Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” нэртэй хиймэл дагуултай боллоо. Тодруулбал, сансрын хиймэл дагуулыг ашиглан өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг газрын байршил үл хамааран Монгол орны өргөн уудам бүс нутаг даяар чанартай, шуурхай хүргэх боломжтой болжээ.
MONGOLSAT-1 хиймэл дагуул нь 12x27 мега герцийн багтаамж бүхий техникийн хүчин чадалтай аж. Энэхүү хиймэл дагуулын төхөөрөмжийг малчид, тариаланчид, уурхайчид, хилийн бүс нутагт оршин суугаа иргэд, аялал жуулчлалын гол нутгуудад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болон гэр бүл, хүүхэд залуус ашигласнаар томоохон төвлөрсөн хот, суурин газруудтай ижил төвшин өндөр хурдтай, найдвартай, онцгой хямд үнээр олон төрлийн ижил үйлчилгээг авах, зарим тохиолдолд интернэт, 100 телевизийн суваг, 100 МВ өргөн зурвасын үйлчилгээг үнэгүй хэрэглэх боломжтой юм байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Нийслэлийн захын дүүргүүд болон орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэд энэ сансрын холбооны, телевизийн, интернэт бусад хөгжилтэй орнуудын жишигт хүрсэн хэмжээнд үйлчилгээг авах боломж бүрдэж байна. Ингэснээр өргөн уудам нутаг дэвсгэрт ажиллаж амьдардаг иргэд, аж ахуйн нэгжүүд интернэт, телевиз, сансрын холбооны үйлчилгээг өнөөгийн байгаа төвшнөөс харьцангуй өндөр хурдтай, хямд үнээр авах бололцоо бүрдэж байна" гэлээ.
"ABS" компанийн гүйцэтгэх захирал Том Чой, ““MONGOLSAT-1 Монголын ард түмэн хийгээд мэдээллийн дэд бүтцийн салбарт дэвшил хөгжлийг авчрах үйлчилгээ үзүүлэх боломжтой хиймэл дагуул юм. Энэхүү хиймэл дагуулын тусламжтайгаар алслагдсан аймагт амьдарч буй иргэд сансрын антен хийгээд төхөөрөмжийг худалдан авснаар үнэ төлбөргүй зуун телевизийн сувгийг үзэх боломжтой болно. Мөн өндөр хурдны өргөн зурвас бүхий үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа” гэв.
МОНГОЛСАТ-1” дагуулыг ашиглаж эхэлснээр интернэтийн хэрэглээний үнэ одоо байгаагийнхаас 50 хувь хямдарна. Монгол орны аль ч газар нутагт ашиглах боломж бүрдэнэ. Түүнчлэн гар утасны хэрэглээнд чанарын хувьсгал гарна. Илүү чанартай, өндөр хурдтай, хоёр дахин хямд хэрэглээгээр хангагдах юм гэдгийг онцоллоо.