НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр Иран болон "P5+1" бүлэг хоорондын байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг батлах тогтоолыг гаргажээ. Ингэснээр Иранд авсан хориг арга хэмжээг цуцлах явц эхэлж байна. Арав гаруй жилийн турш дэлхийн анхааралд байсан Ираны цөмийн хөтөлбөрийн талаархи үйл ажиллагааны иж бүрэн хамтарсан төлөвлөгөөний талаар талууд энэ сарын 14-нд тохиролцоонд хүрч, байгуулсан юм. Түүхэн гэрээ хэмээн нэрлэгдээд буй энэхүү хөтөлбөрийн гэрээг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн гэрээний тогтоолыг санал нэгтэйгээр баталж, гэрээний заалтыг бүрэн хэрэгжүүлэхийг уриалсан байна. Гэрээг байгуулснаар Иран цөмийн хөтөлбөртөө хязгаарлалт хийж, улмаар барууны орнууд хориг арга хэмжээгээ аажмаар цуцлах юм. Аюулгүйн зөвлөлийн баталсан тогтоолын дагуу Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой үйл ажиллагааг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг шалган гаргасан тайланг Аюулгүйн зөвлөл хүлээн авсны дараа Иранд авсан хориг арга хэмжээг цуцлах аж.
Хойд Солонгосын Гадаад хэргийн яам мөн өдөр мэдэгдэл гаргаж “Ираны цөмийн асуудлын гэрээгээр Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Хойд Солонгос цөмийн зэвсгээ царцаах болон цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх сонирхолгүй байна" гэжээ. Энэ нь Хойд Солонгосанх удаагаа Ираны цөмийн асуудлаарх гэрээний талаар албаны байр сууриа илэрхийлсэн явдал боллоо. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Ираны цөмийн асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн нь Ираныг олон жил хүчилсний үр дүн юм. Үүний дүнд хориг арга хэмжээг цуцалж байгаа нь гэрээг хүлээн зөвшөөрөх үндэс болсон. Харин Хойд Солонгосын нөхцөл байдал Ираныхаас өөр. Хойд Солонгос цаашид ч цөмийн зэвсэгтэй улс хэвээр байх болно” гэжээ. Хойд Солонгосын цөмийн зэвсэг эзэмшиж буйг тэрээр АНУ-ын цөмийн аюул занал болон дайсагнасан бодлогод хариу өгч, улс үндэтснийхээ тусгаар тогтнол болон оршин суух эрхээ хамгаалж буй үйлдэл хэмээн тайлбарлажээ. Хэрэв Америк Хойд Солонгос улсад дайсагнах бодлогоо үргэлжлүүлэх юм бол Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй байх эрхэм зорилгоо өөрчлөхгүй гэлээ.