Энэ жил их, дээд сургуульд элсэн суралцагчдын тоо өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад 50 гаруй хувиар буурсан. Манай улс 2008 онд ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоонд шилжсэн билээ. Өнгөрсөн хавар анхны арван хоёрдугаар ангийнхан төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалт өгч их, дээд сургуульд элсэн орж байгаа юм байна. Анхны арванхоёрдугаар анги төгсч байгаатай холбогдуулан их, дээд сургуульд элсэгчдийн тоо өмнөх жилтэй харьцуулахад 50 гаруй хувиар буурсан байгаа юм. 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг 40 гаруй мянган хүүхэд төгсч байсан бол энэ жил 19 мянган хүүхэд төгссөн байна. Өөрөөр хэлбэл, их дээд сургуульд элсэгчдийн тоо нэг дахин буурч, сургуулиуд өмнөх жилүүдийнхээсээ цөөн элсэгч авна гэсэн үг. Зарим дээд сургууль шинээр элсэгч бүртгэж авахад ч хүндхэн байдалд байгаа юм байна. Мөн энэ жил их, дээд сургуульд элсэгчдийн тоо буурч байгаагаас шалтгаалан төрийн их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмжээ. МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж 2015-2016 хичээлийн жилд II-V курсийнхээ сургалтын төлбөрийг инфляцын өсөлттэй уялдуулан 12 хувиар, шинэ элсэгчид буюу I курсийн оюутнууд мэргэжлийн чиглэлээсээ хамаарч сургалтын төлбөр өмнөх жилээс 30-40 хувиар нэмсэн байна.
Харин МУБИС-ийн сургалтын төлбөр 10-12 хувиар нэмэгдсэн ч 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар сургуулийн удирдах ажилтнууд ярилцсан байна. Тэгвэл ХААИС-ийн I курсийн оюутны сургалтын төлбөрийг 25 орчим хувиар, харин бусад курсийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн сард болсон Удирдах зөвлөлийн хурлаараа шийдвэрлэжээ. Тэгвэл төрийн өмчийн их, дээд сургуулиас хамгийн өндөр хувиар сургалтын төлбөрөө нэмж байгаа сургууль нь АШУҮИС. Тус сургууль шинэ элсэгчид буюу нэгдүгээр курсийн сургалтын төлбөрийг 45 орчим хувиар нэмсэн бол хоёр болон түүнээс дээш курсийн сургалтын төлбөрт өөрчлөлт оруулахгүй гэдгийг эх сурвалж хэллээ.
Улсын хэмжээний томоохон их сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж эхэлсэн бол хувийн дээд сургуулиуд элсэгчид татахын тулд сургалтын төлбөрөө бууруулж байгаа сурагтай. Зарим сургуулиуд элсэгч цөөхөн байгаа учраас үйл ажиллагаагаа хэвийн явууах хэмжээнд чадахгүй, бусад сургуультай хоорондоо нэгдэх асуудлыг ярилцаж байгаа юм байна.
Энэ жилийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчид их дээд сургуульд орохын тулд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгч, ингэхдээ 400-ээс дээш оноо авч их дээд сургуульд элсэх эрхээ авсан билээ. Мөн улсын их сургуулиуд шинэ элсэгчдэд өндөр шаардлага тавьж байгаа юм байна. Энэ жилээс эхлэн их дээд сургуульд элсэн суралцагчид гуравдугаар курсээсээ мэргэжлээ нарийвчлан судлах, мэргэшүүлэх чиглэлээр их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулахаар салбарын яам сургуулиудтай ярилцаж байгаа юм байна. Яамны зүгээс сургуулиудын сургалтын чанарт анхаарч, чадвартай боловсон хүчин бэлтгэх чиглэлд голлон анхаарч байгаа гэдгийг Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр онцолж ярилаа.