Холливудын жүжигчин Леонардо Ди Каприо “The Revenant”киноны дүрээрээ өнөөдөр “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг “эрэгтэй жүжигчин”-ээр шалгарлаа. Энэ нь түүний гуравдахь “Алтан бөмбөрцөг” юм. Кино шүүмжлэгчид, сонирхогчид Оскарын наадмыг угтан болдог “Алтан бөмбөрцөг”-ийг академийн шагналын урьдчилсан дүн гэх нь бий. Тиймээс ч Леонардо Ди Каприо 27 жилийн жүжигчний карьерын түүхэн дэх анхны "Оскар"-аа энэ дүрээр авна гэх найдлагыг түүний шүтэн бишрэгчид тавьж байна. “Алтан бөмбөрцөг” авсан жүжигчин тухайн жилдээ академийн шагналыг заавал авдаг гэдэг ч Леонардогийн хувьд бол тийм биш. Түүнийг 2005 онд “The Aviator”, 2014 онд“The Wolf of Wall Street” киноны дүрээрээ “Алтан бөмбөрцөг” хүртэхэд нь мөн л ингэж ярьж байсан юм. “Оскар” бол алдартай жүжигчинд зайлшгүй байх ёстой шагнал. Леонардо энэ шагналд таван удаа нэр дэвшсэн ч, авч чадаагүй. Өөрөөр хэлбэл, "Алтан бөмбөрцөг" түүнийг ивээдэг ч, "Оскар"-т тэрээр тун азгүй байдаг. Харин энэ удаад“The Revenant” киноны Хью Глассын дүр түүнд анхны Оскарыг авчирна гэдэгт түүний шүтэн бишрэгчид ч тэр шүүмжлэгчид ч итгэлтэй байгаа юм.
Леонардо Ди Каприо ч мөн энэ дүр нь түүний жүжигчний карьер дахь хамгийн хэцүү нь байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Бодит түүхээс сэдэвлэсэн уг кинонд Леонардо Ди Каприо зэрлэг байгальд амьд үлдэхийн тулд үхэл, сэхлийн дундуур амь сөрөн гарч чадсан Хью Глассын дүрийг бүтээдэг. Хью Глассыг зэрлэг байгальд баавгайд бариулж хүнд шархдахад нь хамт явсан нөхөд нь амьдаар нь хээр булж орхино. Эндээс амьд үлдэж чадсан Хью Гласс өшөө авахаар зэрлэг байгаль дэх хүнд хэцүү бүхнийг хэрхэн даван туулж байгаа тухай кинонд өгүүлнэ. Хүйтэн мөстэй усанд сэлж, үхсэн адууны цээжээр нөмөр хийж, амьтны түүхий элэг идэж, баавгайтай ноцолдсон гээд энэ дүр нь тун эрсдэлтэй, хэцүү дүр байжээ. Тиймээс ч өдгөө 41 настай Леонардо ДиКаприогын анхны Оскар нь энэ дүр байх ихээхэн магадлалтай юм. Тэгээд ч энэ киноны дүрээ авахдаа л Леонардо "Оскар" горилох дахин нэг боломж бий болголоо гэж бодсоноо нуулгүй хэлсэн байдаг. "Revenant" киноны бичлэг нээлтээ хийхээсээ өмнө алдагдаж, бүрэн эхээрээ задарч, хууль бус кино сайтуудын "зул сарын бэлэг" болсон юм. Энэ нь киноны ашиг орлогод ч нөлөөлсөн байдаг.
Гэвч ирэх сарын 28-нд болох кино академийн дээд шагнал “Оскар”-ын “шилдэг эрэгтэй жүжигчин”-д Леонардогоос гадна хэд хэдэн жүжигчинд үзэгчид найдлага тавьж байна. “Danish Girl” кинонд байгалийн хүйстэйгээ зөрчилдөж байгаа трансжендерийн дүрийг бүтээсэн, өнгөрсөн жилийн "Оскар"-ын эзэн Эдди Редмэйн энэ жил дахин шилдэг гэдгээ батална гэдэгт зарим хүн итгэлтэй байгаа юм. Өнгөрсөн жил Леонардогийн дэмжигчдийн эхлүүлсэн "Хөөрхий Лео" давалгааны улмаас Эдди Редмэйний нэр төдийлөн гарч чадаагүй билээ. Ямартай л өнгөрсөн жилийн "Оскар"-ын эзэн нь Леонардо байсан гэх төөрөгдөл үзэгчдийн дунд гарч байсан юм. Түүнчлэн “Стив Жобс” кинонд технологийн суутны дүрийг бүтээсэн Майкл Фассбендерт ч Оскар тун ойрхон байгаа гэдэгт шүүмжлэгчид итгэлтэй байна. Ямартай ч энэ жилийн академийн шагналд Эдди Редмэйн, Майкл Фассбендер, Леонардо Ди Каприо нар хүчтэй өрсөлдөгч байх бололтой. Тэдэнтэй хамт Уилл Смитт (Concussion),Брайн Кранстон(Trumbo) нар нэр дэвших магадлалтай байгаа юм.