Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Леонардо Ди Каприо ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний дүрийг бүтээхээр болжээ

Леонардо Ди Каприо ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний дүрийг бүтээхээр болжээ
Нийтэлсэн 2016 оны 2 сарын 3
Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тухай өгүүлэх "Путин" киноны гол дүрд тоглохоор зөвшөөрсөн тухай "Дождь" суваг мэдээлжээ. Энэхүү киног 2017 оны хавар нээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ онд багтаан зураг авалтыг нь хийх аж. "Путин" киног АНУ-ын "Knightsbridge Entertainment" компани продюсерлох бөгөөд энэ тухай тус байгууллагын төлөөлөгч албан ёсоор мэдээлжээ. 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тухай өгүүлж, улс төрийн триллер төрлөөр бүтээх энэхүү кино нь улс төрийн гэмт хэргийг харуулах аж. Гэхдээ энэ кинонд уран сайхны аргыг түлхүү ашиглах учир дүрийн бодит эзэн буюу Путинээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэж кино багийнхан үзжээ. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн болох Путиний хувийн амьдрал, улс төрийн амьдралыг харуулсан уг киноны зохиол өнгөрсөн жил бэлэн болсон аж. Кино багийнхан одоогоор "Путин" киноны найруулагчийн нэрийг нууцлахыг хүсчээ. Харин киноны продюсероор Марк Дэймон ажиллах аж. Киноны зураг авалтыг Орос, АНУ, Европт хийхээр төлөвлөжээ.
 Киноны гол дүрийг бүтээхээр болсон Леонардо Ди Каприо "Welt am Sonntag" сонинд өгсөн ярилцлагадаа Путиний дүрд тоглох сонирхолтой буйгаа хэлсэн байдаг. Тэрээр "Путин өөрөө маш сонирхолтой дүр. Тиймээс Путиний дүрд тоглохдоо дуртай байх болно" хэмээн хэлж байжээ. 
Леонардо Ди Каприо “The Revenant” киноны дүрээрээ “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг “эрэгтэй жүжигчин”-ээр шалгараад байгаа бөгөөд энэ сарын 28-нд болох академийн дээд шагналд мөн нэр дэвшээд байгаа билээ. Леонардо Ди Каприо 27 жилийн жүжигчний карьерын түүхэн дэх анхны "Оскар"-аа энэ дүрээр авна гэх найдлагыг түүний шүтэн бишрэгчид тавьж байгаа юм. Хэрэв тэрээр энэ шагналыг хүртвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний дүрийг Оскарын шагналт жүжигчин бүтээнэ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн