Open iToim app
Эдийн засаг | 6 мин уншина

Б.Лакшми: Монголын эдийн засаг түүхий эдийн үнээс биш, төрийн бодлогоос хамаарна

Б.Лакшми: Монголын эдийн засаг түүхий эдийн үнээс биш, төрийн бодлогоос  хамаарна
Нийтэлсэн 2016 оны 4 сарын 29
Монголын эдийн засгийн форум ТББ-ын гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.

Манай улсад оны эхнээс 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ бага байгаатай холбоотойгоор ам.долларын ханш чанга хэвээр байна. Хавар бүтээн байгуулалтын ажил эхэлж, ханш улам өсөх хандлагатай болдог. Таны хувьд ханшийн өсөлтийн талаар юу хэлэх вэ. Цаашид тогтвортой төвшинд барих бололцоо бий юу?
-Энэ жилийн хувьд бол ханшийг тогтвортой төвшинд барих нэлээд хүндрэлтэй байх болов уу. Яагаад гэвэл дэлхийн түүхийн эдийн үнэ унасан, экспорт буурсан, валютын нөөц бага байгаа, гадаадаас орж ирэх хөрөнгийн урсгал тодорхой бус, энэ жил сонгууль болно зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна.
-Ер нь гаднын хөрөнгө оруулалт нэмэгдэх магадлал байна уу?
-Ер нь гаднын хөрөнгө оруулалт энэ жил хүндхэн хэвээр байх болов уу. Сонгуультай жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчид хүлээцтэй ханддаг. Энэ жилийн хувьд ч ялгаагүй хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалтай байгаа. Учир нь Засгийн газар шинээр бүрдэх, шинэ Засгийн газрын бодлогоос хамаарч хөрөнгө оруулагчид шийдвэрээ гаргана. Тиймээс сонгуулийн дараа өөрөөр хэлбэл шинэ засаг томилогдсоны дараа тодорхой асуудлуудаа ярьсан нь дээр байдаг.
-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж, энэ хэрээр гаднын хөрөнгө оруулалт нэмэгдэж валютын нөөц өснө гэсэн хүлээлт байх шиг байна. Энэ хэр боломжтой вэ?
-Оюутолгойн хөрөнгө оруулалт энэ жилийн хоёрдугаар хагаст л орж ирэх болов уу. Гэхдээ сонгуулиас болж хойшилж таарч байна гэсэн үг.
-Манайх өнгөрсөн жилүүдэд гадаад зах зээлээс босгосон хөрөнгийг хэр бодитой төслүүдэд хуваарилж чадсан бол?
-Гадаад болон дотоод зах зээлийн маш нарийн судалгаа хийсний үндсэн дээр оруулах хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргах хэрэгтэй. Зам тавихдаа хүртэл эдийн засгийн үр өгөөжийг нь харах хэрэгтэй. Их хэмжээний барааны тээвэр, хүн ам явдаг зам бол зайлшгүй хэрэгтэй. Харин хүн ам цөөтэй суурьшлын бүсэд үнэтэй зам тавих шаардлагатай юу үгүй юу гэдэг чинь их сонирхолтой асуулт. Тэнд аж үйлдвэрийн бүс барих гэж төлөвлөж байвал мэдээж дэд бүтцийг нь түрүүлж татах хэрэгтэй. Тийм болохоор зах зээлийн, эдийн засгийн үр өгөөжийх нь судалгаа сайн хийж байж шийдвэр гаргах нь зүйтэй.
-Эдийн засагчид 2017 оноос гадаад зах зээлээс босгосон бондын өр төлөх учраас зайлшгүй зээл авч барагдуулахаас өөр сонголт байхгүй гэж ярьж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
- Өнөөгийн байдлаар бол тодорхой хувийг нь зайлшгүй зээл авч барагдуулахаар харагдаж байна.
-Аж ахуйн нэгжүүд хямралын үед ажлын байраа хадгалж, алдагдалгүй ажиллахын тулд зардлаа бууруулахаас гадна ямар чиглэл барьж ажиллах хэрэгтэй вэ?
-Ер нь бол гадаад зах зээл рүү гарах боломжуудыг эрэлхийлэх хэрэгтэй. Нэг талаасаа Монгол Улс  далайд гарцгүй хоёр том хөршийн хооронд байдаг. Гэхдээ энэхүү хоёр хөрш маань дэлхийн 6 болон 2 дахь зах зээлд тооцогддог шүү дээ. Дээрээс нь манай улс нэлээд хэдэн орон руу экспортлох гэрээнүүд хийгдсэн байдаг. Үүнийхээ үр өгөөжийг бид ер гаргаж чадахгүй байна.
-Ер нь эдийн засгийн хямрал хэдий хүртэл үргэлжлэх бол. Танд эдийн засгийн таамаг, үндэслэл байна уу?
- Манай улсын эдийн засаг бол шууд утгаараа уул уурхай, дэлхийн түүхийн эдийн үнээс хамааралтай хэвээр байгаад байна. Дэлхийн түүхий эдийн зах зээл сэргэчих юм бол манай улсын эдийн засаг хямралаа даван туулахад дэмжлэг болно. Дэлхийн түүхий эдийн үнэ ойрын 3-4 жил сэргэхгүй гэж байгаа. Гэхдээ мэдээж дэлхийн түүхий эдийн үнээс биш,  шинээр сонгогдсон төрийн бодлогоос ч бас хамаарна.
-Инфляцын төвшин буурсан учраас орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг таван хувь болгох боломжтой гэж үзлээ. Таны хувьд үүнийг хэр зөв шийдвэр гэж үзэж байна вэ?
- Төр засаг барилга, үл хөдлөхийн зах зээлд оролцож зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгохгүй байгаа нь уг зах зээлийн урт хугацааны хөгжилд сөргөөр нөлөөлж байна.
-Ипотекийн зээлийн хүрээг тэлэх нь Америкийн хямрал үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралын араас орох эрсдэлтэй гэж зарим эдийн засагч хэлж байна. Энэ талаарх таны бодол?
- Энэ тал дээр бол санал нэг байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралаас болоод банкуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлчих эрсдэл бас байгаа.
-Саяхан Монголын эдийн засгийн форум Сургамж, сорилт, шийдэл уриан доор зохион байгуулагдлаа. Форумаас гарах бодит үр дүн юу байсан?
- Монголын эдийн засгийн форум энэ жил 3-р сарын 30-31 нд зохион байгуулагдсан. Сургамж, Сорилт, Шийдэл уриан дор. Хууль эрх зүйн орчин маань эдийн засагт маань маш хүчтэй нөлөө үзүүлж байна. Иймээс сүүлийн жилүүдэд түлхүү хууль эрх зүйн асуудлуудыг оруулж хэлэлцдэг болсон. Энэ нь ч бас үр дүнгээ өгч эхэлж байгаа гэж бодож байна. Энэ жил ч бид манайд зайлшгүй хэрэгцээтэй байгаа Хуульчдын өрсөлдөх чадвар, Бизнесийн эрх зүй гээд нилээн хэдэн сонирхолтой сэдвүүдийг хөндөж хэлэлцүүлэг өрнүүлсэн. Уг арга хэмжээг зохион байгуулахдаа бид мэргэжлийн холбоодтой хамтран ажилладаг. Жишээлбэл: Уул уурхайн ассоциаци, барилгын үндэсний ассоциаци гэх мэт. Энэ жилийн хувьд бид зах зээлийн эдийн засагт шилжээд 25 жил болж байна. Энэ хугацаанд ямар сургамж авав, сорилтууд нь юу байна, шийдэл нь юу байх вэ гэдгээ ярилцсан. Ер нь аливаа юмыг бас дүгнэх хэрэгтэй л дээ. Дүгнэж ярихдаа зөвхөн шүүмжлээд орхих биш, бас гарах гарц, шийдэл санал болгодог байх хэрэгтэй.
-Өмнө зохион байгуулж байсан Монголын эдийн засгийн форумын үр дүн бодит эдийн засагт гарсан уу. Жишээ баримтаар хэлнэ үү?
-Нэг их сонирхолтой юм ажиглагддаг. Хүмүүс Улсын Их хурлаасаа жил болгон ямар үр дүн гарав гэж асуудаггүй мөртлөө Монголын эдийн засгийн форум зохион байгуулагдах болгонд энэ асуултыг тавьдаг. Монголын эдийн засгийн форум бол ТББ, шийдвэр гаргах эрх бүхий байгууллага биш. Энэхүү индэр дээр төрийн байгууллага, судлаачид, иргэний нийгэм, бизнесийнхэн болон олон улсын байгууллагын төлөөлөгч нар цугларч тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцдэг. Монголын эдийн засгийн форумаар шинэ санаа сэдлүүдийг гаргаж ирдэг. Гэхдээ тодорхой үр дүнгээ өгдөг гэж хэлж болохоор зарим нэгэн жишээг товч дурдъя. Өнгөрсөн жил бид Эрүүл мэндийн тогтолцооны асуудлуудыг хэлэлцсний дотор Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн асуудлууд орсон байсан. Энэ жил буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд энэ хууль УИХ-аар батлагдсан.
Мөн бид 2010 онд зохион байгуулагдсан анхны эдийн засгийн форум дээр өрсөлдөх чадварын талаар хэлэлцсэн. Түүнээс хойш энэ сэдвээр нэлээд олон удаа яригдаж мөн хэд хэдэн ажлууд хийгдсэн. Монгол улс дэлхийн өрсөлдөх чадварын тайланд ордог болсон. Энэ нь бид дэлхийн хэмжүүрээр өөрсдийгөө хэмжиж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бусдын нүдээр харахад бид дэлхийд хаана явна вэ гэдгээ энэ тайлангаас харж болно. Мөн аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргадаг болсон. Энэ нь аймгуудад хоорондоо өрсөлдөх сэдлийг бий болгож, мөн нэгнээсээ суралцах боломжийг олгож байгаа юм. Үүнээс гадна энэ тайланг бодлого боловсруулахад ч хэрэглэх боломжтой. Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг http://aimagindex.mn/ цахим хуудаснаас харж болно.
Одоо өрсөлдөх чадварыг зөвхөн улс, аймгийн хэмжээнд биш тухайлсан салбар, мэргэжлийн хэмжээнд ярьдаг болсон. Дээр дурдсанчлан энэ жил бид хуульчдын өрсөлдөх чадварын талаар хэлэлцсэн. Энэ нь бид олон улсын жишигт хүрсэн, мөн мэргэшсэн өөрөөр хэлбэл тухайн салбараар дагнасан олон улсын хуулиа мэддэг хуульчтай болохыг зорих хэрэгтэй байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн