Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Монголбанк валютын зах дахь оролцоогоо хэвээр хадгална

Монголбанк валютын зах дахь оролцоогоо хэвээр хадгална
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 1
                                    

Монголбанкны Статистик мэдээлэл тархаах хуваарийн дагуу Төлбөрийн тэнцлийн эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэл 2016 оны долдугаар сарын 29-ний өдөр гарлаа. Энэ оны зургадугаар сард хийгдсэн томоохон гадаад төлбөрүүдээс шалтгаалан 2016 оны эхний таван сарын байдлаар 104.8 сая ам.доллараар ашигтай байсан төлбөрийн тэнцэл эхний зургаан сарын байдлаар 46 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Үүнтэй зэрэгцэн валютын захад оролцогчдын хүлээлт өөрчлөгдсөнөөс шалтгаалан гадаад валютын эрэлт нэмэгдсэнээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш долдугаар сард 6.1 хувиар суларсан байна.
Тодруулбал 2016 оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1982.25 төгрөгтэй тэнцүү буюу оны эхнээс 0.7 хувиар чангараад байсан Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш долдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2068.43 төгрөгтэй тэнцүү гарсан бөгөөд энэ нь оны эхнээс 3.6 хувь, өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар тус тус суларсан үзүүлэлт юм.
Богино хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ийнхүү хэлбэлзсэн ч дунд хугацаанд ханшийн хандлагыг тайлбарлагч суурь хүчин зүйл болох төлбөрийн тэнцэл 2016 онд алдагдалгүй гарахаар төсөөлөгдөж байна.
Нөгөө талаар эдийн засгийн тэнцвэрийг хангах төсөв, мөнгө, өрийн удирдлагын нэгдсэн бодлого-хөтөлбөрийг Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд эдгээрийн үр дүнд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарах, валютын зах илүү тогтвортой болох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар валютын нийт нөөц 1.27 тэрбум ам доллартай тэнцэж байна. Энэ нь Монгол улсын дррвөн сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ юм. Олон улсын стандарт хэмжээ валютын нөөц 3 сараас доошгүй импортын хэрэгцээг хангахаар тогтоосон байдаг.
Монголбанкнаас богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүссэн ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор валютын захад тухай бүр оролцож байгаа бөгөөд энэ чиглэлийг үргэлжлүүлэн баримтлахаа үүгээр мэдэгдье гэж Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвөөс мэдээлэв.  
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн