Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Картаар төлбөр хийсэн баримтыг НӨАТ-ын буцаан авалтын талонтай ижил загвартай болгоно

Картаар төлбөр хийсэн баримтыг НӨАТ-ын буцаан авалтын талонтай ижил загвартай болгоно
Нийтэлсэн 2016 оны 1 сарын 10
НӨАТ-ын урамшууллын системтэй холбоотой зарим асуудлаар Улсын ахлах байцаагч Б.Бадралаас цөөн зүйлийг тодрууллаа.
-НӨАТ-ын шинэ системтэй холбоотойгоор кассын машиныг аж ахуйн нэгж, иргэнд Татварын ерөнхий газраас суулгаж байгаа юу, эсвэл төслийн нэгжээс үү. Зарим аж ахуйн нэгжүүд хүсэлтээ гаргасан ч ирж шинэ программаа суулгаж өгөхгүй байна гэсэн гомдол гарч байна л даа?
-Монгол Улсад кассын машин борлуулдаг 10 гаруй компани байгаа. Эдгээр компаниуд хэрэглэгчид НӨАТ-ын шинэ системийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, кассын машиныг борлуулж байгаа. Нэгдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлсний дараагаар маш их хүсэлт нэр дор ирж байгаа учраас зарим байгууллагынх хоцорч байгаа тохиолдол гарч байгааг үгүйсгэхгүй. Төрийн байгууллага анхны суурь нөхцөлийг хангаж өгч байгаа. Энэ нь www.ebarimt.mn сайтыг ашиглахыг уриалж байгаа. Энд найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байгаа иргэн, үсчин , таксины жолооч гээд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа бүх хүнд өөрөө баримтаа бөглүүлж явах суурь нөхцөлийг хангасан. Томоохон дэлгүүрүүдэд зах зээлийн жамаар нь кассын машин худалдаалдаг компаниуд суурилуулж байгаа.
-НӨАТ-ын шинэ системд холбогдсон болон кассын машин шинээр суулгасан аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүний үнийг нэмэх тохиолдол гарахаас хэрхэн сэргийлж байгаа вэ?
-Шинэчлэн баталсан хуульд НӨАТ-ын хувь хэмжээ өөрчлөгдөөгүй эдгийг иргэд сануулж байна. Бүх бараа, бүтээгдэхүүн ажил үйлчилгээнд НӨАТ шингэж явдаг. Барааны үнэд шингэсэн байхад зарим иргэн, аж ахуйн нэгж кассын машин тавьсан учраас дахин НӨАТ 10 хувь гэж үнэ өсгөх хандлага гарч байна. Ийм тохиолдол гарвал хууль зөрчсөн хэрэг болно гэдгийг иргэн аж ахуйн нэгжүүдэд сануулъя. Ер нь НӨАТ-ын шинэ системтэй холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүний үнэ нэмбэл зохих хуулийн дагуу торгууль ногдуулна гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас сануулж байгаа. Ийм зөрчил гаргавал хэрэглэгчийн хуулийн дагуу хувь иргэн 250 хүртэлх мянган төгрөгөөр, өрсөлдөөний хуулийн дагуу аж ахуйн нэгж 10 сая хүртэл төгрөгөөр торгох заалт байгаа. Гаднаас импортоор авч байгаа бүх бараанд НӨАТ-ын үнэ шингэсэн байдаг. Өмнө нь татвараа нуудаг байсан аж ахуйн нэгжүүд л  үнэ нэмэх магадлалтай гэж харж байгаа.
-Нийт хүн амын дийлэнх нь задгай захуудаар үйлчлүүлж байна. Иргэд задгай захад үйлчлүүлчихээд худалдаачдаас хэрхэн баримт авах юм бэ?
-Эхний ээлжид  худалдааг дэмжих бодлого барина. Захуудад худалдан авалт хийхэд тухайн хүн www.ebarimt.mn-д хандаж өөрийнхөө акаунтыг нээж болно. Ер нь задгай захуудад пост машинууд байрлуулж эхэлж байгаа. Үүгээр үйлчлүүлэхдээ тэр лангуун дээрээс тийм юм авлаа гэж мэдэгдэх шаардлагагүй. Харин тухайн иргэнд сугалааны дугаартай л талон өгнө. Урамшуулалтай биш шүү. Сугалааны дугаараа сугалаанд оролцох эрхтэй. Цаашид нэлээд асуудал гарч байгаа. Жишээ нь, нэг газраас 100 ширхэг бараа авч цааш нь дамжуулан зарж байна. Уг нь НӨАТ-ын хуулиар зөвхөн НӨАТ-ын падаанаар авах ёстой. Тэгэхээр эцсийн хэрэглэгч 100 ширхэг барааг тухайн хүнээс авахад тэр хүнд урамшууллын талон буюу хоёр хувийн буцаан олголт өгөх ёстой юм. Үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэх бололцоотой.
-Одоогоор талон хэвлэж үйлчилдэг хэчнээн аж ахуйн нэгж шинэ системд бүртгүүлсэн байгаа вэ. Банкны картаар бэлэн бус гүйлгээ хийж байгаа хүмүүс НӨАТ баримт, талонаа авах юм бэ?
-Өнөөдрийн байдлаар 7000 аж ахуйн нэгж шинэ системийг суурилуулсан байна. Банкны бэлэн бус гүйлгээг шийдэхийн тулд холбогдор байгууллагуудтай ярилцаж байна. Банкны карт уншуулахад хэвлэж өгдөг баримт НӨАТ-ын буцаан авалтын талонтай ижил загвартай байх боломжтой байгаа. Талууд энэ асуудлыг харилцан гэрээгээр зохицуулна. Тэгэхээр хоёр цаас хэвлэхгүй нэг баримтаар явах боломжтой болно. 
www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгэл үүсгэх

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системд хэрэглэгчийн бүртгэл үүсгэх гэж буй иргэн та доорх алхмуудын дагуу цахим хуудсанд бүртгүүлээрэй.
* Худалдан авагч буюу албан татвар төлөгч та өөрийн хувийн цахим шуудангаараа бүртгүүлэхийг анхаараарай. Татварын нэгдсэн системээс таны бүртгүүлсэн цахим шуудан руу таны бүртгэлээ баталгаажуулах, урамшуулал, сугалааны мэдээлэлтэй холбоотой бусад мэдээллийг цахим хаягаар илгээх болно. * Бүртгэлээ үүсгэсний дараа таны хүсэлт гаргасан цахим шуудан руу нэгдсэн системээс бүртгэлээ баталгаажуулах холбоос бүхий цахим мэйл илгээгдэх болно. Та өөрийн мэйлээ шалгаж бүртгэлээ баталгаажуулна уу. * Цахим хуудсанд нэвтрэхдээ татварын нэгдсэн системийн цахим шуудангаар хэрэглэгчийн нэвтрэх код, нууц үгээ ашиглаж нэвтэрнэ.
АНХААРАХ ЗҮЙЛ:
* Хэрэв та цахим хуудсанд нэвтрэх бүртгэлээ идэвхжүүлээгүй бол бүртгэл идэвхгүй байгаа тухай мэдэгдэл харуулна. Өөрөөр хэлбэл системд бүртгүүлсэн ч цахим шуудан дээр байгаа Миний бүртгэлийг идэвхжүүлэх гэсэн цэнхэр өнгөтэй холбоос дээр даралгүйгээр нэвтрэх код болон, нууц үгээрээ системд нэвтрэх оролдлого хийсэн байна. Иймд танд зөвлөхөд та нэгдүгээрт бүртгэлээ амжилттай идэвхжүүлсний дараа дахин нэвтрэх код болон нууц үгээ бөглөж системд нэвтрээрэй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн