Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар даатгуулагч эмнэлгээ сонгож үйлчлүүлэх боломжтойгоос гадна өндөр өртөгтэй үйлчилгээ авах тохиолдолд зардал нь хүрэхгүй бол гэр бүлийн гишүүнийхээ даатгалыг шилжүүлж ашиглах зэрэг боломжууд нээлттэй болсон юм. Тус хууль өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн ч хуулийн 8.1, 8.2.4, 15.1 дэх хэсгийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм.
Тодруулбал, ажил хийдэг хүмүүс сард өөрийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөөс доошгүй хувийг ЭМД-ийн шимтгэлд төлнө. Мөн насанд хүрээгүй хүүхэд, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь буюу 1920 төгрөгийн шимтгэл өөрөө төлнө. Өмнөх хуулиар насанд хүрээгүй хүүхэд, их дээд сургууль, коллежийн оюутнуудын эрүүл мэндийн даатгалыг улсын төсвөөс төлдөг байсан билээ. Тодруулбал, 18 нас хүртэлх хүүхдүүдийн болон сурагчдын төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиас доошгүй байхаар, өөрөө хариуцан шимтгэлээ төлдөг бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиас доошгүй байхаар хуульчилж өгсөн. Хуулийн 15.1 дүгээр заалт гэдэг нь эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх бөгөөд эрүүл мэндийн даатгалын орон нутгийн салбар, нэгж нь эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлагын доор үйл ажиллагаа явуулна гэсэн заалтууд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Шинэ хуулиар эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг өргөтгөсөн. Тухайлбал, өрх, сумын эмнэлгийн төвшинд үзүүлэх эмчилгээ, оношилгоо, шинжилгээний зардал, урьдчилан сэргийлэх үзлэг болон бусад шатлалын эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх хорт хавдрын хими, туяа эмчилгээний зардал, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, протез, ортопедийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг болсон юм. Мөн өндөр өртөгтэй мэс засалд хэрэглэгдэх 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 орчим хүртэл хувийг даатгалын сангаас хариуцан төлөх бөгөөд тухайлбал зүрхэнд суулгах пейсмейкерийн багцын үнэд даатгалын сангаас 5.484.000 төгрөг, түнхний хиймэл үе хийлгэхэд 5,250,000 төгрөг, өвдөгний хиймэл үе хийлгэхэд 4.875.000 төгрөг төлнө.
Иргэн бүр жилд 1.800.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ЭМД-аараа хөнгөлөлттэй авах эрхтэй байдаг. Гэтэл гэр бүлийн гишүүдийн зарим нь ийм хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагагүй, харин нөгөө нь үүнээс ч их хэмжээний мөнгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах шаардлагатай байдаг учраас гэр бүлийн гишүүнийхээ эрүүл мэндийн даатгалыг шилжүүлэн ашиглах боломжтой болсон нь шинэ хуулийн хамгийн том өөрчлөлт болсон юм.