МУИС-ийн Мэдээллийн технологийн их сургуулийн электроникийн тэнхимийн пропессор, Цөмийн физикийн судалгааны төвийн тоног төхөөрөмжийн хэлтсийн дарга С.Лодойсамбатай ярилцлаа.
-Агаарын бохирдлын талаар таны удирдсан олон жил судалгаа хийж байгаа гэж сонссон. Хэдэн оноос эхлэн агаарын бохирдлын талаар судалж эхэлсэн бэ?
-Цөмийн физикийн судалгаагаар мэргэшсэн хэсэг хүн нэгдэж агаарын бохирдлыг бууруулахад орчин үеийн арга технологи ашиглахаар судалгааны баг байгуулсан. Тэр үед агаарын бохирдол гэхээр 2, 3 төнөг төхөөрөмжөөр хий л хэмждэг байлаа. Тоосонцорын бохирдол гэх гол зүйлийг хэмжиж чаддаггүй байсан. Хамгийн гол үзүүлэлт тоосонцорын бохирдол шүү дээ. Харин одоогоо 5-6 жилийн өмнө хэрхэн яаж хэмжихээ мэддэггүй тийм л үе байсан. Тиймээс цөмийн физикийн аргаар агаарын бохирдлыг судалж, тоосонцорыг судалж агаарын бохирдлын хэдэн хувийг эзэлж байна гэдгийг гаргасан. 2004 оноос судалж ирсэн. Офицеруудын гудамжинд байрладаг Их сургуулийн цөмийн судалгааны төв гэж бий. Тус судалгааны төвд агаарын бохирдлыг цуглуулж, дотор нь байгаа химийн элементийг тодорхойлж эхэлсэн. Ингэсний үндсэн дээр бохирдлын эх үүсвэрт ямар бохирдол хэдэн хувь байгааг эхэлж гаргасан. Үүний дараагаар 2007 онд агаарын бохирдлын эх үүсвэрийн талаар анхны сургалтыг хийж, агаарын бохирдлын стандартыг гаргасан. Мөн Дэлхийн банкны зүгээс бидэнд Улаанбаатар хотын бохирдлын төвшин ямар байгааг тодорхойлох саналыг тавьсан. Ингээд Улаанбаатар хотын найман цэгт зун, өвөлгүй агаарын бохирдлын хэмжилт авч тодорхойлсон. Энэ судалгааны дүнгээс манай улс дэлхийн хамгийн бохирдолтой хотын нэг болсон гэдэг дүгнэлт гаргасан юм. Улаанбаатар хотыг бүхэлд нь тодорхойлох гэсэн боловч тоног төхөөрөмж хүрэлцэхгүй учир эхний ээлжинд 100 айлын агаарын бохирдлыг тодорхойлсон.
-Судалгааны дүнгээс танилцуулж болох уу?
-Тоосонцорын бохирдол PM 2.5, 10 гарсан. PM 2.5 нь агаарт байгаа микро нь 2.5-аас доош хэмжээтэй хатуу биет буюу хүний эрүүл мэндэд хамгийн муу нөлөөтөй гэсэн үг. Үүний 87 хувь нь гэрийн суухнаас гарч байна гэж тодорхойлсон. Олон нийт цахилгаан станцын утаанаас их бохирдол үүсч байна гэж ярьдаг. Гэтэл 100 айл дээр цахилгаан станцын бохирдол таван хувийг эзэлж байсан. Машин гурван хувь буюу олон нийтийн бодлоос өөр үзүүлэлт гарсан. PM 10 хувь гэдэг нь ихэнх нь хөрсний бохирдол, хөрснөөс гарсан шороо. Ер нь бохирдлын эх үүсвэрийн хувьд хотын төв болон гэр хороолол хоорондоо ялгаатай. Үндсэн бохирдуулагч нь хөрс, нүүрсний шаталт, авто тээврийн хэрэгсэл модны шаталт. Жилийн дунджаар гаргасан тоогоор гэр хорооллын орчимд нүүрсний утаанаас үүссэн бохирдол, хөрснөөс боссон бохирдол ойролцоо хэмжээтэй буюу 47-48 хувийг эзэлж байсан. Харин авто хэрэгслээс гарах бохирдол дөрвөн хувь, модны шаталтаас нэг хувийг эзэлж байна. Нүүрсний шаталтаас үүссэн бохирдол нь дотроо гэр хорооллоо 43 хувь, дулааны цахилгаан станц дөрвөн хувийг эзэлж байсан. 100 айлын PM 2.5 микроноос жижиг нарийн тоосонцорын 92 хувь нүүрсний шаталтаас үүссэн байсан.
-Микроны үндсэн байх ёстой хэмжээ нь хэд юм бэ. Хэд дахин нэмэгдэж гаргасан үзүүлэлт вэ?
-Судалгаа хийж байх микроны үндсэн стандартыг гаргаагүй байсан. Судалгаа хийсний дараа манай судалгааны багийнхан стандарт гаргасан. Манай улсад 50м3 буюу 50 микро граммаас илүү байх ёсгүй гэсэн стандартыг гаргасан. Агаарын бохирдлын судалгаагаар байх ёстой стандартаас гэр хороололд 7-18, хотын төвд 5-6 дахин их байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь манай улсын нийслэлийг дэлхийн хамгийн их бохирдсон нийслэл хот гэж дүгнэхэд хүргэсэн.
-Хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг нь судалсан уу?
-Найман цэгт ажиллах үеэр тус цэгийн өрхийн эмнэлэгт эрүүл мэндийн судалгаа хийсэн. Агаарын бохирдол эрүүл мэндэд ямар хохирол учруулж байгааг гаргах зорилготой. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн үнэ цэнэ ямар байгааг гаргасан. Нэг хүний үнэ 221 мянган ам.доллар бөгөөд маш өндөр гаргасан үзүүлэлт. Хөгжингүй орон болох Хятадаас хоёр дахин их гарсан гэсэн үг. Агаарын бохирдол их байгаагийн хэрээр хүний эрүүл мэндэд ийм их хөрөнгө зарцуулана гэсэн үг. Хэрвээ агаарын бохирдол энэ хэвээрээ байх юм бол жилд эрүүл мэндийн доройтлоос 463 сая долларыг зарцуулахаар байна гэж тооцсон. Тэгэхээр эрүүл мэндэд жилд их хэмжээний хөрөнгө зарцуулах эрсдэл байгаа учраас агаарын бохирдолд энэ хэмжээний хөрөнгийг оруулах ёстой гэдгийг албаныханд танилцуулсан. Нэгэнт бохирдлын эх үүсвэр гэрийн зуух гэсэн дүгнэлт гарсан учраас гэр хорооллын галлалагаа хэрхэн шийдэх талаарх дүгнэлтийг гаргасан юм. Үүний дараа гэрийн суухны үр ашиг, ялгарал тодорхойлдог лаборатори байгуулах хөрөнгийг Азийн хөгжлийн банк гарган судалгааг эхлүүлсэн. Миний бие өөрөө зөвлөхөөр нь ажилласан. Судалгааний үр дүнгээс манай гэрийн суух нь шаталт багатай, модонд хэрэглэдэг бохирдол ихтэй, үр ашиг муутай зуух болохыг тогтоосон. Тиймээс ямар зуух хэрэглэвэл агаарын бохирдол буурах вэ гэдэг асуудал үүссэн.
-Өвлийн улирал дөхөөд ирэхээр агаарын бохирдлын талаар ярьж эхэлдэг. Ер нь агаарын бохирдол ганц өвөл ч гэлтгүй бүх улиралд байдаг гэж зарим шинжээчид ярьдаг. Ер нь зун агаарын бохирдол хэр байдаг вэ?
-Зуны улиралд агаарын бохирдол бараг байдаггүй гэхэд болно. Тавдугаар сараас эхлэн агаарын хохирдолгүй гэсэн олон улсын стандартыг бүрэн хангадаг. Тэгэхээр зун Улаанбаатарт агаарын бохирдол бараг байдаггүй.
-Гэхдээ зун хөрсний бохирдол илүү их байдаг юм биш үү?
-Хөрсний бохирдлын талаар одоогоор нарийн судалгаа хийгээгүй байна. Гэхдээ хөрснөөс боссон агаарын бохирдол гэж байна. Ялангуяа хавар намар хоёр маш их байдаг. Зун бохирдол харьцангуй бага, ногоо гарч хөрсийг эрүүлжүүлдэг.
-Авто машинаас гарч буй утаа агаарын бохирдлын 40 гаруй хувийг дангаараа эзэлдэг гэж ярьдаг ч таны судалгаар 4-5 хувь гарсан байна. Үнэхээр ийм бага хэмжээг эзэлдэг гэж үү?
-Авто машин 40 хувь гэдэг нь худлаа. Манай улсын замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины олонх нь Японы сайн мотортой, дэлхийн стандартыг хангасан байдаг. Харин машины дугуйнаас тоос гардаг. Энэ тоос бага зэрэг хувь эзэлдэг.
-Гэр хорооллыг орон сууцжуулах ажил эхэлж байна. Орон сууцжуулснаар утаа хэр буурах вэ?
