Монголбанк "Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай" хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор “МИК ОССК” ХХК-ийн тусгай зориулалттай охин компаниуд болох “МИК АКТИВ ТЗК 1-7” компаниас худалдаж авсан 1.78 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 17,813,458 ширхэг давуу эрхтэй ипотекийн зээлээр баталгаажсан бонд өмчлөх эрхээ Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт 2016 оны гуравдугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн.
Ипотекийн зээлээр баталгаажсан бондын энэхүү шилжүүлэг нь Монголбанк болон Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны хооронд 2016 оны гуравдугаар сарын 07 ны өдөр байгуулсан 0316/117, А/01 тоот хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу хийгдсэн юм.
Иймд "МИК ОССК" ХХК-ийн тусгай зориулалттай охин компани болох “МИК АКТИВ ДӨРӨВ ТЗК” ХХК-иас 2016 оны дөрөвдүгээр сарын 26 ны өдөр "Ирээдүйн тэтгэврийн нөөц сан"-д анхны төлөлт болох 7 тэрбум 64 сая төгрөгийн төлбөр хийлээ. Ингэснээр тус сангийн хөрөнгө 7 тэрбум 64 сая төгрөгөөр нэмэгдэж, хуримтлал өсөж байна.
Өмнө нь давуу эрхтэй бонд эзэмшигчийн хувьд төлбөрийг Монголбанкинд төлдөг байсан бол хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор "Ирээдүйн тэтгэврийн нөөц сан"-гийн дансанд “МИК ОССК” ХХК-иас шилжүүлэг хийж эхэллээ.
Тус сан нь 2030 он хүртэл ямарваа нэг зарцуулалт гаргахгүй бөгөөд хуримтлал бий болгож байх юм байна. Санд төвлөрсөн мөнгийг үр ашиг бүхий менежментээр өсгөж байхаар хуулинд зааж өгчээ. Цаашид урт хугацаанд маш том хөрөнгө оруулалтын сан болгох суурийг бэлдэж байна.