Open iToim app
Эдийн засаг | 10 мин уншина

​Д.Лхагвасүрэн: Манай эрсдэл буурч байгаа учраас дахин бонд гаргах хэрэгтэй

​Д.Лхагвасүрэн: Манай эрсдэл буурч байгаа учраас дахин бонд гаргах хэрэгтэй
Нийтэлсэн 2015 оны 10 сарын 21
УИХ-ын даргын эдийн засгийн зөвлөх Д.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Энэ оны төсвийн орлого нэг их наяд орчмоор тасарч, зардлаа энэ хэмжээнд танах байдлаар тодотгол хийнэ гэж Сангийн яамнаас мэдээлсэн. Та ирэх он болон энэ оны төсөвтэй танилцаад ямар дүгнэлт хийж байна вэ?
-Хэмнэлт хийх нь сайн, муу хоёр талтай.Төсөв хүнд байхад хэмнэлт хийж байгаа нь нэг талдаа сайн. Нөгөө талдаа хэмнэлтийн цаана сөрөг үр дагавар нь их. Эдийн засаг хүнд байгаа учраас илүү сайн хэмнэх ёстой гэдэг байдлаар хандаж болохгүй л дээ. Улсын төсөвт жижиг компанийн төсөв ярьж байгаа шиг хандаж болохгүй. Одоо эдийн засгийн том тоонууд дээр маргалдаад нэг их өөрчлөлт хийж чадахгүй нь ойлгомжтой болсон. Харин ямар зардлыг хасах, аль салбарын зардлыг багасгахгүй явбал эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх вэ гэдгийг л илүү ярьж, бодох ёстой. Түүнээс 900 тэрбум эсвэл нэг их наяд болгоно гэж маргалдахдаа гол нь биш болоод байна.
Төсвийн орлого дээр хийж чадах зүйл бага. Харин төсвийн зарлага нь зөв салбар, хүндээ очоод, тэр нь цаашаа эдийн засагтаа хүрдэг чиглэл рүүгээ явбал илүү оновчтой. Аль болох иргэдийн, ялангуяа дийлэнх өрхүүдийн гар дээр очих мөнгийг багасгахгүй байх нь зөв. Ингэснээр тэр мөнгө дотоодын эдийн засагтаа хэрэглээ, орон сууц, оюутны сургалтын төлбөр, мах, сүү, гурил, будаа гээд дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд зарцуулагдана. Ингэснээр эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд орлоготой, ажилчдынхаа цалинг өгөх чадвартай болно. Уул уурхайн хэт жаргалтай үе өнгөрч байгаа үед энэ бодлого чухал. Тийм үзэл санаа энэ жилийн төсөвт бага ч гэсэн байгаа нь бас сайн. АНУ, Европын зарим орнууд эдийн засгийн хүнд үед иргэдийнхээ цалин, тэтгэврийг бууруулахгүй, ард иргэдэд очиж байгаа мөнгийг огцом хасахгүй байх аргыг хэрэглэснээрээ нилээн үлгэр дууриал болж байна.
- Төсвийн зардлаас гадна бидний анхаарах ёстой өөр ямар асуудлууд байна вэ?
-Төсөв дээр маш их цаг гаргаж, тооцоолол хийж, ярьж байгаа нь сайн. Гэхдээ төсөв бол манай эдийн засгийн дөрөвний нэгийг л эзэлдэг. Харин нийт эдийн засаг дээр юу болж байгаагаа талаар огт ярилцахгүй байна. Тухайлбал өнөөдөр нийт өрхийн бараг тал хувь нь хөдөө аж ахуйн салбараас хамааралтай байхад хөрөнгө оруулалтын хоёрхон хувь нь энэ салбар руу чиглэж байгаа нь харамсалтай. ХАА-н салбарт яагаад олигтой хөрөнгө оруулалт орохгүй байна, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих вэ гэсэн асуултууд чухал байх. ХАА-н салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр нийт иргэдийн орлого өснө. Тэр хэмжээгээр хөдөөгийн хүмүүсийн хэрэглээ нэмэгдэж бусад олон салбартаа сайнаар нөлөөлнө.
Аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт хаашаа чиглээд байгааг мэдэж байгаа хүн монголд маш цөөхөн байна. Төсөв гээд эдийн засгийнхаа маш бага хувийн ихэсч, багасч байгааг яриад байдаг хэр нь бусад 60, 70 хувийнх нь хөрөнгө оруулалтын талаар олигтой судалгаа шинжилгээ огт харагдахгүй байна.
Мэдээж төсвөөс олон хүн хүртдэг болохоор олон эрх ашиг байгаа. Тиймээс л бүгд төсөвт анхаарлаа хандуулаад байна. Гэтэл шийдэж болохоор асуудлууд буюу эдийн засгийн 70 хувьтай холбоотой асуудлууд орхигдоод байна. Хувийн салбарын хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, үйлчилгээ, тээврийн салбар бий. Сүүлийн 12 сар үйлчилгээний салбарт өсөлт ажиглагдахгүй байна. Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар харьцангуй гайгүй байгаа. Төрөөс бондын мөнгөөр эдгээр салбарыг санхүүжүүлж, дэмжсэнтэй холбоотой. Ер нь бүх хүний сэтгэлийг хангасан төсөв батална гэж байдаггүй. Хуваарилалтаа зөв хийж, зөвхөн энэ жилийг биш, ирэх жилүүдийг нь ч тооцоолсон төсөв батлах хэрэгтэй. Дахин хэлэхэд, төсөв эдийн засгийн жижиг хэсэг.
-Ашиггүй хөрөнгө оруулалт маш их байна гэж ярих юм. Ер нь эдийн засаг хүнд байгаа үед улсын төсвийн санхүүжилтээ зогсоох нь хэр зөв сонголт юм бэ?
-Ирэх жилийн төсөвт 100 тэрбумын шинэ хөрөнгө оруулалт хийнэ гэж тусгасан. Энэ бол маш бага тоо. Эхний хагас жилд манай улсын хэрэглээ өсөлттэй байна. Ялангуяа өрхийн хэрэглээ өсч, төрийн хэрэглээ буурсан үзүүлэлттэй гарсан. Төрийн хэрэглээ 4.2 хувиар буурсан нь сайн үзүүлэлт. Энэ бол зөв хандлага. Гэхдээ хөрөнгө оруулалтаа хэт танаад байвал яваандаа өрхийн хэрэглээ буурах аюултай. Энэ бол санаа зовоох асуудлын нэг. Аж ахуйн нэгж, иргэдийн нийт хөрөнгө оруулалт сүүлийн жил 35 хувиар буурсан байна. Тиймээс эдийн засаг муу байна гээд төсвөө, хөрөнгө оруулалтаа хамаагүй танах нь аюултай. Грекийн гашуун туршлага бий. Маш их хатуу бодлого явуулж, бүх зүйлээ хэмнэлтийн горимд шилжүүлсэн. Түүнээс болоод ажилгүйдэл маш их хэмжээгээр өссөн. Өнөөдөр Грек маш хүнд байдалтай байна. Төсвийн хэтэрхий таналт аюултай гэдгийг эдгээр улсын жишээнээс харж олно. Хэтэрхий танаад эдийн засаг нь сэргэсэн улс байхгүй.
Эдийн засгийн хүндрэл 2007 оноос хойш дэлхийн улс орнуудад маш хүчтэй явагдаж байгаа. Дэлхийн ихэнх улсуудын хоорондын өрийн сүлжээ огцом нэмэгдсэн. Тухайлбал, өмнө ДНБ-нийхээ 50 хувьтай тэнцүү зээлтэй байсан орнууд өнөөдөр 80, 100 хувь гараад явчихсан байна. Тиймээс эдийн засаг хүнд байгаа энэ үед дахин санхүүжилт буюу бонд гаргах тухай л ярих хэрэгтэй болоод байна.
Ер нь өнөөгийн нөxцөлд эдийн засгийн богино хугацааны асуудлуудыг харж, зөв бодлого явуулах нь чухал. Урт хугацааны хөгжлийн чиг хандлагаа хойш тавиад эдийн засгийн хүндрэлийн үед улс орнууд ямар арга хэмжээ авч байна вэ гэдгийг сайн ажиглах хэрэгтэй. Эдийн засаг хүнд байгаа үед 20 жилийн дараах асуудлыг яриад хуралдаад, янз бүрийн форум хийгээд байх чухал биш. Эдийн засаг сайжраад ирэхээр урт хугацааны хөгжлийн асуудал ярихад оройтохгүй. Тухайлбал, Испани улс эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах талаар л ярьж байна. Түүнээс 20, 30 жилийн дараа Испани улс хэрхэн мандан бадрах вэ гэж ярьж байгаа хүн ховор байгаа. Ярьж байгаа хүн байгаа бол түүнийг нь сонсох хүн цөөн. Яагаад гэвэл өнөөгийн нөхцөлд эдийн засгийн богино хугацаа илүү чухал байгаа учраас тэр.
-Бонд босгоно гэхээр дахиад нэмж өр тавина. Ирэх жил өрийн хэмжээ ДНБ-ий 55 хувьтай тэнцүүлнэ гэж тооцсон байгаа. Энэ хэр хэмжээний санхүүжилт татах боломжтой бол. Гэхдээ зээл аваад өрөндөө өгөх болж таарах байх.Гадаад дотоодын бондын хүүгийн төлөлтөд их хэмжээний мөнгө зарцуулж байна. Энэ нь төсөвт маш их хүндрэл бий болгоно гэж байгаа шүү дээ. Зээл авч, зээлээ дарах л аргыг нь ашиглах гээд байна аа даа?
-Энэ бол энгийн байдаг л практик. Хамгийн энгийнээр тайлбарлавал, би ипотекийн зээлтэй. Тэгтэл машин авах хэрэгтэй болоход дахиад зээл авч машин авна. Ер нь манай бондын нэр хүнд харьцангуй гайгүй сэргэж байгаа судалгаа 10-аад хоногийн өмнө харсан. Энэ нь Монгол Улсын өрөө төлөх чадвар сайн гэсэн нэг бодит, хөндлөнгийн хэмжүүр л дээ.
Ер нь Монгол Улс өрөө төлөх чадвартай юу, үгүй юү гэдэг нь манай эдийн засаг хэр зэрэг өсөх магадлалтай байна вэ, зээлийн хүү, инфляц хэд байх вэ гэдгээс хамаарна. Тиймээс Монголбанк, Сангийн яам эдийн засгийн чухал тоонуудаа нэгтгэж байгаа ярилцах хэрэгтэй. Инфляц, зээлийн хүү, эдийн засгийн өсөлт маш чухал. Энэ гурван тоогоо харж байж зээлийнхээ хэмжээг ярина. Өсөx эдийн засгийн 60%-ийн өр, тогтмол байх эдийн засгийн 60%-ийн өр гэдгийг харьцуулахын аргагүй. Бонд бол орлого бага үед Засгийн газрын орлогыг нэмэх гол эх үүсвэр. Тэгэхээр бонд төсөв хоёр нэг асуудал гэж ойлгож болно.
-Бондын хөрөнгийг хэрхэн хуваарилах дээр маргалдаж, зориулалтын бусаар ашигласан зэрэг асуудал үүсээд байгаа шүү дээ?
-Бондын мөнгийг аль салбарт зарцуулах талаар хүмүүс их маргалддаг. Замд хөрөнгө оруулалт хийхээр зарим хүн буруу гэж хэлдэг. Засгийн газар ашгийн төлөө ажилладаг компани биш. Хийх ёстой зүйлээ ашиггүй ч гэсэн хийх үүрэгтэй. Зам барьснаар хөдөө аж ахуйн салбар руу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт орох боломжтой болж болно. Гэтэл манайхан буцаагаад ашиг олохгүй зүйлд хөрөнгө оруулалт хийлээ гэдэг. Ингэж бодох нь маш аюултай. Тухайлбал, гудамж төслийг хүмүүс мөнгөөр үнэлэх гээд байдаг. Барьсан замын эдийн засгийн үр ашгийг тооцоод сууж байгаа гаднын эдийн засагчийг би мэдэхгүй. Мөн бондын мөнгөөр Бойнг авахаар ашигтай сайн байна гээд дахиад нэг Бойнг авчихаж болохгүй. Засгийн газар нийтийн эрүүл ахуй, боловсрол, дэд бүтэцдээ мөнгөө оруулах ёстой. Энэ хөрөнгө оруулалтын үр өгөөжийг өнөөдрийн мөнгөөр хэмжих боломжгүй.
-Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл “жилийн дараа Монгол Грек шиг болно” гэж хэлжээ. Эдийн засагч хүний хувьд ажиглахад үнэхээр манай улс дампуурлын ирмэг дээр ирчихсэн байгаа юм уу?
-Төсвөө хэт танаад, бариад суучихвал дампууруулсан улсын араас ороход амархан. Гэхдээ Грек Монгол хоёр газар тэнгэр шиг зөрүүтэй. Нэгдүгээрт, Монгол Улс өөрийн гэсэн мөнгөний бодлоготой. Хоёрдугаарт, манай улс байгалийн баялаг ихтэй. Гуравдугаарт, манай улсын гол худалдан авагч Хятад улсын эдийн засаг дэлхийд хамгийн эхэнд явж байгаа. Хятад дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхөөр том эдийн засагтай. Хэдийгээр зүүн талдаа Хятадад хэт их хөрөнгө оруулалт яваад тэр нь удааширч байгаа боловч баруун бүс, зүүн хойд, төвийн бүс нутагт барилгажилт хүчтэй явагдаагүй. Тэгэхээр энэ хэрээр тэдэнд түүхий эдийн хэрэгцээ байсаар байгаа. Түүнээс ямар ч бодитой харьцуулалтгүйгээр Монгол Улс Грекийн араас орно гэхээр ойлгомжгүй л дээ.
-УИХ-ын дарга “Шилэн дансны хууль хэрэгжүүлэхгүй байгаа байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн. Тэгтэл Ерөнхий сайд нь Шилэн дансны хуулиа хэрэгжүүлэхгүй байна. Ийм зүйл байж болох уу?
- Би хууль хэрэгжүүлэгч байгууллагыг төлөөлөхгүй. Ер нь Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээр орлого, зарлага ил болж байгаа. Нэг этгээдийн зарлага бол нөгөө этгээдийн орлого. Өмнө нь бүртгэгдээгүй орлого ил болно. Ингэснээр татварын орлого өсч, авах гэж байгаа бондын хэмжээ ч багасна.
-Төсвийн тодотголоор төрийн дээд өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулна гэж оруулжээ. Энэ нь хэмнэлт болж чадах уу?
-Тоо, мөнгөн дүнгийн хувьд хүчтэй нөлөө үзүүлэхгүй. Харин төрийн дээд өндөр албан тушаалтнууд хэмнэлтийг өөрөөсөө эхэлж байна гэсэн эерэг мессежийг нийгэмд өгч байна. Гэтэл, мөнгөн дүнгээсээ илүү зүгээр л төсвөө танаж байна гэсэн мэдээ иргэд, хувийн хэвшлийг хэт хэмнэлтийн байдалд оруулах аюултай гэдгийг дахин хэлмээр байна. Эдийн засгийн мөчлөгт жижиг сөрөг мэдээ том сөрөг мэдээ болох их амархан. Хүмүүс мөнгөө хэт хэмнэчихээр үйлдвэр үйлчилгээний бараа бүтээгдэхүүн гүйхээ болино. Хэтэрхий их таналт хийж байгаа гэсэн сөрөг мессеж болж нийгэмд нөлөөлөх аюултай.