-Мэдээж утаа эрс багасна. Хамгийн зөв шийдэх арга нь орон сууцжуулах. Гэхдээ орон сууцжуулах ажил нэлээд удаан хугацаанд хийгдэнэ шүү дээ. Тэр хүртэл агаарын бохирдол байсаар байх бөгөөд хүний эрүүл мэнд хохирсоор байна. Тиймээс аль болох сааруулж арилгах арга хэмжээг авч л ажиллах хэрэгтэй байгаа юм. Эхний ээлжинд зуух гэж тохироод байна. Бидний тооцоогоор Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянга орчим айл өрх сайжруулсан суухыг хэрэглэвэл агаарын бохирдлыг хоёр дахин бууруулна. Байх ёстой хэмжээнээсээ 18 дахин нэмэгдсэн газар хоёр дахин багассан нь тийм ч сайн мэдрэгдэхгүй байх тохиолдол гарна.
-Хүний биед нөлөөлөх бохирдол нь ч гэсэн хоёр хувиар буурах уу?
-Хүний биед нөлөөлөх бохирдол хоёр дахин багасна гэж хэлж чадахгүй. Учир бохирдлыг агаарт хэмжих, хүнд хэмжих нь өөр өөр байдаг.
-Ер нь агаарын бохирдол хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хүний биед хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох нь шинжлэх ухааны судалгааны том ажил болно. Гэхдээ ямар ч байсан РМ 2.5 микроноос доош хэмжээтэй нарийн тоосны ялгарал нь хүний биед амьсгалын замаар нөлөөлж байна гэсэн үг. Харин 10 микроноос доошийг хүний хамар шүүгээд үлдээдэг. Үүнээс бага хэмжээтэй ялгарал нь байгалиас өөрөөс нь гарч байгаа тоос тул хүний бие өөрөө шүүдэг. Харин 10-2.5 микро нь амьсгалын дээд замаар дамждаг. Цаашаа 2.5-иас бага болохоор амьсгалын нарийн судсаар дамжиж хүний уушгинд нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, уушгинд нөлөөлж, иддэг бие үүсдэг гэж ярьдаг. Тэгэхээр уушгинд нөлөөлөөд ирэх хэмжээнд хүрэх нь маш аюултай. Амьсгалын замын өвчний суурь болдог. Мөн зүрх судасны өвчин үүсгэх магадлал өндөр. Бага насны хүүхэд, хөгшдөд агаар маш их амин дэм болдог шиг эдгээр насны хүмүүс амьсгалын зам, зүрх судасны өвчинд өртөх нь элбэг болно. Манай улсад ерөнхийдөө агаарын бохирдлын сөрөг нөлөө мэдрэгдээд эхэлсэн.
-Өвөл хүйтэн байх тусам илүү их нүүрс түлж, агаарын бохирдол нэмэгдээд байх шиг санагддаг. Ер нь хүйтэн өдөр бохирдол их байдаг уу?
-Үгүй. Хүйтэн өдөр агаарын бохирдол багасдаг. Гэтэл манайхан хүйтэн өдөр агаарын бохирдол нэмэгддэг гэсэн буруу ойлголттой байдаг. Хүйтэн өдөр яагаад багасдаг вэ гэхээр нэгд, агаарын хөдөлгөөн ихэсч салхи гарч бохирдол багасна. Хоёрт, айл өрхүүд хүйтэн өдөр галалгаагаа зогсоохгүй хэвийн төвшинд байлгадаг. Энэ бохирдлыг багасгаж байна гэж үздэг. Учир нь гэрийн зуухнаас гарч буй бохирдлын эх үүсвэр нь гал асаах үйл явцаас эхэлдэг. Өвөл дулаахан өдөр айл өрхүүд өглөөгүүр нэг галлаж, үдээс хойш галаа зогсоож, оройхон дахиад галладаг. Тэгэхээр өдөрт хоёр галлах нь бохирдол их ялгаруулдаг гэсэн үг. Тиймээс утаа дулаан өдөр их, хүйтэн өдөр бага байдаг. Тэгэхээр цаашид агаарын бохирдлыг бууруулахын тулд зуухны асаалтыг сайжруулах хэрэгтэй байна. Гал нь асахгүй үлээгээд суух цаг биш. Аль болох хурдан асдаг материал, арга техникийг хэрэглэх хэрэгтэй. Ер нь цаашид зуухыг зөвхөн халаалтад л ашиглах нь зүйтэй. Ахуйн хэрэглээ буюу хоол хүнсээ хийхдээ газ, цахилгаан ашиглах хэрэгтэй. Маш сайн шаталттай байгаа зуухан дээр хоолоо хийх гээд тогоо тавихад л шаталт нь удааширч утаа ихээр ялгаруулдаг. Өөрөө хэлбэл, галаа асаачихаад байнга хүрч, хөдөлгөхөд утааны ялгарал их, шаталт бүрэн явагддаггүй.
-Агаарын бохирдлыг бууруулна нь гэж олон сая төгрөгөөр шаталт сайтай түлш гаргасан. Энэ хэр үр дүнтэй арга байсан юм бэ?
-Сайжруулсан түлш гэж ярьж гаргасан. Гэтэл бодит байдал дээр сайжруулсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Учир нь тус түлшийг хэрэглэснээр үнс улам нэмэгдэж байсан. Ихэвчлэн гаднын орны ашиглах боломжтой буюу нэлээд том зууханд хэрэглэх хагас коксжсон нүүрс хийсэн. Нэлээд том хэмжээтэй хийсэн тус түлш монголын жижиг зууханд багтаагүй тэгээд л өнгөрсөн. Бараг долоон тэрбум төгрөгийг хий дэмий салхинд хийсгэсэн. Ямартай ч сайжруулсан түлш гаргах гэж байгаа бол сайтар судалж хийх хэрэгтэй гэдэг нь дээрх жишээнээс харагдаж байгаа юм . Ер нь сайжруулсан түлш хэрэглэсэн ч утаа гарна. Муу шатаавал бүгд л утаатай. Шаталтай сайн байвал түүхий нүүрснээс ч утаа бага гардаг. Өөрөөр хэлбэл, АИ-92 шатахуун хэрэглэдэг машинд дизель түлш хийвэл утаа их ялгаруулдаг шиг зуух түлш хоёр хоорондоо тохирч байж утаа бага ялгаруулна гэсэн үг шүү дээ. Гэтэл утаагүй түлш гээд монголын жижиг сууханд жихчихвэл түүхий нүүрснээс ч илүү утаа гарч мэднэ.
-Цахилгаан станцаас гарч буй утааны агаарын бохирдол 10 хүрэхгүй хувийг эзэлдэг юм байна. Яагаад ийм бага үзүүлэлттэй гарсан гэж бодож байна вэ?
-Цахилгаан станцын яндан нэлээд өндөр учраас агаарын бохирдол, хүнд нөлөөлөх нөлөөлөл нь бага. Уг нь гэр хорооллоос хэд дахин нүүрс хэрэглэдэг. Тэгэхээр хэрэглэж буй нүүрсийг автоматаар бодож, агаарын бохирдлыг нь гаргасан тоо маш өндөр. Гэхдээ бодит байдал дээр цахилгаан станцын хэрэглэсэн нүүрсний утаа хүний биед шууд нөлөөлөх эрсдэл бага. ТЭЦ-IV дунджаар 250 метр урт яндантай. Тиймээс нэлээд өндөр буюу агаарт утаагаа хаядаг гэсэн үг. Тиймээс хөрсөнд буух, хүний биед нөлөөлөх хэмжээ нь бага байдаг. Гэтэл гэрийн зуухны яндан гурван метр ч хүрэхгүй. Тиймээс бохирдол нь хүний амьсгалын замаар шууд тардаг.
-Ер нь цаашид агаарын бохирдлыг үр дүнтэй бууруулахын тулд хэрхэн ажиллах хэрэгтэй вэ. Гаднын улс орнууд агаарын бохирдлоо хэрхэн бууруулсан туршлагаас хэр судалж байна вэ?
-Олон улсын туршлагаас харахад эхлээд агаарын бохирдол маш хурдтайгаар өсдөг. Харин буурахдаа аажим аажмаар удаан буурдаг. Дэлхийн бүх оронд л агаарын бохирдол бий. Ялангуяа хүйтэн улиралтай орнуудад бохирдол их байдаг. Дэлхийн агаарын бохирдол ихтэй улс орнууд ихэнх нь газны хэрэглээнд шилжиж утаанаас ангижирч чадсан. Мөн шинээр барьж буй цахилгаан станцын эх үүсвэрээ хүн болон байгаль орчинд ээлтэй, технологийн өндөр чанартай бүтээгдэхүүнийг ашиглан барьж тэр хэрээр агаарын бохирдол буурч байна. Манай улс ч мөн адил энэ л замналаар явц утаанаасаа салах хэрэгтэй. Манай улс цаашид нүүрснээс гарсан түлш ашигласаар байвал агаарын бохирдол буурахгүй. Тэгэхээр ажуу замаар хийн газны хэрэглээнд шилжих хэрэгтэй. Газ хэрэглэх нь олон давуу талтай. Утаа болон хог хаягдал ч бага тусна.