Open iToim app
Анализ | 3 мин уншина

Итгэлт хамбаас ч урт "нас"-тай “Итгэлт хамба” Монголд байна

Итгэлт хамбаас ч урт "нас"-тай “Итгэлт хамба” Монголд байна
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 6

Одоогоос хоёр сарын өмнө цагдаагийнхан хүний шарилыг хайрцагт хийн хилээр гаргах гэж байсан үйлдлийг мэдэж, гэмт этгээдүүдийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс илрүүлсэн. Улмаар тухайн шарил лам хүнийх байсан учир Гандантэгчинлэн хийд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандсан билээ. Дүр судлалаар мэргэшсэн бурханч лам Г.Пүрэвбат анх энэхүү шарилыг цорж Санжжавынх байсныг тогтоожээ. Цорж Санжжав нь 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан шашны зүтгэлтэн юм. Тэрээр нас барахдаа өөрийгөө занданшуулахыг гэрээслэснийг нь шавь нар нь ёсоор болгож одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутагт орших Содномдаржаа ууланд багш Гэсэр ламын шарилынх нь хамт бунхалжээ. Нутгийн иргэдийн бурханчлан шүтэж ирсэн дээрх бунханг гэмт этгээдүүд хөндөж, цорж Санжжавын занданшсан биеийг хулгайлан цаасан хайрцагт хийн Улаанбаатарт оруулж иржээ. Энэ мэдээлэл Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхны чихэнд хүрснээр хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон юм.
200 жилийн настай занданшуулсан шарил Улаанбаатараас олдлоо гэх мэдээллийн дагуу дэлхийн томоохон хэвлэлүүд шуугисан. Ингэж шуугиад байгаагийн учир нь, дээрх шарил нь 2002 онд гаргаж ирсэн Буриадын Итгэлт хамба Дашдоржийн биеэс ч урт настай. Итгэлт хамба 76 жил биеэ хадгалж буй нь тайлагдашгүй нууцуудын нэг гэдэг бол цорж Санжжавынх 200 жил болсон байна. Дэлхийн зуу зуун хүн аялал жуулчлал, сүсэг бишрэлийн журмаар Улаан-Үдэд очдог. Манайхан ч Иволгийн дацанд очиж Итгэлт хамбад мөргөдөг. Тэгвэл монголчууд ч өөрийн гэсэн “Итгэлт хамба”-тай болчихсон гэсэн үг. Одоо тухайн занданшуулсан шарилыг судлаж, угсаатны зүй, түүх, шашин судлалын үүднээс нь олж нээх хамгийн чухал байна. Мөн түүний эдэлж, хэрэглэж байсан эд өлгийн зүйлийг нутгийн иргэдээс цуглуулах, судар номынх нь тухай шинжлэх хэрэгтэй. Салбарын яам, бурхан шашны хуврагууд цул болж уг занданшуулсан шарилыг анх байсан газарт нь аваачин сүм босгож, хамгаалалтад авах учиртай. Цорж Санжжавын нууц, рашаан, эдлэж хэрэглэж байсан зүйл гээд жуулчдыг, буддын шашинтнуудыг татаж болно. Архангай аймгийн Цахир сумыг аялал жуулчлалын томоохон бүс болгож зарлаж, бурханы шашинтнуудыг тийш урьж болохоор байна. Археологийн олдворынх нь хувьд Засгийн газрын хамгаалалтад авмаар байна. Заавал Архангай биш, хотын ойролцоо ч түүний дуганыг засаад жуулчдыг татаж болно. Зүйрлэхэд, Цонжинболдог шиг сууринг бий болгож болох юм.
Энэ талаар ч бурханч лам Г.Пүрэвбат, "Уг шарил нь очир завилгаар суулган, зүүн мутрыг тэгш, баруун мутрыг цээжиндээ ном номлохын сутартайгаар зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил байна.Шарил лам хүнийх учир Гандан хийд хэрхэхээ шийднэ. Энэ шарилыг буцаан аваачиж байранд нь тавьж, сүм босгоно" гэжээ. Одоогоор Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тушаалаар уг занданшуулсан шарилыг судлах, гэмт этгээдүүдийг олж тогтоох ажлын хэсгийг байгуулаад байгаа юм. Ажлын хэсэгт шүүхийн шинжилгээний хүрээлэнгийнхэн, цагдаа, Боловсрол, cоёл, шинжлэх ухааны яам, ШУА-ийн Археологийн хүрээлэн болон Түүхийн хүрээлэнгийн судлаачид багтаад байгаа юм. Шарилыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хадгалж байгаа ажээ.
Уг шарил бол Монголыг, бурхны шашныг дэлхийд таниулсан бас нэгэн дуулиан, нэрийн хуудас болж чадлаа. Хэрвээ сурталчилгаагаа сайн хийж, хэн ч гайхмаар энэ содон үйл явдлыг эерэгээр ашиглаж чадвал Монголдоо Буриадын Итгэлт хамбаас ч урт "нас"-тай Итгэлт хамбатай болох боломж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн