Open iToim app
Анализ | 8 мин уншина

Мансуурагчдын тоо 64 мянга хүрчээ

Мансуурагчдын тоо 64 мянга хүрчээ
Нийтэлсэн 2015 оны 5 сарын 2
Хар тамхи, мансууруулах бодисын наймаа эрхлэгчид жилд 100 тэрбум ам.долларын ашиг олдог гэсэн судалгаа бий. Энэ нь ашиг орлогын хэмжээгээрээ зэвсгийн наймааны дараа ордог хууль бус бизнес юм байна. Дэлхийн хэмжээнд энэ төрлийн бодисын хэрэглээ, хууль бус наймаа өсөх хандлагатай байгаа нь тусгай албадын санааг ихэд зовоож буй. Хаалга тогшилгүй орж ирсэн энэхүү “үхлийн урилга” манай улсад ч аюулын харанга дэлдээд байгаа. Зөвхөн газар зүйн онцлогоос харахад, манай улс мансууруулах бодисын хэрэглээний томоохон зах зээл БНХАУ, ОХУ-ын голд оршдог. Олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар ОХУ-д хар тамхи тогтмол хэрэглэдэг 4.5 сая хүн бий. Үүний 76 хувь нь 25 хүртэлх насны өсвөр үеийнхэн, залуучууд байна. БНХАУ гэхэд гурван сая донтогчтой. Харин Монгол Улсад 16 мянган хүн хар тамхи тогтмол хэрэглэдэг гэсэн судалгааг хуулийн байгууллага гаргажээ. Нэг хүний ард дөрвөн хүн байдаг гэж бодохоор энэ тоо хэдийнэ 64 мянгад хүрээд байна. Ийм учраас утаа шиг улиг болгон урьж, сэрэмжлүүлж, анхааруулахгүй бол болохгүй нь. Яагаад гэвэл, энэ тоо Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Говь-Алтай, Булган, Дундговь зэрэг аймгийн хүн амаас их байгаа юм.
Юун архи..!
“Одооны охид ээжээсээ илүү хоол хийхгүй байж, ааваасаа илүү архи даана” гэж шүүмжлэх нь нэгийг бодогдуулна. Өнгөрсөн XX зуунд монголчуудад хамгийн их балаг тарьсан аюул нь архи байсан. Өрх бүр нэг “архичинтай” болсон гэхэд хилсдэхгүй. Өөдтэй явсныг нь архиар дайлж, өөдгүй яваа нь гутарсандаа амссан. Архи, архичин хоёрын балгаар олон айл гудамжинд хөөгдөж, олон эх, үрийн нулимс хацартаа хатсан. Эргээд харахад, монголчууд архинд түшиглэсэн ёс заншил, баяр наадам, архинд тулгуурласан эдийн засагтай болж хувирчээ. Аав нь гурван настай хүүдээ архи уулгаж согтоогоод бичлэг хийн өхөөрдөж, зургадугаар ангийн сурагчид нэгнийдээ архидан хонож байна. Архигүй уулзалт, архигүй баяр, архигүй яриа гэж алга. Энэ бол яах аргагүй Монголын эмгэнэл.
Тэгвэл хар тамхины хажууд архи юу ч биш. Геройны мансууруулах чадвар архиныхаас 60 дахин их гэдгийг албаныхан хэлж байна. Энэ хэрээр хүний эрүүл мэнд, эдийн засаг, ойр тойрныхонд нь аюул учруулж байдаг. Юун архи...! Нэг донтогч жилд 30-40 сая төгрөгөөр хар тамхи авч хэрэглэдэг. Хар тамхичинг эрт дээр нь эмчилж, гаргахад найман сая төгрөг хэрэгтэй. Өдөрт 10 мянган төгрөгийн архи ууж, ар гэртээ агсам тавьж, гэрээсээ хулгай зэлгий хийдэг архичны гэр бүл яаж зовдог билээ. Тойрон хүрээлэгсэд, хамт олон, найз нөхөд нь яаж жигшиж зугтаадаг билээ. Хар тамхичны гэр бүлд түүнээс илүү зовлон тохиодог. Нэгэнт хар тамхинд дассан бие организм нь өнөөхөө үгүйлж, мөнгөөр худалдаж ав гэсэн тушаалыг тархинд нь өгнө. Нууцаар худалдаалагддаг, өндөр үнэтэй хар тамхи олж авахын тулд донтогчид юу эсийг хийх билээ. Хүн дээрэмдэнэ, залилна, ална, хулгай хийнэ, бусдыг уруу татаж гуялна, хар тамхи зарж өгөөд ёндоонд нь чимх цагаан зүйл олж авна. Удахгүй үхнэ. Хар тамхичны амьдралын замнал ингэж л төгсдөг. Архинаас ялгаатай нь хар тамхи шууд донтуулж, хүнийг өвчлүүлж, солиоруулдаг. Архичны элэг үхдэг бол хар тамхичны тархи нь эхэлж үхдэг.
Хэрэглэгчээс тээвэрлэгч рүү
Мансууруулах бодис гэдэгт байгальд зэрлэг байдлаар ургадаг олсны ургамал, намуу цэцэг, мексикийн мөөг, кокийн бут зэргийг хамруулдаг. Эдгээр түүхий эдийг химийн урвалд оруулах, нийлэгжүүлэх замаар цэвэр героин, кокаин буюу хүмүүсийн нэрлэдгээр “хар тамхи”-ийг гаргаж авдаг байна. Кокаин, героиноос бусад төрлийн хар тамхийг, анагаах ухаанд хэрэглэдэг өвчин намдаах, тайвшруулах эм, тариаг үйлдвэрлэдэг ажээ. Манайд эдгээр бодисын алийг нь ч хил, гаалиар нууцаар оруулж худалддаг. Хүнийг инээлгэдэг, элийрүүлдэг, сэргээдэг, хий юм үзэгдүүлдэг, тайвшруулдаг гээд янз бүр. Мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаагаар манай улс хар тамхины хэрэглэгч улсын статустай байж байгаад гурван жилийн өмнө “тээвэрлэгч” гэсэн статустай болжээ. Өөрөөр хэлбэл, үндэстэн дамнасан хар тамхины сүлжээ Монголын нутгаар дайрч, бусад улс руу худалдаалагдаж байна гэсэн үг.
Хил дамнасан энэхүү хууль бус гэмт хэргийг үйлдэхийн тулд гаднынхан монголчуудыг ашиглаж хар тамхиа Монголын нутгаар зөөлгөж, бусад улс руу гаргадаг байна. Хар тамхины “Алтан гурвалжин” сүлжээнд элссэн Халиун, Хулан гэх эгч дүүсийн түүхийг бид мэднэ. Тэдний ятгалгад өртсөн олон монгол БНХАУ болон Монголд хар тамхи зөөж яваад баригдаж, ял шийтгүүлсэн. Манай улсын иргэд БНХАУ болон Зүүн өмнөд Азийн орнуудад хар тамхи хэрэглэсэн, тээвэрлэсэн хэргээр хоригдож байгаа. Биеэ үнэлэхээр Эрээнд очсон эмэгтэйчүүд, наймаачид, хүний наймаанд өртөөд аврагдаж эх орондоо ирсэн монголчууд хар тамхины хэрэглэгч, дамжуулагч болох нь элбэг гэдгийг албаныхан хэлдэг. Цаашлаад урлаг соёлынхон, баячуудын хүүхдүүд л хэрэглэдэг гэсэн тодотголтой хар тамхийг нийгмийн бүх шатанд хэрэглэх болсныг албаныхан сэрэмжлүүлж байна. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, боловсролтой, боловсролгүй гэхгүй хамаарахгүй байгаа гэнэ. Нийгмийн бүх давхаргад хэрэглэгчтэй болсон хар тамхины эсрэг дан ганц хууль хяналтынхан зогсоод үр дүн гарахгүй. Өрх бүрт, эцэг, эхчүүд, сурган хүмүүжүүлэгчдэд хамаатай болж ирснийг харуулж байна.
Олон хүн мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдаж байна
ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас хар тамхи үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлж байгааг сануулан мэдээлэл хийсэн. Тэд, “НҮБ-ын 2013 оны тайлангаар 15-64 насны 230 сая иргэн хууль бусаар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байна гэсэн тоон мэдээ бий. 2008 оноос хэрэглэгчийн тоо 18 хувиар өссөн. Үүнээс 14 сая хүн хар тамхи, мансууруулах бодисыг судсаар тарьж хэрэглэж байгаагийн 1.6 сая нь ДОХ-ын халдварын тээгч байдаг юм байна. Монгол Улсын хэмжээнд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүхий эдийн хууль бус эргэлттэй холбоотой хэрэг 2002-2009 оны буюу найман жилийн хугацаанд 63 гэмт хэрэг, 68 үйлдэлд нийт 184 хүн холбогдон шалгагдаж байсан. Гэтэл 2009 оноос хойш өсч 2014 оны эхний гурван сарын байдлаар 133 гэмт хэрэг, 365 үйлдэлд 460 хүн холбогдон шалгагдсан байна. 2010 оноос хойш бүртгэгдсэн гэмт хэргийг 2002-2009 оны гэмт хэргийн дундажтай харьцуулж үзэхэд гэмт хэрэг үйлдэл нь 7.6 дахин, холбогдогч хүн нь 5.3 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Монгол Улсын 66 иргэн хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт гадаадын улс оронд шалгагдаж, хэрэг нь шийдвэрлэгдэн, шийтгэгдсэн байдаг. Тухайлбал, Унгар болон Казахстан улсад тус бүр гурав, ОХУ-д зургаа, Словак, Бангладеш, Филиппин, Грек, Болгар улсад тус бүр нэг, Малайзад тав, БНХАУ-д 44 иргэн байна. Үүнээс БНХАУ-д байгаа таван иргэн цаазаар авах ялаар шийтгүүлэх бол Малайзад шалгагдаж байгаа гурван иргэн мөн цаазаар авахуулах ялаар шийтгүүлэх магадлалтай байгаа. Мөн манай улсын хоёр иргэн хар тамхи мансууруулах бодисыг залгиж, ходоодондоо тээн, тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан харамсалтай тохиолдол байгааг анхаарахгүй бол болохгүй байна” гэсэн юм.
Юм жижгээс эхэлдэг
Юм жижгээс эхэлдэг. Хар тамхи Монголд дэлгэрч, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэнд олон хүний хариуцлага яригдана. Хамгийн эхлээд эцэг, эх. Анзаарвал, бид хүүхэдтэйгээ тэр бүр ярилцаж, хар тамхи хэрэглэж болохгүй, ийм аюултай гэж анхааруулдаг гэж үү. Хүүхэд хичээлээ, эцэг, эх нь ажлаа тараад орой л гэртээ цуглацгааж ядарснаа гайхан хоолоо идээд амарцгаадаг. Хүүхдийг зөнд нь орхиж, багшид нь даатгаснаар хүүхдийн төлөвшөөгүй байгаа үзэл бодолд нь хэн нэгэн уруу татах алхмыг хийдэг. Дунд сургуулийн сурагчид бөөнөөрөө хийн гааз, будаг шингэлэгч, шар цавуу, штринк /бичиг барилгагч/ үнэрлэж амиа алдсан хэрэг гарсаар байгаа. Үүнд дэлгүүрийн худалдагч, сургуулийн нийгмийн ажилтан, багшаас өмнө эцэг, эхийн хариуцлага яригдана.
Өөр нэг санаа зовоосон асуудал гэвэл кино, бас интернэт. Хүүхдүүд кино, интернэтээс сэдэл авч мансуурах нь их болжээ. ШӨХТГ-аас шаардлага тавьснаар телевизийн реклам, кинон дээр архийг гаргахдаа дүрсийг нь бүдгэрүүлж, эсвэл архи хортой гэсэн сэрэмжлүүлэгтэй хамт нэвтрүүлж байгаа. Ажиглаад байхад хар тамхитай холбоотой нэвтрүүлэг, кино, дууны клип дээр ийм хязгаарлалт хийх хэрэгтэй байгаа юм. Бидний бишрэн үздэг барууны киноны зарим нь хар тамхийг хэрхэн бэлтгэх, хаанаас яаж олж авах, яаж хэрэглэхийг заасан бүхэл бүтэн хичээл болдог. Хар тамхи хэрэглээд хүч чадалтай болж байгаа нь олон хүнд, тэр дундаа өсвөр насныханд хэрэглэж үзэх сэдэл төрүүлдэг. Энэ “цагаан тахал”-ыг хэрэглэж үзээгүй, үзэн яддаг би ч гэсэн яаж бэлтгэж, яаж хэрэглэдгийг нь мэднэ. Бас хэрэглэвэл биед яаж нөлөөлдөгийг нь хүмүүсийн яриагаар баримжаална. Ийм байхад үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхдүүдэд дээрх үзвэрүүд яаж нөлөөлдөг бол. Айл бүр интернэттэй, хүүхэд бүр ухаалаг утастай болсон энэ үед хязгаарлалтыг бүр илүү ярих ёстой. Дан ганц хар тамхи гэлтгүй, буу зэвсэг бүтээх, хүн алах, дээрэмдэх олон цагийн хичээл тэнд байдаг.
Хар тамхичинг өршөөх ёсгүй
Монголчууд уужим, алгуур хүмүүс. Хар тамхины аюул нүүрлэнэ гэж юу байдаг юм гэж ч бодож байж мэдэх юм. Гэтэл хар тамхи худалддаг, оруулж ирдэг бүлэглэлүүд Монголд хэдийнэ бий болжээ. Анхаарал тавиагүй байтал таны охин эсвэл хүү уруу татагдаж хар тамхичин болчихсон, эсвэл эмнэлгийн орон дээр хэвтэх болчихсон байж болох юм. Ийм учраас хар тамхитай төрийн хатуу нударгаар л тэмцдэг жишиг улсуудад бий.
Тухайлбал, БНХАУ-д 50 граммаас дээш хэмжээгээр хар тамхи, мансууруулах бодисыг тус улсын хилээр ашиг олох зорилгоор нэвтрүүлсэн бол цаазаар авах хүртэл ял ногдуулдаг. ОХУ-д энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 20 хүртэлх жилийн хорих ялаар торгох, нэг сая рубль /ойролцоогоор 40 орчим сая төгрөг/-г төлөхөөр хуульчилсан байдаг ажээ. Манайхтай хиллэдэг хөрш хоёр улс хүн ам нь олон хэрнээ хар тамхины хэрэглээг хянаж, таслан зогсоохын тулд ийм хатуу шийтгэл ногдуулдаг байна. Угаасаа хар тамхичинд шорон, эсвэл үхэл гэсэн хоёр л зам бий. Гэтэл манайд хар тамхичин, наймаачдад ногдуулдаг ялын бодлого хоёр хөршөөсөө сул. Уг нь тэднээс чанга, эсвэл адил хэмжээнд ял өгдөг байя. Бас хар тамхичинд өршөөл, уучлалыг үзүүлдэггүй байя гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн удаатай.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэсэн зүйл заалтын дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэх заалттай байдаг байна. Гэхдээ 15 жил хорьж байсан тохиолдол цөөн. Рок дуучин, хип хопчид, бөх, төрийн өндөр албан тушаалтны болон чинээлэг айлын хүүхдүүдэд хар тамхи зарсан, хэрэглэсэн гээд 2-8 жил, заримд нь тэнсэн харгалзах ял өгч сулласан байдаг. Хар тамхичдын толгойг илж, ялын бодлогоор өөгшүүлж байгаа нь эргээд эрсдэлд хүргэх вий.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн