Монголбанкнаас мөнгө санхүү, эдийн засгийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан билээ. Монголбанк ирэх онд инфляцийг найман хувьд тогтворжуулах, хувийн сектороо дэмжиж, бодит ажлын байрыг нэмэгдүүлэх үндсэн зорилтыг дэвшүүлээд байгаа юм. Банк, санхүүгийн салбарын онцлох тоог дурдвал, системийн хэмжээ дэх чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ хэвийн төвшинд байна. Сүүлийн зургаан сарын байдлаар банкин дахь төгрөгийн хадгаламж өсөлтэй гарчээ. Тухайлбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах банкин дахь төгрөгийн хадгаламж 255 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүнд, ам.долларын ханш тогтворжиж, иргэд валютын хадгаламжаа төгрөг рүү хөрвүүлсэн нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна.
Өөр нэгэн анхаарал татсан үзүүлэлт нь Монгол Улсын өрийн хэмжээ байв. Энэ сарын байдлаар манай улсын өрийн хэмжээ 26 тэрбум ам.долларт хүрчээ. 2017 онд Засгийн газрын өр 1.3 тэрбум ам.доллараар нэмэгдэж 6.2 тэрбумд хүрсэн байна. Харин Монголбанкны өр 1.9 тэрбумд хүрсэн бол үлдсэн нь хувийн хэвшил, төрийн өмчит компаниудын өр юм байна.
Монголбанкны газар, хэлтсийн захирлуудаас цаг үеийн зарим асуултад хариулт авснаа хүргэе.
-Банкны тухай хуульд Монголбанк зээлийн хүүний дээд хязгаар тогтоох заалтыг оруулсан байна. Энэ асуудал дээр Монголбанк ямар байр суурьтай байна вэ. Зах зээлийн жамаар тогтдог хүүг Монголбанк тогтоож болдог юм уу?
-Судалгаа, статистикийн газрын захирал С.Ган-Очир: Монголбанкны зүгээс Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Гэхдээ өнөө, маргаашгүй зээлийн хүүг бууруулах нь Ажлын хэсгийн үндсэн зорилго биш. Хамгийн гол нь зээлийн хүү бууруулах баримт бичгийг боловсруулах юм. Урт хугацаанд зээлийн хүүг бууруулах замын зургийг гаргана. Энэ хүрээнд холбогдох тооцоо судалгаа эхнээсээ гарч байгаа. Өнөөдөр Монгол Улсын гадаадын шок эмзэг байна. Гадаад зах зээлд үнэ хэрхэн өөрчлөгдөхөөс дотоодын эдийн засаг хамаарч байна. Гадаад нөхцөлөөс хамааралтай байгаа нөхцөлд бодлогын хүү тогтвортой, зээлийн хүү буурах боломж байхгүй. Хоёрт, инфляци тогтворгүй байгаа нөхцөлд мөн зээлийн хүү буурах боломж багасна. Гуравт, гадаад валютын нөөц хангалттай төвшинд бүрэлдэж, өндөр болоогүй байна. Эдгээр суурь асуудлыг шийдэхгүйгээр өнөөдөр, маргаашаа аргацаасан шийдвэр гаргаж, зээлийн хүүг хүчээр бууруулбал эрсдэл учирна. Монголбанк дээрх суурь хүчин зүйлийг шийдэх замаар дунд болон урт хугацаанд зээлийн хүүг бууруулж, нэг оронтой тоо руу буулгахаар ажиллаж байгаа.
Хоёрт, зээлийн хүүний хязгаар тогтоох асуултад хариулъя. Арилжааны бүх банкны хадгаламж болон зээлийн хүүний дээд, доод хязгаарыг тогтоох нь эдийн засагт маш том сөрөг үр дагавартай. Ийм арга хэмжээ тогтоовол санхүүгийн зуучлал зогсдог. Банкууд эрсдэлтэй зээлдэгчид тухайн тогтоосон хүүгээр зээл өгөх бололцоогүй болдог. Иргэд, аж ахуйн нэгж зээл авч чадахгүй болсноор хөрөнгө оруулалтууд зогсоно. Энэ нь бодит эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөтэй. Гэхдээ одоо явж байгаа хуулийн заалтыг арай өөр өнцгөөс харж байгаа. Тухайн нэг салбар, зорилтот бүлгийг дэмжих зээлийн хүүд хязгаар тогтоох эрх зүйн зохицуулалт байх шаардлагатай. Ипотекийн зээлийн наймаас дээш хувийн хүүгээр олгохгүй ч гэдэг юм уу. Ийм өнцгөөс л харж эрх зүйн зохицуулалтыг хийх болов уу. Харин нийтээр нь хавтгайруулж хязгаар тогтоох эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдгийг Монголбанк мэдэж байгаа.
-Банкны тухай хуульд гаднын банк салбар нээн, үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалтыг тусгасан байгаа юу?
-Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат: Өнөөдөр дагаж мөрдөж байгаа хуульд гадаадын банкны төлөөлөгчийн газартай холбоотой зохицуулалт байгаа. Шинээр оруулж байгаа хуулийн төсөл дээр өмнөх хуулийн заалтыг хөндөөгүй. Гэхдээ УИХ-ын зарим гишүүний санаачилсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульд гадны банкны салбар байгуулах асуудал яригдаж байгаа. Уг хуулийн төсөлтэй Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хольж ойлгоод байгаа. Тусдаа хуулийн төсөл юм. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульд Монголбанк саналаа өгсөн.
Нэмж хэлэхэд, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл Монголбанкнаас зээлийн хүү тогтооно гэсэн зүйл байхгүй. Тогтоож болно гэсэн нээлттэй заалт оруулсан. Тиймээс УИХ дээр хэлэлцэхдээ энэ асуудлыг тал талаас нь хэлэлцэж шийдвэр гаргах боломжтой. Эрх бүхий байгууллагууд, ТББ, иргэдийн саналыг сонсч хамгийн зөв хувилбарыг тогтоох зорилгоор асуудлыг нээлттэй оруулж байгаа.
-Инфлцийн төвшинг 2018 онд найман хувьд тогтворжуулна гэж мөнгөний бодлогод тусгасан байна. Сүүлийн саруудад инфляцийн төвшин нэлээд өсөлттэй байна. Инфляци өсөхөд нөлөөлж буй гол хүчин зүйлүүд юу байна вэ?
-Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: 2020 он хүртэлх инфляцийн зорилтот төвшинг найман хувьд тогтворжуулах зорилт тавьсан. Инфляци нь бараа бүтээгдэхүүний өсөлтөөр дамжин иргэдийн бодит орлогыг бууруулдаг гол хүчин зүйл. Иргэдийн амьжиргааг хамгаалах талаасаа харвал инфляцийг тодорхой төвшинд тогтворжуулах нь чухал. Нөгөө талаас эдийн засаг өсөлт иргэдийн амьдралд тусгалаа олохын тулд үнийн өсөлтийг тогтвортой төвшинд байлгах зайлшгүй шаардлагатай. Ирэх оны инфляцийн төвшин нь өнөөдрийн төвшинтэй ижил байхаар тооцсон. Аравдугаар сарын статистик дүнгээр Улаанбаатар хотын инфляци 8.2 хувьтай гарсан. Улсын дундаж 6.9 хувь байгаа. Тэгэхээр ирэх жилүүдэд энэ төвшиндөө тогтворжуулах зорилтын төлөө ажиллана. Инфляци өсөхөд нөлөөлдөг гол хүчин зүйл нь хүлээлт. Тэгэхээр инфляцийн хүлээлтийг Төв банк хяналтдаа оруулж чадахгүй бол тогтворжуулна гэдэг зорилт хэзээ ч биелэхгүй. Инфляцийн хэлбэлзэл өндөр байгаа нь хөрөнгө оруулалт болон санхүүгийн урт хугацааны хэлцэл хийх боломжийг хаадаг. Энэ нь эргээд бодит эдийн засагтаа сөргөөр нөлөөлдөг учраас инфляцийн хэлбэлзлийг бууруулах чухал байгаа. 2016 онд нэг хэсэг манай эдийн засаг дефляцитай явсан. 2016 оны арваннэгдүгээр сараас үнэ тодорхой хэмжээгээр өсч эхэлсэн. Сүүлийн гурван сард инфляци огцом өссөн. Уг өсөлтөд, эдийн засаг сэргэж, иргэдийн худалдан авалт сайжирч, дундаж орлого нэмэгдсэн нь нөлөөлсөн. Нөгөө талд, нийлүүлэлтийн шинж чанартай шалтгаан байна. Татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор зарим барааны үнэ өссөн. Тухайлбал, долдугаар сарын 1-нээс нэмэгдсэн суудлын авто машины татвар нэмэгдсэнээс машины үнэ 20 гаруй хувиар өссөн. Энэ өсөлт нь найман хувийн инфляцийн нэг хувийг дангаараа бүрдүүлж байна. Дээр нь, ургац алдсантай холбоотойгоор гурилын үнэ болон хүнсний ногооны үнэ өссөн нь инфляцид нөлөөлсөн. Эдгээр нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт нь инфляцийн 3-4 хувийг дангаараа бүрдүүлсэн.
-Арилжааны банкуудад хийж байгаа Активын чанарын үнэлгээний шалгалт хэзээ дуусах вэ. Дууссаных нь дараа ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Монголбанкны хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан: Банкуудад хийж буй Активын чанарын үнэлгээний эцсийн дүн арванхоёрдугаар сарын дундуур гарна. Банкуудад хийж байгаа шалгалтын дүнд хадгаламж эзэмшигчид болон харилцагчид санаа зовох хэрэггүй. Учир нь нэгд, шалгалтаар зөрчил илэрлээ гэж бодоход хадгаламж эзэмшигчдийн мөнгийг даатгасан байгаа. Хадгаламжийн даатгалын корпораци 20 сая хүртэлх мөнгөн хадгаламжийг даатгасан. Даатгалын хамрах хүрээ өндөр байгаа. Хоёрт, банкуудад өөрийн хөрөнгийн дутагдал үүсвэл тухайн банкинд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаа өгнө. Өгөгдсөн хугацаанд өөрийн хөрөнгөө дахин нэмэгдүүлж чадахгүй бол төр дахин хөрөнгө оруулахад бэлэн байгаа юм.