажиллуулахад эрсдэл бий. Хувийнх уу, төрийнх үү гээд л асуудлууд байгаа. Эдгээр олон асуудлыг Монголын төрийн бодлого, хуулиар зохицуулах бүрэн бололцоотой. Хэрвээ Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд алдаа дутагдал байгаа бол хэлэлцэх явцад засч, сайжруулах эрх УИХ-д бий. Гэхдээ тэгж хүчлэхгүй байгаа нь “но”-той. Үе, үеийн Засгийн газар, УИХ гадаадын банкны салбар нээн ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж ярьдаг ч ажил хэрэг болж чаддаггүй, ингэж гацдаг. Гадаадын банк гэхээр л эдийн засгийн тусгаар тогтнол, дотоодын зах зах зээлийн аюулгүй байдал гэдэг ярианы цаана арилжааны банкуудын лобби төрийн бодлогоос хүчтэй байгаа нь илүү тод харагдана.