Австралийн "Airlineratings" агентлаг олон улсын иргэний агаарын тээврийн 407 компанийн аюулгүй байдал, үйлчилгээний чанарын чансааг нэгээс долоон оноогоор дүгнэн гаргажээ. Эдгээр 407 компанийн 148 нь аль нэг үзүүлэлтээр долоон оноо авсан байгаа юм. Үүнээс аюулгүй байдал, үйлчилгээний чанараар тус бүр долоон оноо буюу хамгийн сайн үнэлгээг "Australian airline Qantas", "Air New Zealand", "British Airways", "Cathay Pacific Airways", "Emirates", "Singapore Airlines137" зэрэг агаарын тээврийн компани авч, эхний аравт жагсчээ. Тэдгээрийн араас Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/ компани аюулгүй байдлын үзүүлэлтээр долоон одтойгоор эрэмбэлэгдсэн байна.
Тодруулбал, "Airlineratings"-ын шинжээч, тоймчид МИАТ компанийн аюулгүй үзүүлэлтийг маш сайн хэмээн үнэлж, хамгийн өндөр оноог тавьсан байна. Харин МИАТ-ийн үйлчилгээний чанарт 4.5 оноо буюу дундаж гэсэн үнэлгээг тавьсан байна. Түүнчлэн манай “Aero Mongolia” компани аюулгүй байдлын үзүүлэлтээр таван од авчээ. Түүнчлэн БНСУ-ын “Korean Air” компани аюулгүй байдал, үйлчилгээний чанарт тус бүр долоон од авсан байгаа юм.
Авиакомпаниудын аюулгүй байдлын чансааг тогтоохдоо агаарын тээврийн компаниудын олон улсад тавигдах шаардлагыг хэрхэн хангасныг дүгнэж, аудит шалгалт хийсэн бөгөөд осол гэмтэл, үхлийн тухай статистик мэдээллийг голчлон харгалзжээ. Харин үйлчилгээний чансааг тогтоохдоо хоолны чанар, амрах нөхцөл боломж, санал болгох бусад үйлчилгээ, хүчин зүйлсийг голчлон дүгнэсэн байна.
Харин аюулгүй байдал болон үйлчилгээний чанараар хамгийн муу үнэлгээг Непал, Индонезийн авиакомпаниуд авсан байна. Тус компаниуд үзүүлэлт тус бүрт нэг оноо авсан байгаа юм. 2015 онд 34 сая нислэгээр 3.6 тэрбум зорчигч үйлчлүүлсэн нь дэлхийд агаарын тээврийн үйлчилгээ нэвтэрснээс хойшхи 95 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 2015 онд олон улсад агаарын тээврийн 16 осол болж, 560 хүн амь эрсэдсэн бол 2014 онд 21 осол болж, 986 хүн амиа алдсан байдаг аж.