УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж УИХ-д өргөн бариад буй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуулийн төслүүд, Халх голд чөлөөт бүс байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлэг Сонгуулийн тухай хуульд тодорхой өөрчлөлтүүдийг оруулж, УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. “УИХ дээр Сонгуулийн хуулийг хэлэлцэхдээ сонгууль шударга явагдах зарчимд нийцсэн өөрчлөлтүүдийг дэмжиж ажиллана “ гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ. УИХ-д Сонгуулийн тухай гурван хуулийн төслийг өргөн бариад байгаа билээ. УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын өргөн бариуд буй Сонгуулийн тухай нэгдсэн хуулийн төслийг хэлэлцэхэд хугацаа нэлээд шаардагдана гэж үзэж байгаа юм байна. Мөн эргэлзээтэй, сайтар ярилцах олон асуудал байгаа гэдгийг хэллээ. УИХ дахь МАН-ын бүлэг улс төрийн нам, эвслийн бүлгүүдийн хамтран боловсруулсан УИХ-ын гишүүн Су.Батболд, Ч.Улаан нарын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ерөнхийд нь дэмжиж байгаагаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Сонгуулийн тухай хуулийг нэмэлт өөрчлөлт оруулж, засах нь зүйтэй МАН-ын бүлэг үзэж байгаа юм байна.
Харин өнгөрсөн баасан гаригт өргөн барьсан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ирэх арванхоёрдугаар сарын 26-нд ард нийтийн санал асуулга явуулж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж МАН-ын бүлэг шийдвэрлэжээ. Учир нь, сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байхаар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 31-нээс хойш Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй юм. Энэ хүртэлх 40 гаруй хоногийн хугацаанд Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, санал асуулгыг арваннэгдүгээр сарын 26-нд явуулах товыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжих боломжгүй гэж үзжээ. Цаг хугацааны хувьд ч амжихгүй гэж үзэж байгааг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ. Ард нийтийн санал асуулга явуулахад нэлээд хэдэн эргэлзээтэй асуудал байгааг энэ үеэр хэллээ. Нийт 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хөрөнгийг хаанаас хуваарилах нь тодорхойгүй байгаа юм байна. Ард нийтийн санал асуулга санал тоолох төхөөрөмж буюу сонгуулийн хар машинаар тоолох нь өөрөө будлиан гарах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Мөн энэ богино хугацаанд Үндсэн хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж амжихгүй гэж үзэж байгааг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
Дараа нь Халх голд чөлөөт бүс байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Бүлгийн гишүүд Халх голын 500 мянган га-д чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75-р тогтоолын хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн байна. Учир нь, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хохироосон олон шийдвэр байна гэж үзжээ. Тогтоолын төслийг хүчингүй болгож дахин боловсруулах нь зүйтэй гэсэн байр суурьд нэгджээ. "Дорнод аймгийн Халх гол сумд хөдөө аж ахуйн үйлдвэр үйлчилгээг дэмжиж ажиллах нь зөв. Гэхдээ асуудлыг Чөлөөт бүсийн тухай хуулиар зохицуулах ёсгүй . Хүчингүй болгох тогтоолоо өргөн барина" гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэллээ.