Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Монголбанк: Арилжааны банкуудад чанарын үнэлгээ хийнэ

Монголбанк: Арилжааны банкуудад чанарын үнэлгээ хийнэ
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 22
Монголбанкны газрын захирлууд өнөөдөр Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байгаатай холбоотойгоор арилжааны банкуудад хийх активын чанарын үнэлгээ, мөнгө, санхүүгийн талаар сүүлийн үеийн мэдээллийг өглөө.
Мэдээллийн эхэнд Монголбанкны судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир мөнгө, санхүүгийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өглөө. 
Мөнгөний нийлүүлэлт хоёрдугаар сарын байдлаар 2.2 хувиар өсч, 12.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Сүүлийн гурван сард эдийн засагт ажиглагдаж байгаа эерэг үзүүлэлт нь валютын харилцах хадгаламжаас төгрөгийн харилцах хадгаламж руу хөрвөх хөрвөлт нэмэгджээ. Төгрөгийн хадгаламж 395.9 тэрбум төгрөгөөр өсч, гадаад валютын харилцах хадгаламж 68 тэрбум, валютын хадгаламж 38.9 тэрбум төгрөгөөр буураад байгаа аж. Өөрөөр хэлбэл, төгрөгийн хадгаламжийн эзлэх хувийн жин гурван сар дараалан өсч, харин валютынх буурч байгаа нь эдийн засаг дахь долларын нөлөө, дүн хэмжээ саарч байна гэж Монголбанкныхан онцоллоо.
Банкуудын төгрөгийн зээлийн хүү хоёрдугаар сард дунджаар 20.1 хувь, валютынх 11.4 хувь, хадгаламжийн хүү төгрөгийнх 13.2, валютынх 4.2 хувьтай гарчээ. Төгрөгийн хадгаламжийн хүү өссөн бол нөгөө талд валютьн хадгаламжийн хүү буурч, зээлийн хүү өсөх хандлагатай байгааг дурдлаа.
Арилжааны банкуудын актив өмнөх оны мөн үеэс 15.1 хувиар өссөн байна. Зээлийн өсөлт өнгөрсөн сард 0.9 хувиар буюу 223.5 тэрбум төгрөгөөр өсчээ. Ингэхдээ хэрэглээ болон худалдааны зээл өссөн дүнтэй гарсан нь нөлөөлжээ. Нийт зээлийн 19.3 хувь нь валютын зээл, үлдсэн нь төгрөгийн зээл эзэлж байна . Банкуудын чанаргүй зээл хоёрдугаар сард 8.5 хувьтай гарсан бөгөөд үүнээс татан буугдсан хоёр банкийг хасч, санхүүгийн салбарыг бүхэлд нь тооцвол чанаргүй зээл 7.4 хувьтай гарчээ. Хугацаа хэтэрсэн зээл банкны нийт зээлийн  8.4 хувь, санхүүгийн байгууллагын хүрээнд 10.6 хувьд хүрээд байна.
Манай улсын гадаад худалдаанд нэлээд эерэг хандлагууд ажиглагдаж эхэлжээ. Хоёрдугаар сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 1.3 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 825 сая долларыг экспорт, үлдсэнийг нь импорт эзэлж, худалдааны тэнцэл 334 сая долларын ашигтай гарсан байна . Ашигтай гаргахад гол нөлөөлсөн хүчин зүйл нь экспортын өсөлт. Түүхий эд тэр дундаа нүүрсний салбарын экспорт өмнөх оны мөн үеэс 280 сая ам.доллараар өссөн байна. Экспортын биет хэмжээ нэмэгдэж байгаагаас гадна үнийн өсөлт нөлөөлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний үнэ 105 хувиар өсч, Монгол Улс нэг тонн нүүрсийг 72.5 доллараар экспортолж байгаа аж.

Инфляцын төвшин улсын хэмжээнд хоёрдугаар сарын байдлаар 2.1 хувьд хүрсэн. Инфляцын төвшин 2017, 2018 оны Монголбанкны төсөөлсөн зорилтод төвшинд хадгалагдана гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Харин инфляц зорилтод төвшинд хадлагдаж байхад мөнгөний бодлогын хүүг яагаад бууруулахгүй байгааг Монголбанкныхан тайлбарлав. Өнгөрсөн долоо хоногт Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг 14 хувь хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Хурлаар бодлогын хүүг бууруулах асуудлыг ярилцсан ч олонхи нь хойшлуулах санал гаргаж, бодлогын хүүг өнөөгийн төвшинд нь үлдээсэн байна. Хүлээгдэж байгаа гурван хүчин зүйлээс хамаарч бодлогын хүүг бууруулах эсэхийг дахин ярилцах аж. Нэгд, 2017 оны төсвийн тодотголоор хэлэлцэх асуудлууд УИХ-аар хэрхэн батлагдах нь Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрт шууд нөлөөлнө гэж үзсэн байна. Хоёрт, дэлхийн зах зээл дээрх экспортын түүхийн эдийн үнийн савлагаа их байгаагаас хамаарч хүлээлт үүссэн байна. Түүнчлэн, Хятадын эдийн засаг сэргэх хандлагатай болж байгаа ч цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хэрэгжүүлж байгаа бодлоготой холбоотойгоор зэсийн үнэд ямар өөрчлөлт гарах нь хүлээлт үүсгэж байна. Эдгээр асуудлууд ойрын хугацаанд тодорхой болно гэсэн хүлээлттэй байгааг Монголбанкныхан онцолж байна. Гуравт, ирэх дөрөвдүгээр сард ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж Монголд хэрэгжүүлэх хөтөлбөрийг эцэслэн хэлэлцэнэ. ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн шийдвэр хэрхэн гаргах зэргээс шалтгаалан Мөнгөний бодлогын хүүг бууруулах асуудал хөндөгдөнө гэдгийг хэллээ.
Манай улс ОУВС-гийн “Extended fund facility” буюу өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар урьдчилан тохироод байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд Монголын банк санхүүгийн салбарт томоохон хяналт, шалгалт хийж, банкны бүтцийг шинэчлэх нөхцөлийг ОУВС-гаас тавьсан. Монголбанкны банкны бодлого, бүцтийн өөрчлөлтийн хэлтсийн дарга Ё.Мөнхбат хэлэхдээ “ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт тодорхой арга хэмжээ авахаар болсон. Хамгийн чухал нь Банкны активын чанарын үнэлгээг хийхээр болсон. Энэхүү үнэлгээг гаднын туршлагатай, нэр хүнд бүхий байгууллагаар хийлгүүлэх нөхцөлийг Валютын сангаас тавьсан. Банкуудын активын чанарын үнэлгээг энэ онд багтаан хийлгэнэ. Үнэлгээний үр дүнг үндэслэн цаашид банкны салбарт хийх бүтцийн өөрчлөлт тодорхой болно. Монголбанкнаас үнэлгээ хийх гаднын байгууллагыг сонгон шалгаруулах ажилдаа орсон” гэлээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн