Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

​Монголбанкны алтны нөөц өмнөх оноос 72 хувиар өсчээ

​Монголбанкны алтны нөөц өмнөх оноос 72 хувиар өсчээ
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 8
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан валютын нөөцийн талаар чуулган дээр мэдээлэл хийж, түүнээсээ болж нэлээд шүүмжлүүлээд авсан. Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдэл зах зээлд ам.долларын ханш өсөх шалтгаан болж хувирсан юм. Тодруулбал, түүний чуулганд хийсэн мэдээллийн дараа валютын зах дээр ам.долларын төгрөгтэй харьцах ханш 100 орчим төгрөгөөр чангарч, өнөөдрийн байдлаар  2130 төгрөгтэй тэнцэж буй.  Хар зах дээрх валютын ченж нар долларын ханш чангарч байгааг "Төв банк валютын нөөцгүй болж, банкуудад ам.доллар худалдахгүй байгаа" гэх тайлбарыг хэлэх болсон. 
Хэдийгээр Төвбанкны валютын нөөц багасч байгаа  ч валютын нөөцийг нэмэгдүүлэх дотоодын алт олборлолт он гарсаар нэмэгдсэн сайн мэдээ байна. Өнгөрсөн онд Монголбанк алт олборлогч иргэн, аж ахуйн нэгжээс нийт 13 тонн алт худалдан авч, валютын цэвэр нөөцийг 396 сая ам.доллараар нэмэгдүүлж байсан . Харин энэ жил алт тушаалтыг  эрчимжүүлж, 20 тонн алт худалдан авна гэж Монголбанк төлөвлөөд буй. Эхний хагас жилийн байдлаар алт худалдан Монголбанкны төлөвлөгөөний биелэлт  32.5 хувьтай байна. Тодруулбал, Монголбанк эхний хагас жилийн байдлаар иргэн, аж ахуйн нэгжээс нийт 6.5 тонн алт худалдан авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 72 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Өнгөрсөн онд Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Алт олборлолтыг дэмжих хөтөлбөрийг баталж, алт олборлогчдод 265 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон ч төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан олгоогүй байгаа юм. Харин өнгөрсөн жил Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулснаар үйл ажиллагааг нь хуулиар хязгаарласан байсан алтны компаниуд лицензээ ашиглах бололцоо бүрдсэн талаар албаныхан мэдээлж байсан. Оройлцоогоор 200 гаруй компанийн лиценз хуулийн хязгаарлалтад багтсан байсныг сэргээснээр Монголбанкинд тушаах алтны хэмжээ он гарсаар өссөөр байна. Нөгөө талд алтны ханш он гарсаар 27 хувиар өссөн нь алт тушаалтад эерэгээр нөлөөлж байгаа. Өнөөдрийн байдлаар олон улсын зах зээл дээрх алтны ханш 1336 ам.доллар байна.
Манай улсын хувьд алт олборлолт 6-8 дугаар саруудад эрчимждэг бол алт тушаалтны сезоны үе нь наймдугаар сараас эхлэн аравдугаар сар дуустал үргэлжилдэг учраас Монголбанк 20 тонн худалдан авах төлөвлөгөө биелэх магадлалтай. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн