Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүрх судлалын кабинетын эмч нарын зөвлөснөөр цусны даралт ихсэлтээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдээллийг хүргэж байна.
Артерийн гипертензи буюу цусны даралт ихдэлт нь манай улсад төдийгүй дэлхий нийтэд насанд хүрэгчдийн дунд хамгийн их тархсан архаг эмгэг юм. Сүүлийн үед цусны даралт ихсэх эмгэг улам залуужсаар байгаа бөгөөд үүнээс болж цус харвах эрсдэлд орж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тийм учраас цусны даралт ихэсдэг хүмүүс хоол хүнсэндээ дор дурдах 4 төрлийн хүнсний ядаж 3-г нь өдөр тутамдаа хэрэглэж хэвшвэл даралт ихдэлтээс үүдэлтэй эрсдэлд хүргэх магадлалыг бууруулдаг байна. Үүнд:
Тослог багатай сүү хэрэглэснээр та кальци болон Д амин дэмийн хэрэглээгээ бүрэн нөхөж чадна. Сүү нь даралт ихсэлтийг 5-10 хувиар бууруулдаг.
Бууцай нь организмаас илүүдэл хог шаар, хорыг гадагшлуулахад тусалдаг бөгөөд фолийн хүчлийн агууламж өндөртэй. Энэ ногооны бас нэг тустай тал нь капилляр судсыг бэхжүүлж, судас хатуурлын эсрэг үйлдэлтэй учраас цусны даралтыг бууруулах нөлөө үзүүлдэг.
Наранцэцэгийн үр нь мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд чухал хэрэгцээт Е амин дэм, никотины хүчил, кали, магнийн эх үүсвэр юм. Хавдарын эсийн хөгжлийн хурдыг сааруулах үйлчилгээтэй мөн Арьс, үс, хумсны гоо сайхан болон эрүүл байдлыг дэмжинэ.
Улаан вандуй нь илчлэг болон тослог багатай бөгөөд уургийн эх үүсвэр болдог ба биен дэх сахарын төвшинг барьж биеийн жинг тогтмол байлгах гол нөлөөтэй. Мөн вандуй нь уураг ихээр агуулдаг тул хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэхэд өсөлт хөгжилтөнд нь таатай нөлөө үзүүлдэг байна. Мөн цусны даралтыг тэнцвэржүүлж, зүрхэнд сайн нөлөө үзүүлдэг.
Нас. Нас ахих тутам судасны уян хатан чанар зүрхний үйл ажиллагаа алдагддаг тул даралт ихсэх хандлагатай байдаг.
Удамшил. Удамд нь даралт ихсэлттэй хүн байвал өвчлөх магадлал 2 дахин ихэсдэг.
Хүйс. Эрэгтэйчүүд 35-55 насанд ихэвчлэн даралт нь ихсэж эхэлдэг. Эмэгтэйчүүдийн хувьд голдуу цэвэршсэний дараа цусны даралт ихэсдэг.
Таргалалт. Биеийн жин 1кг-аар нэмэгдэхэд цусны даралт 2мм Нg-ээр дээшилдэг байна.
Тамхидалт. Никотин нь цусны даралтыг ихэсгэж, титэм судсыг агшааж судасны ханыг гэмтээдэг.
Стресс. Стрессийн үед судас нарийсгах үйлдэлтэй бодисууд цусанд их хэмжээгээр үүснэ. Мөн зүрхний цохилтыг түргэсгэж артерийн даралт ихсэхэд хүргэнэ.
Өөх тосны хэрэглээ. Нүүрс ус, өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэх нь цусан дахь өөх тосны хэмжээг ихэсгэж, судас хатуурлыг хурдасгахаас гадна бусад дагалдах өвчний үндэс суурийг тавьдаг.
Давсны хэрэглээ. 32 орны ЗС-ы 52 төвд эрэгтэй, эмэгтэй нийлсэн 10079 хүнийг хамарсан хүн амын судалгааны үр дүнгээс үзэхэд 25-55 насны хүмүүст ЦД-ын өсөлтийн хэмжээ давсны хоногийн хэрэгцээ 100 ммоль-оос доогуур байхад 9 ммМУБ-аар бага байжээ.
Амьдралын хэв маягийг өөрчлөх
Хорт зуршлыг арилгах /Тамхинаас гарах. Никотины зүрх судасны тогтолцоонд нөлөөлөх хор уршгийг ойлгуулах / цусны даралтыг ихэсгэж, титэм судсыг агшааж, судасны ханыг гэмтээдэг/
Тамхинаас гарах аргуудыг сонгох / сэтгэл зүйн болон зүү эмчилгээ, никотин орлуулах бохь, наалт хэрэглэх /Архи хэтрүүлэн хэрэглэснээс зүрхний булчин хордож, титэм судас агшиж, хүчилтөрөгчийн дутагдалд хүргэдэг хор уршгийг таниулж, архины хэрэглээг хязгаарлах
Биеийн хөдөлгөөнийг идэвхжүүлэх, жинг бууруулах
Сэтгэл зүйн сөрөг хүчин зүйлсийг арилгах
Цусны сахар, холестриныг хэвийн хэмжээнд барих болон дагалдах эмгэгүүдийг эмчлэх
Биеийн болон оюуны хэт хөдөлмөрийг зохицуулах
Өөртөө тохирсон биеийн тамирын дасгал хийх нь зүйтэй
Хоолны дэглэм сахих. Үүнд: Хоолыг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, Амьтны гаралтай өөх тос буюу ханасан өөх тос агуулсан хүнсийг хязгаарлах, Хоол хүнсэндээ жимс ногоог ахиу хэрэглэх, Давсыг аль болох бага хэрэглэх, Кофены хэрэглээг багасгах
Артерийн даралтыг тогтмол хянаж байх
Артерийн даралтыг тогтмол байлгах нь зүрх судасны өвчинг үүсгэх эрсдэлийг багасгана.
Артерийн даралтыг бууруулах эмийг тохирсон тунгаар тогтмол хэрэглэх