Open iToim app
Эдийн засаг | 7 мин уншина

​Д.Лхагвасүрэн: Бодлогын хүүг огцом нэмэгдүүлснээр ипотекийн зээлийн эрсдэл өснө

​Д.Лхагвасүрэн: Бодлогын хүүг огцом нэмэгдүүлснээр ипотекийн зээлийн эрсдэл өснө
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 22
Эдийн засагч Д.Лхагвасүрэнтэй эдийн засгийн цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн пүрэв гаригт Монголбанкны Захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр бодит эдийн засагт эерэг болон сөрөг ямар нөлөөтэй вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Өнөөдөр хаа сайгүй эдийн засаг хүнд, өсөлт удаашралтай байгаа. Өмнө нь дэлхий нийтээрээ хоёр хувийн эдийн засгийн өсөлт хэвийн гэж тооцогддог байсан бол өнөөдөр хоёр хувийн өсөлт өндөрт тооцогдож байна. Үүнийг ерөнхийдөө шинэ хэвийн үзэгдэл гэж яриад байгаа. Эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа нөхцөлд дэлхийн улс орнууд төсөв, мөнгөний маш өвөрмөц, түрэмгий бодлого барьж байгаа. Төсвөө хэт танахгүй байх, бодлогын хүүгээ аль болох бага байлгахыг эрхэмлэж байна. Хасах хүүтэй улс ч бий. Гэтэл манайх хүүгээ огцом өсгөж байна.
Төв банк бодлогын хүүгээ өсгөхөд тухайн улсын мөнгөн тэмдэгтийн ханш өсдөг. Өөрөөр хэлбэл, бодлогын хүүг нэмснээр төгрөгтэй харьцах ам.долларын ханш буух нөлөөтэй. Гэхдээ бусад бүх хүчин зүйлүүд хэвэндээ байхад гарах үр дүн. Монголбанк бодлогын хүүг 10.5 хувиас 15 хувь болгож нэмэгдүүлсэн нь маш том үсрэлт. Ийм огцом үсрэлтийг хийж байсан орны жишээ гэвэл ОХУ. 2014 оны сүүлээр ОХУ бодлогын хүүгээ 10.5 хувиас 17 хувь болгож огцом нэмэгдүүлсэн. Гэхдээ рубль нь чангараагүй.
-Тухайлбал, бодлогын хүү нэмснээр ямар хүмүүст илүү сөрөг нөлөөтэй гэж?
-Xөдөлмөрийн орлогоор амьдардаг өрхүүдийн хувьд сайн мэдээ огт биш. Ажилгүй хүмүүст бүр ч муу мэдээ. Би энд банкны хүүг нэмэх нь дандаа буруу гэж хэлээд байгаа юм биш. Харин, банкны хүүг нэмэх зохистой цаг хугацааны тухай ярьж байна. Ажил эрхлэлт сайжраад, инфляци ихсээд байвал хүүг нэмэх хэрэг гарна. Харин ажил эрхлэлт муу, өсөлт удаан байхад хүүг нэмэх, тэр тусмаа огцом нэмэх нь ойлгомжгүй.
Гадны жишээ хэлье. АНУ-д 2008 оны санхүүгийн хямралаас болж ажилгүйдэл огцом өсөөд 10 хувь хүрсэн. Хаа сайгүй бизнесүүд хаагдаж байсан. Тэр үед АНУ-ын төв банк 5.25 хувь байсан бодлогын хүүгээ 0.25 хувь хүртэл огцом буулгасан. Ажилгүйдлийн төвшин нь эргээд хэвийн хэмжээнд таван болох хүртэл тэд хүүгээ долоон жил өсгөхгүй байж байгаад дөнгөж 2015 оны сүүлээр маш багаар 0.25 хувиар нэмсэн. Тэд хүүгээ нэмэх эсэхээ шийдэхдээ ажилгүйдлийн төвшинг их хардаг. Харин, манай Монголбанкны хэлж байгаа тайлбарт ажил эрхлэлт гэж огт дурдагдахгүй байгааг та анзаарсан биз.
-Тэгэхээр таны хувьд бодлогын хүүг нэмсэн нь буруу гэж үзэж байна уу?
-Макро эдийн засаг судалж, ийм хичээл зааж хоолоо олж иддэг хүний хувьд би ам.долларын ханшийг эн тэргүүнд тавьдаггүй . Энэ бол богино хугацааг харсан асуудал. Харин бодит эдийн засаг, үйлдвэрлэл, ажил эрхэлт, бүтээмж зэрэг асуудлыг нэгдүгээрт тавьдаг.
-Хагас жилийн статистикийг харахад ажилгүйдлын төвшин саарах хандлага ажиглагдсан байна. Гэтэл бодит эдийн засгийн байдлаа харахаар худалдан авах чадвар буурч байна шүү дээ?
-Бид худалдан авах чадвар гэж хэт их ярьж, зурагдсан пянз шиг болгочихсон. Түүнийгээ шууд доллартай холбодог рефлекстэй улс. Худалдан авах чадварыг яаж нэмэгдүүлэх вэ? Манай ДНБ-ий тэн хагасыг импорт эзэлдэг. Тэгэхээр, долларын ханш бага бол худалдан авах чадвар өндөр байна. Өөрөөр хэлбэл, 1 сая төгрөгөөр гадаадын бараанаас илүү ихийг худалдаж авч болно. Нөгөө талаас, долларын ханш их байвал дотоодын үйлдвэрлэл сэргэж, экспорт өсч, ажлын байр нэмэгдэж хөдөлмөрийн орлого өснө. Бид эхний хөнгөн хялбар аргад нь их ач холбогдол өгвөл хоёр дахь, илүү сайн, ирээдүйтэй арга замыг хаана. Сүүлийн жилүүдэд долларын ханш өндөр байснаас болж гаднын барааг худалдан aвах багасcaн. Эрээний олон дэлгүүр мухлагуудын худалдаа бараг зогссон шүү дээ. Манай ХАА-н боловсруулах үйлдвэр, барилгын салбарын экспорт өссөн. Дотоодын жуулчлал өссөн. Харин мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлснээр энэ бүхэн эсрэгээрээ өөрчлөгдөх байх. Ажил эрхлэлтийн зарим үзүүлэлтүүд 2015 оны зун хамгийн туйлдаа хүрч муудаад түүнээс хойш сайжирч байсан. Энэ бүхэн бас эргээд муудаж болзошгүй.
-Төв банк төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд зайлшгүй болдлогын хүүгээ нэмэгдүүлсэн юм биш үү?
-Монголбанк үндсэн хоёр зорилготой. Нэг нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах. Төгрөгийн тогтвортой байдал бол долларын ханш биш. Үнэ тогтмол байна ч гэсэн үг биш. Тодорхой хэмжээний тогтвортой инфляцитай байхыг хэлж байгаа юм. Инфляци өнөөдөр тогтвортой байгаа. Монголбанкны хоёр дахь зорилго нь эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэx. Гэтэл нэг дэх зорилгоо долларын ханш хэмээн тайлбарлаж, түүндээ хэт их ач холбогдол өгч, хоёр дахь зорилтоосоо ухарч байна гэж ойлгож болно. Долларын ханшаа дагаад эдийн засгийн тэнцвэртэй өсөлтөд хүрнэ гэдэгтэй би санал нийлдэггүй.
-Тэнцвэртэй хөгжил гэдэг нь?
-Тухайн үндэсний хөдөлмөрийн орлого, өрхийн хэрэглээ хоёрын хооронд зөв харьцаа байхыг хэлдэг. Сүүлийн 2-3 жил хэний бодит хэрэглээ илүү буурсан бэ гэвэл гаднаас тансаг бараа авдаг, хамгийн их орлоготой дөрвөн хувийнхний хэрэглээ буурсан. Эдгээр нь сарын 2 сая төгрөгөөс дээш орлоготой өрхүүд. Энэ хүмүүсийн дуу хоолой хэвлэл мэдээллээр илүү тод байх шиг байдаг. Ажил хайж байгаа хүмүүсийн өмнөөс дуугарч буй хүмүүс цөөн.
-Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ төсвийн хатуу бодлого баримтална гэдгээ ерөнхийдөө мэдэгдлээ. Гэтэл нөгөө талд мөнгөний хумих бодлогыг баримталлаа. Ингэснээр макро эдийн засгийн ямар үзүүлэлтэд эергээр, ямарт нь сөргөөр нөлөөлнө гэж та харж байна вэ?
-Төсвийн хатуу бодлого барьсан Грекийн хувьд төсвийн алдагдал буурсан ч эдийн засгийн бусад асуудлууд нь ихэд муудсаныг олон хүн санаж байгаа байх. Мөн, дэлхийн олон улс орнууд мөнгөний сул бодлогыг хэрэгжүүлж байхад манайх чангаруулж байгаа нь ойлгомжгүй.
Ажил хийж, юм үйлдвэрлэдэг хүмүүст хамгийн том цохилт болно. Өөрөөр хэлбэл, бодит эдийн засаг их хохирч магадгүй. Өсгөх гэж ядаж байгаа экспорт буурч, импорт өснө. Гаднаас худалдан авалт хийдэг компаниудaд эерэг нөлөө үзүүлнэ. Банк бус, санхүүгийн зах зээлд муу.
-Бодлогын хүү нэмэгдсэнтэй холбоотойгоор ипотекийн зээлтэй иргэдийн хувьд хүү өсөх нь гэсэн эрсдэл бий боллоо.
-Жилд 25 мянган өрх найман хувийн хүүтэй ипотекийн зээлээр орон сууцанд орж байна. Энэ бол маш том тоо. Нэг өрхийн цаана 4 ам бүл байгаа гэж тооцвол 100 мянган хүний амьдрал яригдаж байна.
Би ипотекийн зээлийн хувь заяaг хэлж мэдэхгүй байна. Эрх баригчдын шийдэх асуудал. Ипотекийн зээлийн хүү өөрчлөгдөхгүй байсан ч бодлогын хүү өссөн нь ипотекийн зээлд муугаар нөлөөлнө. Би энд шууд бус нөлөөг нь ярьж байна. Тухайлбал, арилжааны банкнуудын хүү өссөнөөр, мөнгөний эргэлт, хөрөнгө оруулалт буурна. Улмаар, зарим ажлын байр устаж, шинэ ажлын байр олигтой нэмэгдэхгүй, хөдөлмөрийн орлого тасалдана. Өнөөдөр 1000 хүнээс 10 хүн нь ажилгүй болоход тэр 10 хүн ипотекийн зээлээ төлж чадахгүйд хүрнэ . Маргааш бас ажлаа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Энэ нь эргээд ипотекийн зээлийг хямралд оруулах эрсдэлтэй. Ипотекийг төлж байгаа цаад эх үүсвэр болох хөдөлмөрийн орлогыг хадгалах нь маш чухал. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийг ам.долларын ханшийн дараа тавьж байгаа нь их ойлгомжгүй шийдэл. Бусад улс хөдөлмөрийн зах зээлийнхээ ааш араншинг харж байж хүүгээрээ оролддог нь гүнзгий утгатай .
-Мөнгөний бодлогын шийдвэр 5-6 сарын дараа бодит эдийн засагт нөлөөлдөг гэж ярьдаг?
-Шинэ мөнгөний бодлого нь хүмүүсийн бодит шийдэлд аль хэдийнээ нөлөөлөөд эхэлчихсэн. Энэ шийдлийн үр дүн нь хожим илүү мэдэгдэнэ. Зарим улс орнуудын тоогоор 6-12 сарын дараа том өөрчлөлтүүд ажиглагддаг гэдэг. Монголын тоо баримт богино учир энэ талын тооцоог манайд хийхэд түвэгтэй.
-Таны хувьд эдийн засгийн хүндрэлээс гарах ямар гарц байна вэ?
-Хэн нэг ухаантай хүн гарц олж өгөөд түүгээр нь бид гараад, бүх юм сайхан болчихно гэж байхгүй. Эдийн засгийн бодит хүндрэлүүд байгаа нь үнэн. Энэ хүндрэлийг туулахдаа өрхийн орлого, ажил эрхлэлт, шинэ тулгар хөгжиж буй үйлдвэрлэл, салбаруудаа навс унагаах вий л гэдэг талаас нь би ярилаа. Цаашид мэргэжлийн олон хүмүүсээр хангалттай хэлэлцүүлж шийдлээ гаргавал дээр биз. Мөнгөний бодлогo улс төрөөс хол байх ёстой. Мөнгөний бодлогын чиг хандлагыг огцом өөрчилнө гэдэг бол зүгээр суухаас аюултай гэх эдийн засагчид олон байдаг.
Монголбанк цаашид юу ярих вэ гэдэг их сонин байна. Өнгөрсөн хавар Монголбанкны тайланг сонсч байхад эдийн засгийн шинэ тэнцвэр гээд олон хувьсагчдын тухай ярьж байсан. Өнгөрсөн долоо хоногт бодлогын хүү огцом өсчихлөө. Одоо Монголбанк ярьдаг зүйлээ огцом өөрчлөх хэрэгтэй болж байна. Дахиад нэг шинэ тэнцвэр үү, эсвэл хуучин тэнцвэр үү гэсэн тайлбарууд хүлээгдэж байна. Харамсалтай нь, хавраас хойш манай эдийн засагт бодитой том өөрчлөлтүүд явагдаагүй байгаа болохоор нэлээд түвэгтэй тайлбар хүлээгдэж байна. Хэр үнэмшилтэй байх вэ гэдэг нь тусдаа асуудал. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн