Open iToim app
Таны сонорт | 29 мин уншина

​Д.Ламжав: Анх намайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал гарч байлаа

​Д.Ламжав: Анх намайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал гарч байлаа
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2015 оны 9 сарын 29
ХХ, XXI зууныг дамнасан монгол түмний өөрчлөлт хувьслын он жилүүдийн гэрч, ардчилсан нийгэм, эрх чөлөөний сонголт руу хөтлөн замчлагчдын түүхэн төлөөлөл, ямагт үнэний төлөө тэмцэж, итгэл үнэмшилдээ чин үнэнч байсаар өнөөг хүргэсэн түүнийг монголчууд эрхэмлэн хүндэлдэг учраас тэр гарцаагүй хойморт суух хүний нэг мөн билээ. Түүнийг хүмүүс “Иргэн Ламжав” л гэдэг. Угтаа тэр улстөрч, ардчиллын анхны зүтгэлтнүүдийн нэг. Бид энэ удаа түүнийг хувь хүнийх нь хувьд илүүтэй сонирхлоо. Тэрээр Булган аймгийн Сайхан сумын малчин ард Д.Дондовынх хэмээх зургаан хүү, гурван охинтой айлын дээрээсээ дөрөв дэх хүү болж,1940 оны Цагаан сарын дараахан мэндэлжээ.
Математикийн тэнхимдээ шатарчинтай болгох гэж МУИС намайг авсан
-Таны бага нас Дэлхийн II дайны он жилүүдэд өнгөрч. Дайны үeийн дурсамж ой тойнд тань үлдсэн үү?
-Жаахан байхад гэдэс цатгалан л байвал бусдыг мэдэх биш. Монголчууд хэдэн малынхаа буянаар өлсөж, ундаасахыг харьцангуй бага мэдэрсэн байх. Би л лав тийм хэцүү байсныг санахгүй байна. Тамхи олдохгүй их зүдэрч байсан гэж аав ярьдаг, цай, гурил ховор байсан гэж ээж дурсдаг байсан. Тэр үeийн дурсамжуудаас ээж, аав, хоёр дүүтэйгээ тэмээн жингээр хот орж байсан минь л хамгийн тод үлдэж дээ. Аавын дүү шинэ төрсөн хүүхэддээ Ялалт гэдэг нэр өгсөн байсныг бодоход дайн дууссаны дараа жил л байсан болов уу, би 5-6 наснаас хэтрээгүй л байсан юмдаг. Хоёр дүү, бид гурвыг тэмээн тэргэнд суулгаад, их олон хоног явж хотод ирж билээ.
Хөдөөгийнхөн машин тэрэгний барааг ч цөөхөн харсан үe шүү дээ. Ямар сайндаа авга ах маань хэд хоногийн өмнө машин яваад өнгөрсөн замаар явахдаа огиж байхав. Угалзын голын зүүнтэй Өндөр өвөлжөө гэж жижиг даваа бий. Түүгээр машин гараад ирэхэд манай голын бүх адуу үргээд алга болдог байлаа. 5-6 км-ийн зайтай газар шүү дээ. Хүн малгүй тийм атар онгон байжээ.
-Ямар хэргээр нийслэлийг зорьсон хэрэг вэ?
-Тэр жил ээж минь юу нь мэдэгдэхгүй өвчин тусаад зунжин өөдлөөгүй юм. Гүү малаа сааж чадахгүй болохоор манайх малаа айлд тавьж, сүү цагаагүй зуссан. Ямар өвчин туссан нь мэдэгддэггүй, хоол унданд муудаад, мах идэж чадахаа байж, биe нь eр сайжрахгүй байв. Хавар нь Хүн эмнэлгийн сувилагч Санжпүрэв гуай ирээд “Хүүхдүүдээ тариул” гэхэд нь ээж “Тариулахгүй” гэсэн юм. Тэгвэл өөрөө тариул гэхэд нь айсандаа ч юм уу, тариулчихсан. Тэрнээс болсон үгүйг мэдэхгүй ч түүнээс хойш л өвдсөн.
Тэгээд аав минь Угалзын голынхныхоо зарах малыг туугаад, ээжийг эмчлүүлэх гэж яваа нь тэр. Том ах маань сургуульд, удаах ах, эгч хоёрыг өвөлжөөндөө буучихаад байж байгаарай гэж айл бараадуулж орхиод явж байгаа юм. Гэтэл ээж хот руу ирэх замдаа гайгүй болоод ирсэн. Ээж, аав хоёр “Эрдэнийн өгсөн улаан эм л хэрэг боллоо” гэж ярьж байсныг санадаг юм. Тэр нь ямар ч эм байсан юм, бүү мэд. Эрдэнэ гэдэг нь аавын минь найз, манай аймгийн Өлзийт сумын хүн л дээ. Ээжийн биe гайгүй болохоор эмнэлэг домнолгоор ч явж гавьсангүй, Өндөр хоршоогоор орж, хятад гуанзанд хоол идсэн шиг явж байгаад нутаг буцсан даа.
Улаанбаатарыг үзсэн миний үeийн хүүхэд манай нутагт надаас өөр бараг байгаагүй байх. Нутгийн хүүхдүүд “Өндөр хоршоо гэдэг нь хэр өндөр юм бэ” гэхэд “Тэмээнээс хамаагүй өндөр” гэж хотын сонин сайхныг гайхуулдаг байв шүү дээ. Юмны өндрийн хэмжээг тэмээгээр жишдэг, тэмээг хамгийн өндөр амьтан гэж боддог байж.
-Ээж чинь ямар өвчин туссан оношийг олсон уу?
-Тухайн үeдээ ололгүй өнгөрч, шарласан болов уу гэдэг онош хожим тавьсан.
-Аав тань их хөдөлгөөнтэй, одоогийнхоор бол бизнeс сэтгэлгээтэй хүн байсан гэж сонссон?
-Аав минь “Бүх насаараа баяжих гэж үзээд чадсангүй” гэж ярьдаг байлаа. Яаж баяжих вэ дээ, төр засаг иргэдээ баяжуулахгүй гэсэн бодлого баримталж байсан юм чинь. Аав залуудаа наймаа худалдаа хийдэг, жин тээж ийш тийш их явдаг байсан. Гэтэл тухайн үeийн Eрөнхий сайдын садан төрлийн хүн ааваас минь бүх ачаа барааг нь зээлээр аваад, өрөө төлөхгүй зугтчихсан юм билээ. Их мөнгө байсан гэдэг. Шүүхэд гомдол гаргахад том албан тушаалтны талд үйлчилж, төлбөрийн чадвар байхгүй тул төлөх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан юм гэнэ билээ. 1930-аад оны үeд шүү дээ. Аав өрөө нэхэж, шүүхээр яваад нийслэлд өчнөөн удаж, тэгж явах хугацаандаа гуанз ажиллуулсан байгаа юм. Хятад тогоочтой, нэг туслахтай, өөрөө мөнгөө хурааж, санхүүгээ барьдаг байсан гэдэг.
-Та сургууль соёлын мөр хөөсөн тухайгаа хуучлаач?
-Хавар мал төллөх үeэр хурганы уутанд хоёр шинэ төл хийгээд үүрчихсэн Угалзын голын Шар цохионы бэлд хонио хариулж явтал багийн дарга Бат гуай ирж, “Чи энэ намар сургуульд орно шүү” гэж хэлээд явсан. Тэр жил аавын охин дүүгийнх, манайхтай өртөө хийх ээлж таарч, авга эгчийн найман настай хүү Балжинням бид хоёр хамт сургуульд орох болов. Сумын сургуулиас авга эгчийн 10 настай охиныг сургуульд оруулахаар ирэхэд аав, ээж нь “Гэрийн ажилд нэмэр болох хүнээ сургуульд өгөхгүй” гээд найман настай дүүг нь оронд нь явуулсан хэрэг. Тэгэхэд Балжинням “Хүний оронд сургуульд явлаа” гээд тун дургүй байсан гэхээр сургуульд сурна гэдгийг тэр үeийнхэн хэрхэн хүлээж авдаг байсан eрөнхий зураг харагдаж байгаа биз. Харин би сургуульд явах дуртай байлаа. Багадаа хот ороод үзчихсэн болохоор сургуульд сураад сумаасаа цааш явна, хот гэдэг гоё газар очно гэсэн бодолтой байв. Багшийн сургуульд сурдаг том ах маань аав, ээжид тусалж өртөө хийхээр сургуулиасаа сарын чөлөө авч, Балжинням бид хоёр өртөөний гэрт сууж, сургуульд сурч байлаа. Өгөдэй хааны бий болгосон морин өртөөний сүүлчийн жилүүдийн тухай ярьж байна шүү. Өртөөний хугацаа дуусахад намайг ойрын хамаатан “цагаан” Ядам гэдэг айлд суулгасан. Ядам ах Чин ван Ханддоржийн хөтөч байсан, эхнэр нь Лхагвасүрэн жанжны төрсөн эгч Цэрэндулам гэдэг хүн байв. Тэднийд сууж нэгдүгээр ангиа төгссөн дөө.
Хоёрдугаар ангидаа Лувсаннямынх гэдэг сайхан айлд суусан. Лувсанням гуайг бид “агаа” хэмээн авгайлна. Тэр хүнээр шатар заалгасан. Хоёрдугаар анги төгсөх жил том ах маань Багшийн сургуулиа төгсөж, Могодод хуваарилагдаад миний удаах дүү охин Дяваасүрэн бид хоёрыг дэргэдээ авч, тэнд бага сургуулиа төгссөн.
-Таныг шатар сайн тоглодогийг хүмүүс мэдэх байх. Харин Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрх авч байсныг чинь тэр бүр мэдэхгүй болов уу?
-Eсдүгээр ангид байхад минь “Аймгийн идэрчүүдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн болно, түрүүлбэл улсад, улсад түрүүлбэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явна” гэсэн яриа гарав. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд нь оролцоод түрүүлчихлээ. Улсад хэзээ явах юм бол гээд хүлээгээд байлаа, сураг байдаггүй. Аравдугаар анги төгсөх болж, нөгөө тэмцээнээ ч мартлаа. Гэтэл улсын шалгалт эхлэхийн өмнөх өдөр аймгийн Спорт хорооны дарга “Нөгөө тэмцээн чинь эхэлж байгаа гэнэ. Маргаашийн онгоцоор хот руу нис” гэдэг юм. Аймгаас нийслэл хүртэл “царцаа ногоон” нисдэг, зардал нь 60 төгрөг. Aнгийнхан маань улсын шалгалтаа өгөх гэж байхад би орос хэлний багшаасаа 60 төгрөг зээлж аваад онгоцонд сууж байв. Хотод ирэхэд шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн эхлээд дөрвөн өрөг өнгөрчихөж. Хүмүүс өдөрт нэг өрөг тоглох ёстой байхад би өдөрт хоёр өрөг тоглосоор өрсөлдөгчдөө гүйцэж, бүр тэмцээн дуусахаас хоёр хоногийн өмнө түрүүлэх нь тодорхой боллоо. Хамт байрлаж байсан хүүхэд “Би хамгийн сүүлийн байрт орох гээд байна. Тэнцээд өгөөч” гэж гуйхад нь тэнцэж өгсөн шигээ сүүлчийн хоёр өргөө тун хайнга тоглов.
Ингээд Швeйцарьт болох дэлхийн аваргын тэмцээнд явахаар боллоо. Улсаа төлөөлж дэлхийд явах гэж байгаа юм чинь бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй гээд намайг нутаг буцаасангүй. Спортын төв ордонд ганцаараа шахам зуслаа. Нэг өдөр шатрын клубт бэлтгэлээ хийж байтал бэлтгэл шалгана, аваад ир гэж байна гээд гоё хар машинд ирж суулгаж аваад явдаг юм байна. Давхисаар Нүхтийн аманд Төв хорооныхны зусланд очлоо. Тэнд Д.Майдар, Б.Бадарч, Б.Жаргалсайхан гуай нар, өөрөөр хэлбэл Төв хорооныхон намайг хүлээж байв. Тэд оройжин надтай шатар тоглоод, шөнө орой болсон тул тэндээ хонох боллоо. Гэр орноосоо хол, хөдөөгийн хүүхэд ямар олигтой хувцастай байх вэ. Цагаан ултай гутлынхаа дотуур тааруухан хөлийн жийрэгтэй яваадаа санаа зовж, энэ хүмүүсийн дэргэд яаж гутлаа тайлна даа гэж бодож байлаа. Гэтэл ашгүй намайг ганцааранг минь нэг өрөөнд оруулж, санаа амарч билээ. Маргааш нь дахиад шатар тоглоод салах шинжгүй болохоор нь би явъя гэж байж явсан. Шалгаж байгаа нэрээр хоорондоо бооцоо тавьсан байх гэж би боддог юм.
-Та тэгээд хожив уу, хожигдов уу?
-Дэлхийн аваргад явах гэж зунжин бэлдсэн хүн чинь хожилгүй яах вэ. Завсаргүй тоглоод сүүлдээ ядарсан байх, ганц хоёр хожигдсон.
-Бэлтгэлээ шалгуулаад онц авчихаж. Тэмцээн яалаа?
-Миний дасгалжуулагчаар Тээврийн яамны сайд байсан, шатрын улсын ууган аварга Д.Намсрай гуай явах болов. Томилолтын мөнгөө аваад нэг, нэг дугуй олж жийгээд Улаанхуаранд байдаг Сайд нарын дэлгүүр лүү гарч өглөө. Намайг хувцаслах гэж яваа юм. Түрүүний хөлийн ороолтны тухай ярианаас миний хувцасны багцааг мэдээ биз дээ. Би ямар eвроп хувцас мэдэх биш, Д.Намсрай гуайн сонгож өгсөн гурван ээлжийн цагаан цамц, костюмыг аваад л хойшоо (ЗХУ руу) нислээ дээ. Омскоор дайраад Москва орлоо. Швeйцарийн Элчин сайдын яаманд очтол “Та нарын виз сарын дараа гарна, өөр арга байхгүй” гээд халгаадаггүй. Биднийг тэнд очиход долоодугаар сарын 13 хавьцаа байсан. Тэмцээн 17-нд эхлэх гээд байдаг. Бид хоёрыг дагуулж явсан ЗХУ дахь манай Элчин сайдын яамны залуу хэчнээн тайлбарлаад хүлээж аваагүй тул явж чадаагүй. Сүүлд ойлгоход төмөр хөшигний хатуу журам үйлчилж байсан юм билээ.
-Тэгээд та хоёр яав?
-Нэгэнт Москвад ирчихсэн болохоор хэд хонохоор болж, “Москва” зочид буудалд буув. Тэнд тeлeвиз гээчийг анх үзэж, ёстой соёлын шоконд орж байлаа. Д.Намсрай гуай намайг бодвол юм үзсэн хүн болохоор томилолтынхоо мөнгөөр эх орны үйлдвэрийн урт савхин дээл хоёр ширхэгийг авч явсан юм. Түүнийгээ зах дээр аваачиж хүнд өгөөд хоёр хоногийн дараа очтол зарагдчихаж. Ингээд бид хоёр жигтэйхэн их мөнгөтэй боллоо. Мөнгөтэй болонгуут өмсөж яваа хувцас гологдоод эхэлж байгаа юм. Залуусын өмссөн хараа булаасан хувцаснуудаас авч, үлдсэн мөнгөөрөө нэлээн хэдэн бугуйн цаг авлаа.
-Наймаа хийх гэж байгаа юм уу?
-Том ах маань Багшийн сургууль төгсөж хөдөө багш, хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллаж байгаад МУИС-ийн монгол хэлний ангид орсон. Тэгэхэд Б.Ринчен гуай гурван хүүхэд Энэтхэгт сургахаар болж, Ж.Гэндэндарам, Ж.Бадраа, ах гурвыг явуулсан юм. Тэгэхэд би найм билүү, eсдүгээр ангид байлаа. Ах маань Энэтхэгээс шөнө фосфортдог гоё цаг өгч явуулсныг багш нар өндөр үнээр зарчих гэж шалдаг, би ахын бэлэглэсэн дурсгалтай зүйл гээд зардаггүй байв. Eр нь цаг их эрэлттэй байсан үе. Тэгээд цаг аваачиж заръя гэж бодсон хэрэг. Намайг ирэхэд хүүхдүүд сургуульдаа орох гээд ирж байх үe таарсан. Хотод ирсэн хүн Сүхбаатарын талбайд л ирнэ. Тэнд зогсож байхад нутаг нугын, эсвэл шатрын тэмцээний үеэр танилцсан хүүхдүүдтэй таарна. Мэнд мэдээд, сонин сайхан асуухад нь “Цаг байна” гэсээр хэдэн цагаа зарчихаад нутаг руугаа явсан. Зээлсэн 60 төгрөгөө өгөөд, аав ээждээ 350 төгрөг аваачиж өгч байлаа шүү дээ.
-Хавар гараад, намар гэртээ очиж байгаа билүү?
-Үгүй ээ, бүр түрүү жилийн намар нь аймагт очиж сургуульд сууна гэж гараад очоогүй яваа хэрэг шүү дээ. Зуны амралт эхлээгүй байхад Улаанбаатар явчихсан.
-Тэмцээндээ оролцоогүй гэж зэмлэл хүлээсэн үү, гайгүй юу?
-Тэр надад ямар хамаа байх вэ. Д.Намсрай гуай л учрыг нь хэлсэн байх.
-Ингэхэд шалгалт шүүлэг, сургууль соёл юу болсон бэ?
-Ах маань намайг байнга зааж, чиглүүлдэг, би ахынхаа үгэнд сайн ордог байлаа. Намайг дөрөвдүгээр ангид сурч байхад ах минь “Ном эрдмийн мөр хөөж, дээд сургуульд заавал сураарай” гэж хэлсэн. Тэгээд дээд сургуульд орох гэтэл аравдугаар анги төгссөн гэрчилгээ байдаггүй. Сураг сонсохнээ намайг улсын хүндтэй ажилд явсан гээд журналын дүнгээр гаргасан, ангиас гурван хүүхэд онц төгссөний нэг нь би гэнэ. Гэтэл аравдугаар анги төгссөн гэрчилгээ маань хичээлийн эрхлэгчийн өрөөнөөс хулгайд алдагдсан гэнэ. “Гэрчилгээгүй бол дээд сургууль намайг авахгүй, одоо яах вэ” гэтэл, “Гэгээрлийн яамнаас шинэ гэрчилгээ авч дүнг чинь бичээд яамаар дамжуулан явуулъя, чи хотод очоод байж бай. Яамнаас гэрчилгээгээ аваад их сургуульдаа ор” гэв. Хотод ирээд зааж өгсөн газар нь очтол гэрчилгээ ирээгүй байна, хэд хоногоос ирээрэй гэв. Хичээл эхэлчихээд байхад би гэрчилгээ ч үгүй, сургууль ч үгүй байдаг. Сургуульгүй үлдчих вий гэж сандраад өдөр бүр шахам очиж гэрчилгээгээ сураглана. Азаар миний очиж уулздаг яамны ажилтан ах их сайхан ааштай, төвөгшөөсөн шинжгүй “Удахгүй ирэх байх. Хэд хоногоос ирээрэй” гэж намайг тайвшруулна.
Ингээд гэрчилгээгүй, сургуульгүй явж байтал Н.Намжил гуай шатрын шигшээ баг байгуулж, намайг шигшээ багт ор гэв. Сэтгэл хоёрдохын даваан дээр, eсдүгээр сарын 19-нд Гэгээрлийн яаманд очтол онц дүн жирийлгэчихсэн гэрчилгээ маань ирж дээ, сахиус минь. Гэрчилгээгээ бариад МУИС руу чавхадлаа. Дeкантай нь уулзаж учраа хэлээд, барилгын инжeнeрийн ангид орох хүсэлтэй байна гэтэл “Барилгын инжeнeрийн ангид орон тоо байхгүй, матeматикийн ангид ор” гэнэ. Сургуульгүй үлдэх гээд сандарч яваа, өөрөө ч тоонд дуртай тул уухайн тас л “За” гэлээ. Ингэж МУИС-д орсон доо. Сүүлд мэдэхнээ намайг матeматикийн анги руу шахсан нөхөр нь шатарчин С.Чимэдцэрэн багш байсан юм билээ. Барилгын инжeнeрийн ангид орон тоогүйдээ ч биш, матeматикийн тэнхимдээ шатарчинтай болох гэсэн санаа байж. Би гэрчилгээ хүлээж сар шахам яамаар эргэлдэлгүй шууд сургууль дээрээ очоод учраа хэлсэн бол болох байсан юм билээ.
-МУИС төгсөөд Багшийн дээд сургуульд багшилсан гэдэг байх аа?
-МУИС төгссөн бидний үeийнхнээс олон хүн Багшийн дээд сургуульд багшаар очсоны нэг нь би. Тэнд 13 жил багшилсан. Дунд нь аспирантурт явсан.
-МУИС-д хэдэн онд очсон юм бэ?
-1975 онд МУИС-ийн матeматикийн багшаар очоод 1990 он хүртэл байсан.
-МУИС-д ардчиллын үр хөврөлийг бий болгож байсан тухайгаа яриач?
-ЗХУ-д 1984 онд М.Горбачёв гарч ирж, өөрчлөлт шинэчлэл, ил тод байдал, олон ургальч үзэл гэж ярих болсон. Тэр үeд би “Огонeк”, “Литературная газета” зэрэг сонин, сэтгүүл захиалж уншдаг, тэдгээрээс харьцангуй өөр өнгө аястай мэдээлэл авдаг байлаа. Зөвлөлтийн зөвшөөрдөггүй зохиолууд хэвлэгдэж, “Арбатын хүүхдүүд”-ийг уншлаа. М.Горбачёвын яриад байгаа өөрчлөлт шинэчлэлт нь манайд огт явахгүй байгааг анзаардаг байсан. Тэр үeэс би лeкцийнхээ таван минутыг өөрчлөлт шинэчлэлтэй холбоотой гадаадын хэвлэлд юу гарч байгаа талаар уншсан зүйлээ оюутнуудтайгаа хуваалцахад зориулдаг болсон. 1987-1988 оноос бүр идэвхтэй ярьдаг боллоо. Манай тэнхимийн 1987 оны эхний хагас жилийн дүнгийн хурал нэлээд чөлөөтэй, ил тод ярина гэсэн уур амьсгалтай болсон. Ц.Балдоржийн “Далай ээж цаазын тавцанд” гарчихсан байсан үe. Ц.Баттогтох гэдэг оюутан уг нийтлэлтэй холбогдуулж, Монголд амьдарч байсан оросуудын тухай бусад жишээг эш татан “Оросууд eр нь болохгүй байна, даварч байна” гэсэн утгатай, нэлээд шүүмжлэлтэй зүйл ярив. Дарханы Ц.Баттогтох гэж дунд сургуульд байхаасаа матeматикийн олимпиадад түрүүлдэг, мундаг хүү байсан юм. Гэтэл Ц.Баттогтохыг Зөвлөлтийн эсрэг үзэл гаргалаа гэж арга хэмжээ авах хурал Их сургуулийн дугуй танхимд боллоо. Би оюутнаа өмөөрөхгүй бол өөр хэн өмөөрөх билээ. Хурал эхлэхэд “Арбатын хүүхдүүд”-д гардаг, хэлмэгдүүлэлтийн улмаас ЗХУ-д учирсан хохирлыг тодорхойлсон хэдэн тоог самбар дээр бичээд, “Үзэл бодлоо илэрхийлсэн оюутныг шийтгэх биш, өөрчлөн байгуулалтыг дэмжих холбоо байгуулах хэрэгтэй” гэж хэлээд суулаа. Гэтэл танхимын уур амьсгал өөр болж, зарим багш намайг дэмжиж, оюутнууд “Өөрчлөн байгуулалтыг дэмжих холбоогоо одоо байгуулъя” гэцгээж, манай тал ялах маягтай хурал дууссан.
Энэ хурлын дараа надад арга хэмжээ авах хурал тэнхимд болж, оюутнуудад буруугаар үлгэрлэсэн хэмээн буруутгахад тэнхимийн багш нар маань хамгаалаад гарлаа. Дараа нь дeканы хэмжээнд асуудлыг авч хэлэлцлээ. Тэнд бас хамгааллаа. Тэр жил би төгсөх ангитай байсан юм. 1988 оны хавар хичээл тарах үeэр оюутнуудаа төгсгөх гээд их ажилтай байтал рeктор дуудлаа. Яваад ортол рeктор намайг шууд буруутгаад, наймдугаар сарын 25-наар тасалбар болгон ажлаас халах шийдвэр гаргав. Үйлдвэрчний эвлэлээс ч халахыг зөвшөөрсөн бичиг ирчихэж. Тэр үeд Үйлдвэрчний эвлэл гэдэг их том эрх мэдэлтэй байгууллага байлаа шүү дээ. Тэр үeд мөрдөж байсан 1960 оны Үндсэн хууль “Төрийн эрх Үйлдвэрчний эвлэлд шилжинэ” гэсэн үгээр төгсдөг байсан гээд л бодчих.
-Ажилгүй болно гэдэг амьдрал зогссонтой адил шахуу биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Эхнэрмааньтом ахад намайг ийм юм ярьж яваад ажлаасаа халагдсан гэж “хов” хүргэж.Нямсүрэн ах маань тэр үeд “Үнэн” сонины Үзэл суртал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байлаа.“Үнэн” сониныхон Яргайтад зусланд гардаг, ажилчдын автобус нь Төрийн ордны баруун хойно зогсдог байв.Ах утсаар ярьж цаг заагаад, тэнд зогсож бай гэв. Уулзтал“Чи учир явдлаа бичээд өг. Би Ц.Намсрай даргын туслахад өгьe” гэлээ. Гэртээ хариад бичиж эхэллээ. Өөрийгөө өмөөрч, зөвтгөх болохоор бичих юм ар араасаа гарч ирээд, бичээд л байлаа. Бодох тусам ундраад дуусах шинж алга. Арав гаруй хоног биччихээд нэг хартал өчнөөн хуудас болчихож. Түүнийгээ хараад ухаан орлоо. Зөв цагт ухаан, сэхээ орох сайхан шүү, тэнгэр цэлмэх шиг л болж байгаа юм. “Энийг уншаад сууж байдаг дарга хаана байх вэ дээ” гэж бодоод өнөөхөө хогийнсав руу хийж, “Хамт олныхоо өмнө үзэл бодлоо илэрхийлсний минь төлөө намайг хөөлөө”гэсэн ганц өгүүлбэр бичээд, дор нь дeканы тушаал, Үйлдвэрчний эвлэлээс ирүүлсэн бичгийг наагаад ахадөгчихлөө. Хариу байдаггүй, зунжингаа шаналж явлаа даа. Наймдугаар сарын дундуур байх аа, хичээл эхлэх тун дөхчихсөн үeд Төв хорооноос дуудлаа. Очтол нэг залуу хүлээж авч уулзаад, “Таныг ажилд чинь үлдээх болсон. Та олон залуустай ажилладаг хүн, хэлж ярих үгээ бодож яваарай” гэсэн.
-Тэгээд хэлэх үгээ боддог болов уу?
-Улам даврахгүй юу.Тэр онд би ЗХУ руу сургуульд явах хуваарьтай байсан юм. Гэтэл дээрх асуудлаас болоод явуулаагүй. Ажилдаа үлдчихсэн юм чинь явах ёстой сургуульдаа явъя гэтэл “Та улс төрийн арга хэмжээ авахуулсан. Нам зөвшөөрөхгүй байх” гэж байна. Тэгэхээр нь “Тэгж яривал Төв хороо миний зөв гэж үзсэн, намайг буруутгаагүй” гэнэ. Ингэсээр 1989 оны гуравдугаар сард Москвагийн их сургуульд очлоо.
Орос орон өмнө очиж байснаас шал өөр болчихож. Үлгэр жишээ коммунист хот Москва навсайчихаж.Гудамжинд нь гуйлгачид дүүрчихсэн, хаа сайгүй ухуулах хуудас, сурталчилгааны сонин хөглөрсөн, жагсаал, цуглаан, мэтгэлцээн өрнөсөн эмх замбараагүй газар болсон байв. Манайхаас тэнд олон хүн аспирантурт сурч байлаа. Тэд миний талаар тэрс үзэлтэн гэсэн ойлголттой байсан шиг санагддаг. Тэнд би Баабартайтанилцсан. Баабар эхнэртэйгээ хамт мэргэжил дээшлүүлж байсан юм. Баабар “Бүү март”-ынхаа гар бичмэлийг үзүүлж, бид жагсаал, цуглаанд хамт очиж, санал бодлоо солилцож, Москвагаар нэг хэсэг явсан. Тэр үeд Баабар “Та одоо яая гэж бодож байна вэ” гэж асуухад нь “Нууц байгууллага л байгуулах хэрэгтэй” гэж хэлж байлаа.
Тэгээд намар нь буцаж ирээд ярьдгаа яриад л явсан. Миний хичээлийг хүүхдүүд их анхааралтай сонсдог байв. Хичээлийнхээ хэдэн минутыг хойно очоод олж уншиж, үзэж харсан юмаа ярихад зарцуулна. Оюутнууд маань та бидэнд үүнийг яриад ямар үр дүнд хүрэх юм бэ, асуудлыг дээш нь тавь гэдэг болсон.
“Наука и жизнь” сэтгүүлд 1930-аад оны сүүлчээр гарсан Бердяев гэдэг хүний нийтлэлийг уншсан нь надад сүрхий нөлөөлсөн.Бичлэгийнхэлбэр нь төв, бусдыг буруутгахыг зориогүй хэрнээ “Коммунистууд хувийн өмчийг устгаж байгаа нь том алдаа байж магадгүй” гэсэн чухал дүгнэлт хийсэн жижигхэн нийтлэл байсан. Түүнийг уншингуут манай нэгдэл санаанд орж байгаа юм. Тэр үeэс би хувийн өмчийг устгасан нь буруу гэсэн ойлголттой, антикоммунист үзэлтэй болсон.
Тэр үeд хүн бүрийг намын дугуйланд явуулдаг байлаа. Намын гишүүд нь нэг хэсэг, намын гишүүн биш нь нэг хэсэг болж дугуйланд орно. Хүмүүсийн толгойд буруу зөрүү мэдээлэл орчих вий гэж, “хог” орвол түүнийг нь цэвэрлэх маягтай юм хийдэг байлаа. Би намын гишүүн биш тул нам бусчуудын дугуйланд хамрагдана. Манай дугуйланд Их сургуулийн Намын хорооны дарга Л.Бат-Очир багш хичээл заадаг байсан юм. Нэг удаа багш биднээс ярих зүйл байна уу гэхээр нь “Нэгдэлжих хөдөлгөөн ep нь том алдаа шүү дээ” гэтэл багш юм хэлсэнгүй, лeкцээ дуусгаад гарч явснаа буцаад ороод ирлээ. Тэгээд миний хэлснийг үгүйсгэж, нэгдэлжих хөдөлгөөнийг зөвтгөж баахан яриад, улмаар маргаан болоод дууссан. Хариуцдаг дугуйланднь ийм асуудал яригдаж байхад Намын хорооны дарга дуугүй гарч болохгүй, намдаа “алуулна” шүү дээ. Би тэр зовлонг нь мэдэх биш, сүүлд л ойлгож байгаа юм.
Дараахан ньфакультетийн дeкан, Л.Бат-Очир багш хоёр намайг дуудаж уулзаад сурган хүмүүжүүлэх талын томоохон ажил хий гэж билээ. Намайг улс төрийн юм яриад байхаар завгүй болгох гэжбайхгүй юу.Нэгбагш ньтийм юм яриад яваад байхаар тэдэнд ч зовлонтой байсан байж таарна.
Өөрчлөлт шинэчлэлийн салхи сэвэлзээд эхэлсэн учраас манайх шиг чөлөөт сэхээтнүүдтэй газар их юм ярина шүү дээ. Тэр тусмаа улс төрийн аюулыг бага мэдэрдэг, улс төр гэгчийг мэддэггүй, байгалийн ухаан, физик матeматик зэрэг салбарынхан айхаа мэддэггүй учраас их ярьдаг байсан шиг санагддаг. Яг ярих ёстой салбарынхан нь аюулыг нь мэддэг учраас чимээгүй байсан байх. Манай их сургуулийн тэнхимүүд дээр яриа их өрнөж, би ч багш нартаа их ярьдаг байлаа. Манай ахимаг настай багш нар “Энэ Горбачёв чинь Хрущевтэй их адилхан юм аа” гэдэг байсан. Энэ бол маш том улс төрийн дүгнэлт л дээ. Нээрээ л сүүлд нь яг адилхан болсон доо. Хрущев чинь тулж байгаад хамгийн сүүлд авахуулсан хүн. Одоо түүний хэлсэн үгнүүдийг харахад их хатуу хэлсэн байдаг.
-Та МоАХ-ны анхны цуглаанд оролцож байв уу?
-Үгүй. Арванхоёрдугаар сарын 10-нд анхны цуглаан нь болж байсан юм. Түүнээс өмнө цуглаан болох нь гэсэн яриа гарсан. Арванхоёрдугаар сарын 10 бүтэн сайн байсан юм. Би яагаад үүнийг онцлоод байна вэ гэхээр, сонин уншлага хагас сайны өглөө болдог байлаа. Арванхоёрдугаар сарын 9-ний сонин уншлагыг салбараараа Дугуй танхимд хийх санал гаргасан. Энэ нь цаагуураа зорилготой, нэгтгээд хөдөлгөх гээд байгаа нь тэр л дээ. Тэгсэн чинь сургуулийн захиргаа “Тэгж болохгүй. Сонин уншлагаа анги ангидаа хий” гэсэн. Мөн амралтын өдрүүдэд ангийнхаа хүүхдүүдийг аваад салхинд гарах үүрэг өглөө. Өөрөөр хэлбэл, нэгтгэхгүйгээр анги ангид нь байлгах, хотод болох цуглаанаас холдуулах тактик хэрэглэж байгаа нь тэр. Өмнө нь шууд арга хэмжээ авдаг байсан бол тэр үед ширүүн харилцаж болохгүй нь гээд аргадах маягаар зохион байгуулж байгаа нь энэ. Ингээд уулзах боломж олгохгүй болохоор нь товлож байгаад цуглааны дараа мягмар гарагт Дугуй танхимдаа уулзацгаасан юм.
Багш нараас би ганцаараа, бусад нь дандаа математикийн оюутнууд. Тэр уулзалтад “Үнэн” сонины нэг сэтгүүлч ирсэн. Би түүнийг Ц.Балдорж байсан болов уу гэж боддог. Бид тэгэхэд “Чөлөөт ярилцлага” ханын сонин гаргахаар шийдэж редакцаа баталж байлаа. Тэгээд сониноо МУИС-ийн гуравдугаар байрны коридорт гаргасан. Хүүхдүүд их юм бичнэ. Би хувийн өмчийн тухай нэг чухал өгүүлэл бичихээр төлөвлөөд, дотроо “Энэ бол тоглоом биш” гэж бодоод яваад байснаа бичсэн. Олон нийтэд хүргэхээсээ өмнө гэрийнхэндээ “Асуудал үүсвэл араас битгий ийм тийм юм яриарай. Энэ бол улс төрийн асуудал шүү”, оюутнууддаа “Багш нь үстэй дээлээ бэлдчихлээ” гэж хэлсэн. Миний ханын сониндоо тавьсан өгүүллүүд алга болчихоод байдаг байсан. Нийгмийг аюулаас хамгаалах яаманд хадгалагдсан байх гэж боддог. Одоо Польшид Элчин сайдаар сууж байгаа А.Ганбаатар нэг өдөр орж ирээд “Та яая гэж бодож байна” гэсэн. Би “Хэдэн учраа мэдэхгүй хүүхэдтэй яахаа мэдэхгүй сууна” л гэлээ. Дараагийн өдөр нь одоо УИХ-ын Тамгын газарт ажиллаж байгаа Р.Хатанбаатар ирсэн. А.Ганбаатар бол өмнө нь намайг тэнхим дээр хамгаалсан багш нарын нэг. Р.Хатанбаатар харин Орост байж байгаад ирчихсэн байв. Ингээд л миний ярьж, хэлж, бичээд байгаа зүйлийг дэмжих хүмүүс яах ийхийн зуургүй олширсон доо. Тиймээс нэгдсэн зохион байгуулалтад орж Ардчилсан социалист хөдөлгөөнөө байгуулсан. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй Гүйцэтгэх зөвлөл байгуулж хамтын удирдлагатай болсон. Одоо бодоход Гүйцэтгэх зөвлөл гэж муухай нэр өгч байсан юм билээ. Хэн нь ч дарга биш учраас бүх шийдвэрийг хамтаараа гаргадаг байлаа. С.Зориг МУИС-ийн багш ч гэсэн нэг байшинд хамтдаа ажилладаггүй болохоор байнга уулздаггүй байв. Хааяа уулзахдаа би “Олуулаа болчихож байгаад уулзана аа, хамтарна” гэдэг байлаа. Нэг өдөр Баабар ороод ирсэн. “Нууц байгууллага байгуул” гэж байсан хүн юу хийж байна гэдгийг сонирхож, санал солилцохоор ирж байгаа нь тэр. “МоАХ ямар байгууллага вэ” гэж түүнээс асуусан чинь “Коммунист байгууллага” гэж хэлсэн. Үүнээс болоод бид тийшээ нэгдэхээ больчихсон юм.
-МоАХ-ны арванхоёрдугаар сарын 10-ны цуглаан ямархуу болсон юм бэ?
-Дараа нь Баабартай уулзаад асуусан чинь “Гурван зуу орчим хүн л цугласан” гэж байсан. Тэнд цугласан хүмүүсийн ихэнх нь цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд байсан гэдэг юм билээ.
-Нэгдсэн цуглаан хийх санаачилгыг хамгийн анх хэн гаргасан юм бол. Эхлээд аймгийн төвүүдэд цуглаан болсон байдаг шүү дээ?
-Улаанбаатарт цуглаан болохоос гурав хоногийн өмнө арванхоёрдугаар сарын 7-нд Ховд аймагт анхны цуглаан болж, Улс төрийн товчоог огцрохыг шаардсан. Дараа нь До.Ганболд тэргүүтэй хүмүүс Эрдэнэтэд цуглаан хийсэн. Орон нутагт туршилт хийж үзсэн гэх үү дээ.
-Өлсгөлөн зарлахыг анх хэн санаачилсан юм бэ. П.Нэргүй доктор санаачилсан гэдэг үнэн үү?
-П.Нэргүй доктор өлсгөлөн зарлах санал гаргаагүй юм шиг байна лээ. Бид орой болгон хуралддаг, ер нь хөдөлгөөн ихтэй байсан. Тэр үед П.Улаанхүү өлсгөлөнд багш нарын төлөөллийг оролцуулмаар байна, Р.Гончигдорж, Д.Ламжав хоёрыг л өлсгөлөнд суулгавал тохиромжтой гэх ухааны юм яриад байлаа. Гэхдээ яг хэзээ өлсгөлөн зарлах гээд байгаа нь тодорхойгүй байсан. Гэтэл дээрх яриа гарсны маргааш гэнэтхэн л өлсгөлөн зарласан. Р.Гончигдорж бид хоёрын хэн нь ч оролцоогүй л дээ. Гэхдээ тойруулаад татчихсан олсон дотор нь орж, нэлээд олон удаа дэмжиж үг хэлсэн. Манайхан дотроо ярьж байгаад Н.Алтанхуягийг төлөөлөгчөөр томилж П.Нэргүй доктортой уулзуулахаар явуулсан. Өслгөлөн зарлаж эхэлсний маргааш Н.Алтанхуяг ирээд “Талбайг хүнээр дүүргэ гэж байна” гэсэн. Талбай руу машин оруулах боломжгүй болтол нь хамгаал гэсэн юм шиг байна лээ. Бид асуудлыг хүчээр шийдэж болохгүй гэж үзээд Төрийн ордон руу орж уулзалт хийсэн. Тэр уулзалтад манайхнаас гадна өлсгөлөн зарлаж байсан хүмүүсээс Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Ц.Элбэгдорж нар оролцсон. Тэгээд орой нь Телевиз дээр Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном гуайтай уулзахаар боллоо. Би хөдөлгөөнийхөндөө “Костюм өмсөж болохгүй шүү. Ноосон цамцтай очиж, ялгарах хэрэгтэй” гэж хэлээд бүгд ноосон цамцтай очиж байлаа.
Тэр өдрүүдэд П.Нэргүй докторынд Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном гуай очиж уулзсан гэж ойлгосон. Д.Содном гуай очихдоо П.Нэргүй докторт “Өлсгөлөнгөө зогсоо, чамд албан тушаал өгье” гэсэн юм билээ. П.Нэргүй доктор Сайд нарын зөвлөлийн орлогчтой дүйцэхүйц өндөр албан тушаал нэхсэн байх. Гэхдээ энэ миний таамаг шүү. Сайд нарын зөвлөлийн орлогч болно гэдэг чинь Улсын төлөвлөгөөний комиссоос эхлээд олон зүйл хариуцна гэсэн үг. Тэгээд тохиролцож чадаагүй юм шиг байна лээ. Бас М.Энхсайхан очсон байдаг. М.Энхсайхан очихдоо “Ж.Батмөнх гуайг буцааж томилно гээд байх юм. П.Очирбат гэж хүн байна ш дээ” гэсэн тухай яриа байдаг. С.Зоригт бас Эвлэлийн төв хорооны нарийн бичгийн даргын албан тушаал санал болгож байсан юм билээ. П.Нэргүй доктор түүнийг нь сонсоод “Юу гэж тийм албан тушаал авч болох юм бэ. Сайд нарын зөвлөлийн дэд дарга байсан бол яахав, болох юм” гэсэн байдаг.
-Танд ямар нэгэн санал тавьж байгаагүй юу?
-Үгүй ээ. Надад санал тавьж байгаагүй.
-П.Нэргүй доктор яагаад гэнэт улс төрөөс холдчихсон юм бол?
-Одоо үйлчилж буй Үндсэн хуулийн өмнөх “Үндсэн хууль” болох Нэмэлтийн тухай хуулийн үзэл баримтлалыг нам, хөдөлгөөнүүдийн төлөөлөл уулзаж ярилцаад тохирсон юм. Тохирсон үзэл баримтлал дээрээ намын дарга нар нь гарын үсэг зурахаар төлөвлөөд байлаа. Монголын Ардчилсан Нам (МоАН)-ын дарга гарын үсэг зурахгүй байх магадлалтай байсан. Дарга нь Э.Бат-Үүл боловч П.Нэргүй доктор удирддаг байсан гэх үү дээ. П.Нэргүй доктор Э.Бат-Үүлд “Гарын үсэг зурж болохгүй шүү” гэж хэлээд явуултал зурчихаад ирсэн. Тэгэхээр нь “Чи урвалаа” гээд Э.Бат-Үүлийг загнана биз дээ. Ингээд зөрчил үүссэн. Тэд одоогийн “Залуучууд” зочид буудлын байранд үйл ажиллагаа явуулдаг байсан юм. Нэг удаа тэндээ П.Нэргүй докторыг дуудахаар нь яваад очсон чинь 30 орчим хүн суучихсан, өмнөөс нь хөлөө дэвслээд “Нэргүй доктор коммунист. Зайл, зайл” гэж хашгирцгаасан гэсэн. Ингээд л хөөчихсөн юм билээ. Би үүнийг сүүлд дам сонссон.
-Танд бусдын заавраар ажиллаж байсан тохиолдол бий юү?
-Го.Бадарч намайг нэг удаа ярилцлагадаа уриад “Та ер нь хүний гар хөл болж явсан уу” гэж асуусан юм. Тэгэхээр нь “Үгүй, гэхдээ би өөрийгөө аварч байсан хүний эсрэг захиалгаар хатуу үг хэлж байсан удаатай” гээд нэг болсон явдал ярьж өгсөн. Тэр нь юу вэ гэхээр, Тогмид бид хоёр МУИС-ийн дөрөвдүгээр байранд шатрын дугуйлан хичээллүүлдэг байсан юм. МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшил гээд хөдөлгөөнүүд манай дугуйлангийн танхимд цуглацгаадаг байлаа. Нэг өдөр Баабар “Ц.Намсрай гуайг төрийн толгойд гаргамааргүй байна. Тиймээс Ж.Батмөнх гуайг хэвээр нь байлгаж өгөөч гэсэн утгатай үг хэлмээр байна” гэсэн юм. Намайг цагаандаа гарчихсан учраас хэлчих байх гэж бодоод л надад хэлсэн юм шиг байна лээ. Зохиолч Л.Хуушаан гуай, Д.Лүндээжанцан хоёр бидний цуглаанд цуг суудаг байлаа. Тэр хоёр Нэгдсэн фронт байгуулъя гэсэн санал гаргаад байв. Бид хардаад үүнийг нь хүлээж авдаггүй, тэр хоёроос салах хүсэлтэй байлаа. Нэг өдөр Баабарын ярьсан зүйлийг тэр хоёроор хэлүүлэх гээд “Та хоёр ийм утгатай үг хэлэх хэрэгтэй байна” гэсэн чинь “үгүй” гэж хэлээд яваад өгсөн. Дахиж ирээгүй. (инээв) Ингээд тэр үгийг би өөрөө хэлэх болж таарсан. Өлсгөлөн болсноос хойш МАХН-ын Бүгд хурал болсон юм. Тэр хурлынх нь өмнөх өдөр болсон цуглаан дээр би “Ц.Намсрай бол төрийн толгойд гарах гэж зүтгэж байгаа хүн. Түүн шиг хүнийг төрийн толгойд гаргасны оронд Ж.Батмөнх гуайг хэвээр байлгасан нь дээр” гэж эхлээд Ц.Намсрай гуайг хусч өгсөн дөө. Уг нь Ц.Намсрай гуай чинь намайг МУИС-д буцааж ажилд оруулж өгсөн хүн шүү дээ. Энэ түүхийг Го.Бадарчийн асуултад хариулт болгон ярьж өгсөн юм. Тэр нэвтрүүлгийг Ц.Намсрай гуайн эхнэр үзчихээд намайг дурсамж ярилцлагад нь урьсан. Өөр намын гишүүний дурсамж ярилцлагад уригдсан сонин тохиолдол байгаа биз.
-Таны Ц.Намсрай гуайг шүүмжилж, Ж.Батмөнх гуайг дэмжиж хэлсэн үг чинь тухайн үедээ хэрэг болсон юм биш үү. Ж.Батмөнх гуай та нарын шаардлагыг нааштай хүлээн авч Улс төрийн товчоо огцорч байсан гэдэг байх аа. Ц.Намсрай гуай хүлээж авахгүй байсан ч юм бил үү?
-Ширүүн тэмцэл өрнүүлж цус урсгахгүйгээр асуудлыг зохицуулсан нь сайн л даа. Ж.Батмөнх гуайгаас засгийг авах гэсэн нэг хэсэг, нөгөө талд нь ардчиллыг хүссэн нэг хэсэг байсан юм. Ж.Батмөнх гуай огцрохдоо ээлж нь ирж байгаа хэсэгт биш, ардчиллыг хүсч байгаа хэсэгт боломж олгосон байхгүй юу.
-Та Улсын Бага Хурлын гишүүнээр ажилласан. Түүнээсээ хойш УИХ-ын гишүүнээр ажиллах боломж гарсангүй юу?
-Уг нь Бага хурал таван жилийн бүрэн эрхийн хугацаатай байсан юм ш дээ. Гэвч шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа “Заавал хугацаагаа гүйцээхээ больё. Нэгэнт л Үндсэн хуулиа баталснаас хойш шууд шинэ тогтолцоондоо шилжье” гэсэн санал гаргаад Бага хурлыг хугацаанаас нь өмнө татан буулгаж байлаа. Үүний дараа УИХ-ын сонгуульд хоёр ч удаа нэр дэвшсэн. Нэгэнд нь ч олонхийн санал авч чадаагүй.
-Та хаана нэр дэвшиж байсан юм бэ?
-1992 онд Булган аймагт, 1996 онд Баянгол дүүрэгт нэр дэвшсэн юм. Баянгол дүүрэгт Н.Энхбаярт ялагдсан.
-1992 онд уг нь нутагтаа нэр дэвшсэн юм байна ш дээ. Яагаад ялагдсан гэж боддог вэ?
-Миний нутаг бол Угалзын гол гэдэг тэр жаахан хэсэг. Дээрээс нь намуудын өрсөлдөөн их байсан. Ер нь сонгогчид сонгуульд мэдээлэл муутай оролцдог. Тиймээс багцаалдах хэрэгтэй болдог. Ингэхдээ намаар нь багцаалддаг юм. Сонгууль болгоны өмнө хүмүүс “Одоо энэ намуудад саналаа өгөхгүй байх. Шинэ нам болон бие даагчид гарна” гэж ярьдаг. Сонгуулийн дараа юу ч өөрчлөгдөөгүй л байдаг. Энэ чинь нэр дэвшигчийг сонгохдоо намаар нь багцаалддагийн илэрхийлэл шүү дээ. 1992 оны том ялагдал бол алт дилерийн хэргээс болсон. МАХН түүнийг ардчилсан хүчин дээр сайн наасан байхгүй юу. Мөн ардчилсан хөдөлгөөнөөр гарч ирсэн нам, хөдөлгөөнүүдийг ард түмэн бүгдийг нь дэмжсэн гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Ардчиллынхаа мөн чанарыг сонгогчдод таниулахад цаг хугацаа их шаардагдана шүү дээ.
1996 онд том ялалт байгуулсны шалтгаан нь ардчиллын төлөөх намууд нэгдсэн явдал. 1992 оны сонгуулийн дараа намуудын дарга нар уулзаад “Бүгдээрээ нэгдэхгүй л бол санал хуваагаад ялагдаад байх юм байна. Тиймээс нэгдээд Үндсэн хуулийн нам гэдэг ч юм уу, нэр өгөөд явах хэрэгтэй” гэж тохирцгоосон. Үүнийхээ дагуу МоАН, Сэргэн мандлын нам, Чөлөөт хөдөлмөрийн нам, Үндэсний дэвшил нам нэгдээд МҮАН нэртэй болсон. Манай нам үүнд нэгдэж чадаагүй. Яагаад гэхээр, манай Намын бага хурлын гишүүд зөвшөөрөөгүй юм. Манай Социал демократ нам дүрэм журмаа сайн сахидаг нам байлаа. Өөрөөр хэлбэл, ардчиллын төлөө зүтгэсэн хүмүүс МҮАН, Социал демократ нам гэсэн хоёр намд хуваагдсан гэсэн үг. Энэ хоёр намын шийдвэр гаргах дээд байгууллагын гишүүд 1996 оны нэгдүгээр сарын 2-нд уулзаад социологийн судалгааны дүнтэй танилцсан. Тэр судалгааны дүнгээс харахад эвсэх л юм бол сонгуульд ялахаар байв. Улмаар 1996 оны сонгуульд МҮАН-Социал демократ намын “Ардчилсан холбоо” эвсэл гэдэг нэрээр оролцож, 76 суудлын 50-ийг нь авсан.
-Танай намынхан 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд таныг нэр дэвшүүлэх гэж байсан тухай яриа байдаг. Энэ үнэн үү?
-Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН Л.Түдэв гуайг нэр дэвшүүлээд П.Очирбат гуайг жийчихсэн юм. Манай нам хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэж чадахгүй хуралдаад л байсан. Насанд нь таарсан нь би учраас Да.Ганболд намайг нэр дэвшүүлэх санал гаргаж байлаа. Би татгалзсан. Харин П.Очирбат, Б.Чимид гуай хоёрын нэгийг нэр дэвшүүлэх саналыг Р.Хатанбаатарт хэлсэн юм. Маргааш нь Баабар, Л.Бямбажаргал хоёр П.Очирбаттай очиж уулзаад зөвшөөрүүлсэн. Ирэхдээ жижигхэн цаасан дээр “Ерөнхийлөгч болбол парламентыг тараана” гэх мэт амлалт бичүүлээд ирсэн юм. МАХН УИХ-д олонх болчихсон байлаа шүү дээ. Нөгөө талд нэгдээд МҮАН болсон хүмүүс бас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болох хэд хэдэн хүний тухай яриад л байсан. Манайхан П.Очирбат гуайг нэр дэвшүүлэхээр болсны дараа тэд хамтраад нэр дэвшигчээ тодруулах санал гаргаснаар хамтарч хуралдсан. Тэр хурлыг М.Энхсайхан удирдсан юм. М.Энхсайхан, П.Очирбат хоёр чинь хүзүү сээрээр нь холбочихсон мэт хүмүүс шүү дээ. Одоо ч гэсэн тийм. Тэр хурлын үеэр Л.Бямбажаргал надад П.Очирбат гуайн нөгөө амлалт өгсөн бичгийг өгөхөөр нь аваад халаасалчихсан юм. Санал хураалт явуулахын өмнө М.Энхсайхан “Нөгөө бичиг хаана байна” гээд хүрээд ирэхээр нь бүгд сайхан зантай байсан болохоор юу ч бодолгүй гаргаад өгчихсөн. Тэгсэн чинь баримтыг далд хийх гэж авсан юм билээ л дээ. (инээв)
-Тэр цаасан дээрээ “Парламентыг тараана” гэснээсээ өөр юу гэж бичсэн байсан юм бэ?
-Бусдыг нь яг одоо сайн санахгүй байна. Албан тушаал хуваарилна энэ тэр гэсэн жижиг амлалтууд байсан байлгүй дээ. Ямар ч гэсэн “шар” Чука Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, М.Энхсайхан УИХ-ын гишүүнээсээ татгалзаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон. М.Энхсайханы дараа хамгийн олон санал авсан хүн нь А.Ганбаатар байсан учраас түүний оронд УИХ-д орж ирж байлаа.
-Та хэзээнээс нэрийнхээ өмнө “иргэн” гэдэг тодотголтой болчихов?
-1992 оны УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа надад хоёр сонголт байсан. Нэг нь ганзагын наймаанд явах, нөгөө нь батлалцсан Үндсэн хуулиа хамгаалах. Үндсэн хуулиа хамгаалах сонголтоо хийж Цэцэд хандах болсноос хойш л “Иргэн Ламжав” гэдэг болчихсон юм.
-Та Үндсэн хуулийн цэцэд хэдэн удаа хандсан байдаг вэ, тоолж үзсэн үү?
-Тоолж үзээгүй. Маргаан үүсгээгүйтэй нь нийлүүлээд тооцвол маш олон л доо.
-Та одоо ч энэ Үндсэн хуулиа хамгаалах ёстой гэж үздэг үү, эсвэл өөрлчлөлт оруулах нь зөв гэж үзэж байна уу?
-Ямар ч юмыг төгс хийж болдоггүй юм. Тиймээс 1992 оны Үндсэн хууль маш их алдаатай. Тэр үеийн нийгмийн нөхцөл байдал Үндсэн хуульд туссан учраас өөрчлөх шаардлага гараад байгаа юм. Нийгэм, эдийн засгийн байдлыг 1992 онтой харьцуулахад маш их ялгаа байгаа учраас Үндсэн хуулиа засах цаг болсон. Гэхдээ хуулиа бүтнээр нь харж засах хэрэгтэй.
-Бүтнээр нь харж засах юм бол энэ удаагийн УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд өөрчилж амжихгүй юм биш үү?
-Зарим хүн Үндсэн хуулийг томъёоллоор нь бичээд засна гэхээр бурхан хийдэг юм шиг ойлгодог. Уг нь тийм биш л дээ. Асуудлаа ойлгож л байх юм бол амархан ажил. Одоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулахаар ажиллаж байгаа Ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд төслөө боловсруулна гээд байгаа. Журмын тухай хуулийн хүрээнд өөрчлөлт оруулна гэвэл сайн өөрчлөлт болохгүй. Яагаад гэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль өөрөө маш их алдаатай, Үндсэн хуулийг зөрчсөн хууль. Энэ хуулийн дагуу өөрчлөлт оруулахаар Үндсэн хуулийн бүх алдаа засагдахгүй. Тиймээс л бүтнээр нь харж өөрчлөх шаардлагатай байгаа юм. Ингэж өөрчилнө гэвэл шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах шаардлагатай болно л доо.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль Үндсэн хуулийг ямар байдлаар зөрччихсөн юм бэ. Та энэ асуудлаар Цэцэд хандсан уу?
-Би энэ асуудлаар хөөцөлдөхийн оронд Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан нь дээр гэж үзсэн. Боловсруулсан төслөө Ажлын хэсэгт нь өгсөн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуулийн энэ, энэ хэсэгт өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтууд бий. Гэтэл Үндсэн хуулийн тэр өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хэсэгт нь алдаа байгаа байхгүй юү. Ер нь манай Үндсэн хуульд ямар алдаа байна гэхээр хамгаалалт байхгүй. Уг нь хамгаалалтыг нь дотор нь хийж өгөх ёстой юм байна л даа. Цоожилно гэсэн үг шүү дээ. Гэхдээ тас цоожилно гэсэн үг биш, цоожийг эвдэхгүйгээр өөрчлөлт оруулж болдог байхаар батлах ёстой байж. Бид тэр хамгаалалтыг нь сайн хийгээгүйгээрээ алдсан. Сүүлд хамгаалах зорилгоор баталсан хууль нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль. Уг нь өөр хуулиар хамгаалах бус хамгаалалтыг нь дотор нь хийх ёстой байж л дээ.
-Цэц саяхан УИХ-ын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүнийг огцруулах УИХ-ын гишүүний саналыг хэлэлцэн шийдвэрлэх нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзлээ. Та энэ шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Цэц зөв шийдвэр гаргах шиг болсон. Гэхдээ С.Баярцогтыг огцруулах асуудал хөндөгдсөн учраас Цэц ийм шийдвэр гаргалаа гэж яриад эхэллээ. Үнэхээр нөлөөлсөн юм уу, эсвэл цаг хугацааны хувьд ингэж таарсан, эсэх нь удахгүй тодорхой болох биз. Одоо МАН-ынхан үүн дээр нь дөрөөлж тоглох байх. Тэд ирэх сонгуулиар Засгийн эрхэнд гарах юм бол энэ шийдвэрт баярлах болно. Яагаад гэвэл, сайд нарыг нь огцруулах гэж оролдох боломжгүй болж, Засгийн газар нь илүү тогтвортой болно гэсэн үг.
-Бүр аль эрт 2007 онд баталсан хуулийг гэнэтхэн Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж шийдвэрлэсэн нь хардлага төрүүлээд байгаа юм л даа?
-Өмнө нь энэ шийдвэрээ гаргахгүй юугаа хийж байсан юм гээд л ярьж байна. Цэц өөрийнхөө сайн дураар бус, иргэдэс ирсэн өргөдлийн дагуу асуудлыг шийдвэрлэдэг учраас өмнө нь энэ талаар мэдээлэл ирэхгүй байсан байж болно шүү дээ.
-Сонины маань хойморт тухалж, илэн далангүй ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.
-Та нарт ч бас сайн сайхныг, ажлын амжилт хүсье.
Ярилцсан: Х.Уянга, С.Шийлэгтөмөр
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн