Open iToim app
Чөлөөт цаг | 4 мин уншина

Мишель Обама: Амжилт чиний олж байгаа мөнгөөр хэзээ ч хэмжигдэхгүй. Харин...

Мишель Обама: Амжилт чиний олж байгаа мөнгөөр хэзээ ч хэмжигдэхгүй. Харин...
Нийтэлсэн 2017 оны 6 сарын 3
АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий Мишель Обама тэргүүн хатагтайн хувиар Цагаан ордонд тавьсан сүүлчийн илтгэлийг танд хүргэж байна.
Сайн байцгаана уу? Тэргүүн хатагтайн хувиар сүүлчийн удаа энэ үгийг хэлэх боломж олгооч. Цагаан ордонд тавтай морил!
Цагаан ордоны тэргүүн хатагтайн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөсөө өмнө залуустаа хүргэх хамгийн сүүлийн мессэж минь боловсролын талаар байх болно.
Энэ өрөөнд болон манай орны өнцөг булан бүрт цэнхэр дэлгэцээ үзэн суугаа залуусдаа Америк орон зөвхөн та бүхний гарт байгаа шүү. Энэ үг гарал үүсэл, шашин шүтлэг харгалзахгүйгээр бүгдэд чинь хамаатай гэдгийг битгий март. Чиболон чиний аав ээж цагаач эсэх нь огтхон ч чухал биш. Чиний гэр бүл Америкийн бахархам өв уламжлалын нэгээхэн хэсэг гэдгийг үргэлж санаж яваарай. Шаргуу хөдөлмөрлөсний хүчинд, бас маш сайн боловсорч чадвал бүтэхгүй зүйл гэж үгүй юм. Ерөнхийлөгч хүртэл болж болдгийг харж байна уу? Үүнийг л жинхэнэ Америк мөрөөдөл гээд байгаа юм шүү дээ. Та ямар ч шашин шүтлэгтэй бай Америк орон хэнийг ч ялгаварладаггүй. Яг үнэндээ шашин шүтэх эрхийг нь чөлөөтэй олгодог болохоор л маш олон хүмүүс Америк орныг зорьж ирсэн. Чи Мусалман, Еврей, Христ аль ч шүтлэгтэй байсан хамаагүй бүх шашин залуу хүмүүсийг үнэнч шударга байдал, үнэнч зан, төлөв даруу занд урин дуудаж байдаг. Тийм болохоор би залуу хойч үеээ тасралтгүй шинэ зүйлд суралцаж, суралцсан зүйлээ нийгэмдээ бахархалтайгаар хэвшүүлэхийг уриалж байна. Хэн нэгэнд чамайг дорд үзэж, хэн ч биш мэт санагдуулах тийм боломж хэзээ ч бүү олго. Чи бол Америкийн түүхийн гайхамшигт нэг хэсэг мөнөөсөө мөн. Чамд яг өөрийнхөөрөө амьдрах эрх бүрэн нээлттэй байна. Гэхдээ нэг зүйлийг тодруулах шаардлагатай. Энэ эрхийг чамд хэн нэгэн бэлэглэх биш энэ эрхийг өдөр бүр өөрийн хөдөлмөрөөрөө олж авах ёстой. Чи өөрийгөө эрх чөлөөт хүн гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Бидний өвөг дээдсийн бидэнд нандигнан өвлүүлсэн энэ их эрх чөлөөг хайрлан хамгаалж явах эрх үүрэг бидэнд бий. Үүнд залуучууд та бүхний хувь нэмэр хэмжээшгүй нөлөөтэй. Яг одоо залуу байгаа дээрээ л эхэл. Улсын хэмжээнд тулгараад байгаа асуудалд өөрийн дуу хоолойг хүргэхдээ өөрийгөө ч мөн бэлдэх хэрэгтэй. Иргэн хүнийхээ хувьд АНУ-ын бахдам үнэ цэнийг өдөр тутмынхаа амьдралд хүндлэн биширч үүний төлөө сэтгэл чинь зовнидог төдийгүй бусдыг манлайлах чадвартай байх ёстой. Ингэхийн тулд та нэг л зүйлийг хийчих. Маш сайн сурч боловсор.

Боловсролтой хүн аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж, өөрийн санаа бодлыг зөв, боловсон илэрхийлж чаддаг юм. Сайн боловсрол эзэмшсэнээр өөрийн дуртай ажлыг хийж, гэр бүлээ авч явахын сацуу нийгэмдээ ч бас эерэг хүч нь болж өгдөг юм шүү дээ. Угаас чиний замд маш олон бэрхшээлүүд тулгарах болно. Би үүнийг баттай мэдэж байна. Саад бэрхшээлтэй тулгарч, бууж өгмөөр санагдах болгондоо Барак бид хоёрын 10 жилийн турш ярьсаар байгаа нэгэн зүйлийг санаарай. Энэ бол итгэл найдварын хүч. Өөрийн хүчийг бүрэн дайчилж, хүссэн зүйлийнхээ төлөө тэмцэж чадвал бидний өмнө маш олон боломжууд нээлттэй байгаа гэдэгт итгэ. Амьдралд бишгүй тохиолдох айдас, эргэлзээг итгэл найдварын галаар нугачин дарах боломжтой гэдэгт би чин сэтгэлээсээ итгэдэг юм. Хэн ч биднийг юу ч гэж доромжилж гутаасан бай гагцхүү чи өөртөө л итгэж чадвал мөрөөдөлдөө хүрэх тийм ч хэцүү зүйл биш юм. Энд суугаа залуучууд та бүхэнд итгэл найдварын гал асч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Нэгдсэн улсын залуус маань нуугдмал авьяасаа нээн тодруулж, дэлхий нийттэй хуваалцахыг тэсэн ядан хүлээж байгаа. Та бүхэнд эрдэм мэдлэг олгохын төлөө бууж өгөлгүй уйгагүй зүтгэсэн багш, сурган хүмүүжүүлэгч нартаа баярлалаа гэж хэлээрэй. Аав минь эртлэн босч ажилдаа явах замдаа хүүхдүүдээ л боловсролтой болгож, өөрийнх нь туулж өнгөрүүлсэн амьдралаас тэс өөр амьдралаар амьдраасай гэж мөрөөддөг байсан юм. Яг ийм л итгэл найдвараар бид залуучуудыгаа дэмжиж, урамшуулж байх ёстой юм. Тэд л энэ улс орныг ирээдүйд авч явах болно. Бидний шаргуу хөдөлмөр болон ирээдүйд итгэх итгэл тэдний замыг гэрэлтүүлнэ гэж найдаж байна.

Бас нэг зүйлийг залуусдаа хандаж хэлэхэд, та бүхэн энэ улсын хамгийн үнэ цэнэтэй хүч бөгөөд энэ улс та бүгдгүйгээр оршин тогтнох боломжгүй гэдгийг хэлмээр байна. Юунаас ч бүү ай. Хэнээс ч, юунаас ч бүү айж эмзэглэ. Зүгээр л маш сайн төвлөр. Тууштай бай. Эерэг сэтгэлгээгээр өөрийгөө цэнэглэ. Маш сайн сурч боловсорч эрх мэдлийг өөрийн гартаа ав. Чиний хязгааргүй их нөөц бололцоонд таарсан тийм агуу улс орныг өөрсдийн гараар бүтээцгээ. Бусдыг айдас хүйдсээр бус, итгэл найдвараар байлдан дагуул. Харин би үлдсэн амьдралынхаа туршид яг хажууханд чинь та бүгдэд дэмжиж туслахад үргэлж бэлэн байж байх болно. Тэргүүн хатагтайн үүрэгт ажлаа ингэж өндөрлөхөөс илүү сайхан зүйл гэж хаана байх вэ. Тийм болохоор би энэ илтгэлийг зүгээр л баярлалаа гэдэг үгээр хаамаар байна. Өдөр бүр бидний хүүхдийн ирээдүйн төлөө хийж байдаг зүйлсд чинь баярлалаа багш нар аа. Та бүхний тэргүүн хатагтай байсан минь хамгийн том хүндэтгэл байлаа. Би та бүхний итгэлийг хөсөрдүүлээгүй гэж найдаж байна. Амжилт чиний олж байгаа мөнгөөр хэзээ ч хэмжигдэхгүй. Гагцхүү чи бусдын амьдралд хэрхэн нөлөөлж байгаагаар л чиний амжилт үнэлэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн