Эдийн засаг | 12 мин уншина

​Б.Лхагважав: Зарагдаагүй 40 мянган байрыг хот худалдаж авбал эдийн засгаа аварна

​Б.Лхагважав: Зарагдаагүй 40 мянган байрыг хот худалдаж авбал эдийн засгаа аварна
Нийтэлсэн 2015 оны 11 сарын 3

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хуулиараа энэ сарын 15-наас өмнө ирэх оны төсвийн төслийг батлах ёстой. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд төсвөө татах, эсвэл задлахаас өөр аргагүй болсон гэж мэдэгдлээ. Тэгэхээр хугацаандаа төсвөө баталж чадах уу гэдэг асуудал гарч байна. Та үүнийг юү гэж харж байна бэ?

-Төсөв хэлэлцэх 45 хоног бол парламент улс орныхоо эдийн засагт биечлэн оролцож байгаа хамгийн том илрэл. Тиймээс УИХ-ын гишүүд төсвийн хэлэлцүүлэгт нэлээд буурьтай хандах ёстой. 2015 оны төсвийг гэхэд Засгийн газар нь тарчихсан, Ерөнхий сайд, Сангийн сайдгүйгээр баталсан. Өнгөрсөн жилийн энэ хариуцлагагүй байдал ирэх жилийнх дээр ч бас харагдаж байна. Төсөв батлахад 15-хан хоног дутуу байхад Сангийн сайд нь төслөө татах мэдэгдэл хийж байгаа нь байж боломгүй асуудал. Засгийн газар муу ажиллаж, муу дүн авч байгаагийн л илрэл. Хэрвээ төсвөө хуулийн хугацаандаа амжиж баталж чадахгүй бол УИХ чадамжгүй, тарах хэмжээнд хүрсний бодит жишээ болно. Төсвөө татах ярианы цаана Засгийн газрын хувь заяа яригдана. Аль долдугаар сарын 1-нээс боловсруулж эхэлсэн төсвөө батлах хуулийн хугацаанаас нь хоёрхон долоо хоногийн өмнө татаж авна гэж ярьж болох уу. Хэрвээ татвал хариуцлагыг нь Засгийн газрын газартай ярина. Ирэх жилийн төсөв дээр хамгийн их улс төр босгож байгаа нь 2016 оны наймдугаар сараас бүрэлдэх Засгийн газрын бүтэц дээр баахан хэрүүл үүсгэж байна. Ер нь улстөрчид төсөв батлах үеэр заавал ямар нэгэн сенсаац зориуд дэгдээж байгаад, тэрнийхээ сүүдэр дор болсон болоогүй төсвөө баталчихдаг. Өөрөөр хэлбэл, зориудын босгосон сенсаац руугаа олон түмний анхаарлыг хандуулж байгаад араар нь түүхий төсөв баталдаг. Жишээ нь, ирэх оны төсөвт гэхэд 2016 оны сонгуулийн дараа бүрэлдэх Засгийн газрын асуудлыг оруулж ирсэн нь ийм заль ч байж магадгүй. Хөрсөн дээрээ буусан, бодитой сайн төсөв батлах нь бус, хуулийн хугацаандаа амжиж батлах нь л тэдэнд чухал боллоо.

-Ирэх оны төсвийн төсөл хөрсөн дээрээ буусан, бодитой болоогүй гэдгийг та юугаар батлах юм бэ?

- Манайд нэг хоцрогдсон сэтгэхүй байна. Нийт эдийн засгаа төсөв гэж хардаг. Энэ бол социализмын үеийн бодол. Улсын төсөв өнөөдөр нийт эдийн засгийнхаа 20 хувьтай л тэнцдэг. Бизнесийнхний төсвөөс хардаг ганц зүйл нь төсвийн хөрөнгө оруулалт. Хоёр жилийн өмнө нэг их наяд гаруй төгрөгийг хөрөнгө оруулалтад хуваарилдаг байсан. Ард түмний татвар, нийтийн мөнгө учраас энэ хөрөнгө оруулалтыг нийтэд зориулсан төсөл, арга хэмжээнд зарцуулаасай л гэж хүсдэг. Төсвөөр баталж байгаа ажил үйлчилгээ, хөрөнгө оруулалт нь буцаагаад ерөнхий бизнесийн орчиндооэерэг нөлөө үзүүлдэг байх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг хэсэг бүлэглэлд өгч, тэднийг баяжуулах хэрэгсэл болгосон. Төсвийн хөрөнгө оруулалтын тендер нэрээр далимдуулж төсвөөсөө мөнгө иддэг болсон. Төсвийн хөрөнгө оруулалт бол улстөрчид, нам бүлэглэлүүдийн дамжуулж, ээлжилж иддэг хоолны сав болж хувирсан. Энэ сав өнөөдөр ч хяналтгүй байгаа, хянуулах ч сонирхолгүй байгаа нь ирэх оны төсөв дээр ч харагдаж байна

-Яагаад хянуулах сонирхолгүй байна гэж?

-Хяналтгүй мөнгөөр тоглох сонирхол эрх баригчдад байсаар байна. Бизнес эрхлэгчдийн зүгээс төсвийн хөрөнгө оруулалтын шалгуураа өндөр болгох шаардлага тавьдаг. Гэтэл бодит байдал дээр хяналтгүй явсаар байна. Хэдийгээр ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалт багасаж унаж байгаа ч хоёр жилийн өмнө нэгдсэн төсвөөс гадуур таван тэрбум ам.долларыг зарцуулчихсан. 2013, 2014 онд том хөрөнгө оруулалт орж ирснээс болж төсвийн хөрөнгө оруулалт дээр ажиллахаа больсон. Нэг жишээ хэлье. 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтыг 1.3 их наяд төгрөг байхаар баталсан. Тендерийн хуулиар төсвийн хөрөнгөөр хийх ажил үйлчилгээний тендерийн материал тухайн оны дөрөвдүгээр сарын 1 гэхэд хүлээн авч, шалгаруулсан байх ёстой. Гэтэл 2013 оны долдугаар сарын 27-нд Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхэд төсвийн хөрөнгө оруулалтын тендерийн бүрдүүлэлт 30 хувьтай. Үлдсэн 70 хувьд нь материал ирээгүй байсан. Тэр үед бондын мөнгө, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгийг ид тарааж байсан. Энэ их мөнгөний давалгаанд төсвийн хөрөнгө оруулалт болох 1.3 их наяд төгрөг хаягдсан.

-Ер нь бол 1.3 их наяд төгрөгийг зориулалтын бусаар, хуулиас гадуур ашигласан байх магадлалтай гэсэн үг үү?

-Тэр үеийн Засгийн газар үндсэн ажилдаа биш, тэс өөр зүйл анхаарчихсан.

-Тэр үеийн гэдэг нь хэний Засгийн газар билээ?

-2013 он гэхээр Н.Алтанхуяг Ерөнхий сайдын танхим л даа. Засгийн газар хийх ёстой ажлаа хийгээгүй учраас 1.3 их наяд төгрөг хэний гараар орж, хэнд очсоныг мэдэхгүй. Аливаа улсад орж ирж байгаа мөнгөний эх үүсвэр төрийн хяналтад л байх ёстой. Хяналтгүй байсан учраас л төсвийн хөрөнгө оруулалт 30 хувьтай гарч байгаа хэрэг. Төсвөөс гадуур хямд өртөгтэй, хүүгүй мөнгө тарааж байсан учраас тийшээ гол анхаарал төвлөрсөн. Эдгээр том мөнгөний хяналтгүй давалгаа ерөнхий эдийн засгаа ч эвдсэн. 2013 оноос эдийн засаг саарсан нь хяналтгүй, хямдхан мөнгөнд дээр компаниуд бүх хүчээ шавхсантай холбоотой. Ойролцоогоор 300 орчим компанид өгсөн байдаг. Үүний балгаар бусад бизнесүүд зогсохоос аргагүйд хүрсэн. Энд үнэгүй шахуу мөнгө тарааж байхад, тэнд хэн арилжааны банкнаас өндөр хүүтэй мөнгө зээлж ажиллах юм бэ. Ингээд арилжааны банкуудаар дамжуулж Засгийн газрын бонд худалдаж авах, эсвэл арилжааны банкуудад бондын мөнгөө байршуулж, тэндээсээ шимтгэл авах байдлаар ажиллаж, амь аргацааж байна даа.

-Ирэх оны төсвийн төсөлд архи, тамхи, шатахууны импортын татварыг нэмэгдүүлнэ гэж тооцжээ. Мөнгө олох арга байх л даа, тэгэхдээ эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа энэ үед татвар нэмэх нь хэр юм бэ?

-Төсөв хэлэлцэж байх хугацаанд аливаа татварыг хөдөлгөхийг хориглодог. Байгаа татварын хэмжээндээ тохируулж бодлогоо гарах ёстой. Татвар нэмэх замаар орлогоо төсөвлөх нь өөрөө хийсвэр. Татвар бол нийт баялгийн дахин хуваарилалтыг хийдэг, эдийн засгийг тэнцвэржүүлдэг гол механизм. Манай улс одоогоор татварын ганган бодлого хэрэгжүүлж чадахгүй л байгаа. 2017 оноос их хэмжээний өр төлж эхэлнэ. Хамгийн багадаа 500 сая доллар төлнө. Үүндээ тохируулж нийт татварын орлогоо нэмэгдүүлэх шаардлага бол байгаа. Эдийн засгийн ил тод байдал, Өршөөлийн хууль баталсны үр дүнд ирэх оны татварын орлого бүх төрлөөрөө давж биелнэ. Энэ бол баттай. Тиймээс татвараа нэмэхгүйгээр байгаа татварынхаа суур баазыг өргөтгөж, орлогоо нэмэгдүүлэх боломж байгаа юм.

-Та ямар үндэслэлээр ийм итгэлтэй хэлж байна вэ. Ил тод байдлын өршөөлөөр тэгж их мөнгө, далд эдийн засаг ил болж чадах уу?

-Өмнөх Татварын өршөөлийн хуулийн дараа татварын орлого 100-150 хувиар давж биелж байсан. Ирэх жил ч мөн ийм эерэг өөрчлөлтүүд гарна гэж харж байгаа. Ирэх оны нэг, хоёрдугаар улирлаас эхний үр дүн гарч эхэлнэ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бүх хөрөнгө, үйлчилгээ Эдийн засгийн ил тод байдлын хуулийн дагуу хяналтад орж байгаа. Татвараа төлж байгаа нь цаашид зах зээл дээр оршин тогтоно гэсэн зарчим үйлчилж эхэлнэ. НӨАТ-ын буцаан авалт хэрэгжинэ. Тэгэхээр татварын орлого бол биелнэ. Гэхдээ 2017, 2018 оны их өрийг төлөхийн тулд онцгой татварыг хүссэн, хүсээгүй хөдөлгөж л таарах байх.

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Иргэд, аж ахуйн нэгжүүд төлсөн татварынхаа 2 хувийг буцаан авна. Энэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг аж ахуйн нэгжүүд хэр хангаж байгаа бол ?

-Татварын ерөнхий газар НӨАТ-ын буцаан авалтын техникийн бүх асуудлыг өнгөрсөн хагас жилийн хугацаанд шийдсэн. Хууль батлагдахаас өмнө, өнгөрсөн хавар туршилтыг нь хийсэн. НӨАТ бол улсын төсвийн орлого бүрдүүлэхээс илүүтэй зах зээлийн аж үйлчилгээг бүртгэдэг хяналтын систем. Одоо бүх иргэдээ татварт хамруулах нь л чухал. Аж ахуйн нэгжүүд кассын машин тавихгүй байж болно. Харин кассын машингүй газарт худалдан авагч орж ирэхгүй гэсэн үг. Учир нь иргэд картаа уншуулж худалдан авалтынхаа талоныг авч, хадгалж байж НӨАТ-ын хоёр хувиа буцаан авч, талоноороо үндэсний сугалаанд оролцоно. Хэн зах зээлд тоглож чадаж байна, тэр л хожно, үлдэнэ.

-НӨАТ-ын буцаан авалтаас дутуугүй нэгэн чухал хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль. Энэ хуульд яг ямар өөрчлөлтүүд орох нь олон хүнд сонирхолтой байх?

-Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Олзуурхууштай нь, Аж ахуйн нэгжийн онцгой албан татварын тухай хуулийг өөрчлөхдөө компаниудыг санхүүгийн тайлан балансаа үнэн, зөв гаргадаг хандлага руу чиглүүлж байгаа. Ганц жишээ хэлэхэд, одоо явж байгаа төслөөр тавин саяын орлоготой компаниуд жилдээ нэг удаа тайлан гаргаж, 500 мянган төгрөгийн татвар төлнө. Харин 50 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой бол хагас жил тутам тайлан гаргана. Мөн нийт төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах боломжтой. Энэ бол зах зээлийн зиндаа, хэмжээнд тохирсон систем. Хэрвээ аж ахуйн нэгжүүд томорч байгаа бол том дүрмээр л тоглоно. Европт гэхэд 20 сая еврогоос дээш орлоготой ажил үйлчилгээ эрхэлж байгаа бол татварын хуулийн бүх дүрмээр тоглож, бүх татварыг төлдөг. Харин 2000 евро олдог бол 10 еврогийн татвар төл гэдэг. Аж ахуйн нэгжүүд нэг ижил татвар биш, зэрэг зиндаандаа тохирсон татварын систем үйлчилдэг. Манай улс энэ зарчим руу шилжиж байгаа. Хэрвээ 500 мянган төгрөгийн татварыг их гэвэл улирал тутам тайлангаа гаргаад 200 мянган төгрөг төлөх хувилбар бас бий. Мөн тайлан баланс гаргах ажил нь энгийн хэлбэрт шилжинэ. Урьдчилсан тооцоогоор 60 гаруй мянган аж ахуйн нэгж хялбаршуулсан байдлаар тайлангаа өгдөг болно. Заавал өөрсдөө тайлангаа хийхгүйгээр мэргэжлийн байгууллагуудаар хийлгэх бололцоотой болно. Өнөөдөр нарийн боовны үйлдвэр ажиллуулж байгаа боорцогоо л хийх хэрэгтэй. Харин санхүүгийн тайлан балансыг нь мэргэшсэн газрууд хийдэг хэлбэр рүү орно.

-Нэг талаасаа төр ганцхан авдаг биш, авснаасаа буцааж өгдөг татварын тогтолцоо руу орж байна гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө тэгж ойлгож болно. Татварын буцаан олголт, хөнгөлөлт чөлөөлөлтийг аль болох хялбар хийснээр тухайн улс татварын нийт системээ аварч чаддаг. Манай улс энэ чиглэл явж байгаа нь олзуурхууштай. Дэвшил.

-Татварын акт тавиулсан 100 гаруй компанийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх болсон бэ. Өршөөлийн хуульд хамаарч байгаа юу?

-Өршөөлийн хуульд хоёр янзын эргэлзээтэй асуудал бий. Нэг нь сая чиний асуудаг татварын акт тавиулсан компаниудын асуудал. Ойролцоогоор 600 тэрбум төгрөгийн өр авлага байгаа. Татварын байцаагчийн актыг захиргааны хариуцлагын хуулиар тавьдаг. Татвараа төлөөгүйн төлөө тавьдаг хүү, алданги, торгууль бол зөрчил. Зөрчлийг Захиргааны хариуцлагын хуулиар зүйлчилдэг. Дээр нь Захиргааны шүүх татварын байцаагчийн актыг үндэслэж шүүхийн шийдвэр гаргадаг. Өршөөлийн хуульд эрүүгийн, захиргааны хэргийн заалтууд хоёулаа багтсан. Захиргааны хариуцлагын хууль бүр бүхлээрээ багтсан. Тэгэхээр татварын байцаагчаар акт тавиулсан аж ахуйн нэгжүүд өршөөлд хамрагдах боломжтой. Харин өршөөх гээд шүүгч шийдвэр гарах гэтэл таван жилийн өмнө Захиргааны хариуцлагын хуулиас “татварын байцаагч” гэдэг үгийг авчихсан. Тэгэхээр Өршөөлийн хуульд “татварын байцаагч”-тай холбоотой хэсгийг оруулахгүй, өршөөхгүй ч юм шиг логик гарч байгаа. Хэрвээ тэгнэ гэвэл сүүлийн таван жилийн туршид Захиргааны шүүхээр орсон бүх хэргүүд хүчингүй болно. Учир нь, шүүх өөрт нь хамааралгүй байцаагчийн актыг үндэслэж шийдвэр гаргасан болно. Логикийн ийм зөрчил бол байгаа. Гэхдээ энэ алдааг засах боломж бий гэж харж байгаа. Нөгөө талаас сая энэ оны төсвийн тодотголыг батлахдаа өр авлагыг бууруулж оруулж ирсэн. Акт тавьсан 600 тэрбумын өр авлагыг 300 тэрбум болгож бууруулсан харагдсан. Засгийн газар ингэж 50 хувиар бууруулсан нь үлдсэн 50 хувийг өршөөнө гэсэн бодлого юм болов уу гэж харсан.

-Ер нь Өршөөлийн хуулиар олон компанийн нягтланг өршөөнө гэж улстөрчид яриад байгаа. Үнэхээр тийм олон нягтлан өршөөгдөх үү?

-2008 оноос өмнө Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлээр ял авсан нэг ч ялтан Монголд байгаагүй. Сүүлд 4-5 хүн болсон. Үлэмж хэмжээний татвар нуун дарагдуулсан бол Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлээр хариуцлага хүлээлдэг, ял авдаг. Үлэмж хэмжээ гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүн. Өнөөгийн ханшаар бол 18-38 сая төгрөг. Татварын ерөнхий газрын сүүлийн гурван жилийн мэдээллээр Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлээр 12240 компанийн нягтлан байцаагдсан байдаг юм. Гэтэл өнөөдөр Өршөөлийн хуулийн хэмжээнд тавхан хүний л асуудал яригдаж байгаа. Тэгэхээр 18-38 сая төгрөгтэй тэнцэх Эрүүгийн хуулийн энэ санкц доод төвшиндөө, ерөнхийдөө хүчний байгууллуудад тоглох бололцоо олгоод байгаа юм. Арван хоёр мянгаар дуудаж байцааж байснаа прокурорт 100-г нь явуулж болж, шүүх дээр 10 нь хэрэг болж очдог. Шүүхийн шатанд энэ тоо бүр багасдаг. Үүний цаана, Эрүүгийн хуулийн энэ зүйл цаана авлига хээл хахууль бүгд явж байгаа. Мөн зарим аж ахуйн нэгж өрсөлдөгч нараа унагахын тулд энэ заалтыг ашигладаг ч байх магадлалтай. Дээр нь далд орлоготой аж нэгж элбэгшиж, тэрхүү нуусан орлогыг нь мэдсэн хүчний байгууллагынхан татвартай нийлж байгаад намнадаг далд механизм бас байна. Мафийн энэ систем Эдийн засгийн ил тод байдлын хуулиар нурна. Иргэд, аж ахуйн нэгжээ 19 сая төгрөгийн торгуулиар шоронд хийдэг, хийнэ гэж дарамталж авлига авдаг систем нурна.

-Тэгвэл улстөрчид Өршөөлийн хуулиар худлаа сурталчилгаа явуулж тийм үү.

-Ер нь улстөрчид Өршөөлийн хуулийг улс төрийн хоорондын өрсөлдөөний зэвсэг болгож нааш, цааш баахан өшиглөсөн. Өрсөлдөгчөө хуулиар айлгаж дарж авна гэдэг өөрөө таатай зүйл биш. Бизнесийнхэн Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийг ашиглаж өрсөлдөгчөө дарж авах хандлага газар авч байсан шиг улстөрчид Эрүүгийн хуулийн заалтыг ашиглаж өрсөлдөгчөө дардаг болох хандлага руу явах нь хэтэрхий эрсдэлтэй. Хэрвээ шударга ёс тогтоох гэж байгаа бол өөр асуудал. Дэлхийн улс орнууд Эрүүгийн хуулиар тэр бүр оролцдоггүйн цаад шалтгаан нь зарчимтай холбоотой. Хэн нэгэн улстөрчийн эрх ашгийн төлөө Эрүүгийн хуулийн тодорхой зүйлийг өөрчлөх, эсвэл бүрмөсөн алга болгох тохиолдол манайд л гарч байсан. Энэ бүхнийг нарийн харвал цаана нь улс төрийн лидерүүдийн л тоглолт явж байна. Энэ тоглолт шударга, жудагтай байх тусмаа л нийгэмд үнэлэгдэнэ. Гэтэл манай улс төрийн лидерүүдийн тоглолт ч, биеэ авч яваа байдал, ёс суртахуунч биш, унхиагүй болж, нийгэм тэрийг нь хараад гутаж байна. Улстөрч хүн шударга ёсны туйл, эрх чөлөөний тэмцэгч байх ёстой. Гэтэл манай улстөрчдөөс тийм үнэр гарахгүй, шинж харагдахгүй байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйл асууя. Зээлийн байрны 30 хувийн урьдчилгааг 10 болгох тухай удтал ярьж байна. Зах зээлийн зарчим, эдийн засгийн өнөөгийн багтаамжаа харвал энэ нь биелэх боломжтой шийдвэр мөн үү?

-Зах зээлийн багтаамж гэдэг асуултаас чинь санаа аваад нэг санаа хэлэх үү. Шийдэл ч гэж болох юм.

-Арван хувийн урьдчилгааны тухай юу?

-Тиймээ, тэгэхдээ асуултаас чинь нэг их гажихгүй. Барилгын компаниуд өнөөдөр нэлээд хүнд байдалд байна. Зах зээлд 40 мянган барилга зарагдахгүй байна, яах вэ гэж бүгдээрээ гарц хайж байна. Зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож бэлэн байгаа байруудаа заръя гэж байна. Гэхдээ энэ бол төгс шийдэл бишийн дээр, энэ арга явцгүй болж байх шиг байна. Харин үүний оронд хоттой гэрээ хийгээд өнөөдөр бэлэн болсон байрууддаа хотын төв хэсгийн гэр хорооллын айлуудыг оруулж болох гарц байгаа юм. Хот хамгийн багадаа 10 мянган айлын орон сууцыг өр үүсгэж авна. Ойролцоогоор нэг их наяд төгрөг байхад 7-8 мянган айлыг байранд оруулах боломжтой. Авсан байрандаа орон сууцжуулах зураг төсөл нь бэлэн болчихсон, төрийн засгийн шийдвэр нь гарчихсан Гандан, телевиз орчмын болон Сүхбаатар дүүргийн 6, 7 дугаар хорооны айлуудыг нүүлгэж оруулна. Харин эдгээр айлын хашааны газрыг хотод бэлэн байраа өгсөн барилгын компаниудад өгч, барилга бариулах боломж олгоно. Энэ тохиолдолд барилгын компаниуд мөнгөтэй, шинээр барилга барих газартай болно, ажлын байр бий нэмэгдэнэ. Эхний нэг их наяд төгрөгийн эргэлт чинь яваандаа 4-5 их наядын эргэлтэд үүсгэнэ. Гэр хорооллын айлууд шууд байранд орно. Гэтэл өнөөдөр хотын захиргаа гурван жилийн турш ноцолдож байж 1500 орчим айлыг л орон сууцанд оруулсан байна. Гэтэл хажууд нь 30 мянган айлын барилга зарагдахгүй эзнээ хүлээж байна шүү дээ. Бага, багаар газрыг нь чөлөөлж, төлөвлөлтгүйгээр энд тэнд, оочин цоочин орон сууц барьж байхаар гэр хорооллынхноо бэлэнд байранд оруулаад, хашааны газрыг нь барилгын компаниудад өгчих хэрэгтэй. Эдийн засагт нэг том капитал орж ирвэл сэргэдэг. Хямралын үед компаниудын үнэ цэнийг шалан дээр унагахгүй авч гарах нь чухал. Үүний тулд тэднийг ажилтай, барилгачдыг нь ажлын байртай нь авч үлдэх хэрэгтэй. Энэ бол төрийн үүрэг, ажил нь шүү дээ. Би энэ санаагаа бодож үзсэн, хамгийн багадаа 95 мянган аж ахуйн нэгж, 365 мянган малчид 70 мянган тариаланчид энэ хямралаас гаргана. Эдийн засгийн уналт, сэргэлт чинь зарим хүний хэлдгээр даалууны схемээр, гинжин урвалтай явдаг юм.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн