1939-1945 онд үргэлжилсэн дэлхийн хоёрдугаар дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэ дайнд дэлхийн улс орнууд хоёр хэсэгт хуваагдсан нь холбоотнууд болон тэнхлэгийнхэн байсан юм. Дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Дайнд 60 гаруй сая хүн амь үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв. ЗХУ 27 сая орчим хүнээ алдсан нь тус дайнд үрэгдэгсдийн тал нь болжээ. Нийт хүний хохирлын 85 хувь нь холбоотнуудад (ихэнхи нь ЗХУ ба Хятад), 15 хувь нь тэнхлэгийнхэнд ногдоно. Дайны нийт өртөг 1944 оны ханшаар 1.6 их наяд ам.доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.
1939 оны есдүгээр сарын 1-нд Адольф Гитлер, нацист намаар удирдуулсан германчууд Дэлхийн I дайнд алдсан газар нутгаа эргүүлж авахаар ЗСБНХУ-тай байгуулсан нууц гэрээний дагуу Польш руу довтоллоо. Үүний хариуд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Франц есдүгээр сарын 3-нд Германд дайн зарласан юм. Дайны эхлэлийн өөр нэг он тоолол нь бол 1937 оны долдугаар сарын 7-нд эхэлсэн Хятад-Японы дайн билээ. Зүүн Азид өрнөж байсан Хятад-японы хоёрдугаар дайн болон Европт өрнөж байсан Европ, түүний колони орнуудын хоорондох Европын хоёрдугаар дайн 1941 онд нэгдсэнээр дэлхий дахины томоохон зөрчил үүсч, 1945 он хүртэл үргэлжилсэн билээ.'
Дайн эхэлсэн өдрөөс Монгол Улс ЗХУ-ын холбоотон болохоо зарлаж, Зөвлөлтөд туслах өргөн хөдөлгөөн орон даяар өрнүүлсэн. Энэ хөдөлгөөнд монголын иргэн бүр идэвхийлэн оролцож тухайн үеийн ДНБ-ийхээ 50 хувийг фронтод илгээж байсан гэдэг. Дайны үед Монгол нь Хорлоогийн Чойбалсангийн коммунист засаглалд удирдуулж байсан.
1939 онд Хятадын хойд зүгт байрлаж байсан Японы цэргүүд Зүүн Монголд халдахад Монгол-Японы хоорондох тулалдаан эхэлсэн. Үүний хариуд Георгий Жуковаар удирдуулсан ЗСБНХУ, БНМАУ-ын хамтарсан хүчин япончуудыг бут цохиж, үүний үр дүнд Япон улс БНМАУ-ын “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал” гэгчийг хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурав. Энэ дайнд 78 монгол хүн амь үрэгдэж, улсаас 200 гаруй сая төгрөгийн хохирол гарчээ. Энэ үеэр нийт 594 мянган япон цэрэг олзолсны 12318-ыг нь монголчууд олзолсон гэдэг.
Эх орны дайны жилүүдэд монголчууд Оросын улаан армид зургаан ээлжээр, галт тэрэгний 11 цуваа бэлэг явуулсан байдаг. Дэлхийн II дайны үеэр фронтод хандив цуглуулах үйл ажиллагаа орон даяар өрнөж, мал, мах, арьс шир түүхий эд, хувцас хунар, бэлэн мөнгө, алт зэргийг хандивлав. Зөвхөн 1942 оны эцсээр Москвад 236 вагон галт тэрэгний дөрвөн цуваа бэлэг хүргэж өгөхөд нэхий дээл, эсгий гутал, үстэй хантааз тус бүр 30 мянган ширхэг, хүнсний зүйл 600 тонн байсны дотор 27 мянга шахуу зээрийн мах байв. Монголчууд бэлнээр 2.5 сая төгрөг, 100 мянган ам.доллар, 300 кг алт өгснөөр “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг 53 танктай, түүний дотор 32 алдарт Т-34 танктайгаар байгуулсан нь Зөвлөлтийн танкын Гвардын I армийн бүрэлдэхүүнд орж тулалдсаар Берлин хүрчээ. Нийт бэлэг нь 53.5 сая төгрөг,300 орчим кг цэвэр алт болж, худалдсан барааны өртөг нь 400 саяд хүрчээ.
1935-1945 онд монгол төрийн зүгээс батлан хамгаалалтад их анхаарч 80 мянган сайн дурын морьт цэргийг элсүүлж, Орос, Монголд энэ төрлийн мэргэжилтнийг олноор бэлдэж, Оросоос 100сая гаруй рублийн зэвсэг худалдан авчээ.