Хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог асуудал бол хөх нь зангирах явдал байдаг. Тиймд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өгч буй зөвлөгөөг хүргэе.
-Эхийн хөх яагаад зангирдаг вэ?
-Эхийн хөхөнд сүү орох үед хөх томорч, бага зэрэг хүндэрч хөндүүрлэдэг. Мөн хөх зангирах магадлалтай. Энэ нь ихэвчлэн төрсний дараар 3-5 дахь хоногт тохиолддог. Гэхдээ түүнээс хойшхи хугацаанд тохиолдохыг үгүйсгэхгүй.
-Эхийн хөх зангирахад ямар шинж илрэх вэ?
Эхийн хөх сүүгээр дүүрэхэд хөх орчмын арьс нь толийж татагдана.
Эхийн хөхөнд хүрэхэд хатуурсан байна. /хамрын үзүүр, эсвэл духанд хүрч байгаа мэт/
Эхийн хөхний толгой хавтгайрч, хүүхэд үмхэхэд бэрхшээлтэй болно
Эхийн хөх халуун эмзэг болно.
Суганы булчирхай цочиж, хөндүүрлэж болно.
-Хөх зангирахад ямар арга хэмжээ авах вэ?
1.Өвдөлтийг бууруулахын тулд:
Хүүхдийг хөхүүлсний дараа хүйтэн бигнүүр тавина. /хүйтэн гель, савласан мөс/
Хавантай хэсэгт цэвэрлэсэн байцааны навч тавьж болно. Байцааг нэг удаад 20 минутаар өдөрт 3 удаа тавина.
Эрүүл мэндийн ажилтнаас зөвлөгөө авна.
Шингэн зүйл хангалттай ууж, тэжээллэг хоол хүнс идэж, сайн амрах хэрэгтэй.
2.Хөхийг суллаж, сүүний гарцыг сайжруулахын тулд:
Эхийн хөхний нөсөөт хэсгийг тойруулан дарж чинэрэлтийг багасгана.
Сүүний гаралтыг дэмжихийн тулд хөхүүлэхийн өмнө бүлээн алчуураар бигнүүр тавина.
Хөхүүлэхийн өмнө болон хөхүүлсний дараа эхийн хөхний нөсөөт хэсгийг тойруулн зөөлөн иллэг хийнэ.
Хөхүүлсний дараа хөхийг зөөлөн сааж суллана.
Ойр ойрхон олон удаа хөхүүлнэ.
-Эхийн хөх зангирахаас яаж урьдчилан сэргийлэх вэ?
Эх, хүүхдийг арьс арьсаар нь шүргэлцүүлнэ
Хүүхдийг төрсний дараа 1 цагийн дотор ангир уургийг амлуулна
Хүүхдэд эхийн хөхийг зөв үмхүүлнэ
Хүүхдийг өдөр шөнийн аль ч цагт хүссэн үед нь аль болох олон удаа хөхүүлнэ. /хоногт 8-12 удаа/
Эхийн сүү оруулагч бүтээгдэхүүн болон бусад хоолоор хүүхдийг хооллохгүй байх
Саасан сүүгээр хооллохдоо зөвхөн аяга халбага хэрэглэх. Угж хөхөлт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Анхааруулга: Хэрвээ 2 ба түүнээс олон хоног халуурвал халдвар авсан байж болзошгүй тул эмчид үзүүлэх шаардлагатай.