-Эдийн засгийн хүндрэл хэдий хүртэл үргэлжлэх төлөвтэй байна вэ. Тийм тооцоо судалгаа танд байна уу?
-Энэ бол маш чухал асуудал. Хүн бүхэн л асууж байна. Одоогоор манай эдийн засгийн хамгийн гол бүтээгдэхүүн уул уурхайн түүхий эд. Энэ утгаараа манай эдийн засаг Хятадаас шууд хамааралтай. Тиймээс би хүмүүст Хятадын эдийн засгийг сайн харах хэрэгтэй гэдэг.
Харин цаашдаа бид их олон төсөл ярихаас илүү иргэдээ хэрхэн ажилтай, орлоготой байлгаж, илүү дадлагажуулах вэ гэдэг хамгийн чухал болоод байна. Хэрвээ иргэдээ ажилтай, орлоготой байлгаж чадвал одоогийн яриад байгаа олон зовлон байхгүй болно. Иргэдийн хөдөлмөрийн бүтээмж өсөх нь өөрөө хөгжил. Аливаа улс орны хөгжил, нийгмийн сайн сайхныг иргэдийнх нь хөдөлмөрийн бүтээмж тодорхойлдог гэсэн үг бий. Нэг эерэг зүйл хэлэхэд сүүлийн хоёр жил дэлхийн улс орнуудын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт унаж байхад манайх аж үйлдвэрийнхээ салбарын ажиллах хүчийг 10 хувиар өсгөж чадсан судалгаа гарсан шүү. Тэгэхээр манай эдийн засгийн өсөлтийн удаашрал бусад орнуудынхаас хамаагүй өөр.
-Оюутолгой, Таван толгой явахгүй л бол манай эдийн засаг сүйрчих юм шиг ярих юм. Энэ тал дээр таны бодол?
-Саяхан болтол бид хоёр толгойгүй амьдарсаар ирсэн. Мэдээж Оюутолгой, Таван толгой явбал эдийн засагт асар эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Сүүлийн таван жил бид хэтэрхий үрэлгэн төсөвтэй байгаад дасчихсан байна. 1990, 2000 оны дундуур ямар байснаа хүмүүс мартсан байна. Зөвхөн Оюутолгойн том хөрөнгө оруулалт орж ирж байсан үетэйгээ харьцуулж байна. Хоёр жилийн дотор л таван тэрбумын хөрөнгө оруулалт орж ирсэн. Энэ нь манай эдийн засгийн 50 хувиас илүү. Энэ хоёр толгой байхгүй байсан бол бид хэрхэн амьдрах байсан бэ гэж бодох хэрэгтэй байх. Тиймээс хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг хэрхэн дээшлүүлж, Улаанбаатар хотын үйлчилгээний салбарыг яаж өөд татах вэ гэдийг бодох хэрэгтэй.
-Бүтцийн өөрчлөлтийн талаар таны бодол?
-Манай улс улирлын чанартай эдийн засагтай. Хавар дулаан орохоор уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлал, үйлчилгээний салбар сэргэдэг. Ийм улсын хувьд төсвийн таналт, ажиллах хүчний цомхотголоо дулааны улиралд хийвэл зүгээр. Одоо агшиж байх үед цомхотгол хийвэл эдгээр хүмүүс ажилгүй зургаан сар явна гэсэн үг. Харин дулааны улиралд цомхотгол хийвэл хүмүүс өөр ажилд орох боломжтой. Цаана нь өрхийн амьдрал байгаа. Нэг нэгж дээр нь бодох хэрэгтэй. Жишээ нь, 1000, 3000 хүнийг цомхотголоо гээд макро эдийн засагт нэг их нөлөөлөхгүй. Харин тухайн нэг өрхийн орлоготой байсан нэг хүн нь ажлаа алдвал тэр өрхөд ирэх ачаалал асар иx.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн